Саяхан даа, нэгэн сэтгүүл гүйлгэн харж байтал нэг л танил өрнөл, үйл явдалтай өгүүллэг анхаарал татсныг гүйцээн уншвал Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сормууниршын Дашдооров зохиолчийн “Энх улирал ханхлахад” хэмээх алдартай өгүүллэгийг зохиолын гол баатар, цаг хугацааг өөрчлөн орчин үед оруулж тэр чигээр нь хуулан бичсэн байхыг хараад жигтэйхэн дургүй хүрч, уур ч хүрэх шиг, сэтгэлгээний ядууралд орсон тус сэтгүүлийн редакц, “зохиогч” нэртэй хулгайч нар, тэднээс илүүтэй шинэ өгүүллэг гэж бодож уншиж буй уншигчдыг өрөвдөх ч шиг.
Угтаа энэ өгүүллэг нь бидний сайн мэдэх Москвагийн кино их наадмын тэргүүн шагналт “Нар хиртсэн жил” киноны эх зохиол юм. Дашдооров зохиолчын намтар, уран бүтээлтэй http://dashdoorov.com хуудсаар танилцаж болох тухай өмнө нь би бичиж байсан санагдана.
“Улааран байгаа тэнгэрийн хаяа” өгүүллэг сэтгэлд орж, гарч явсаар Google-с хайлт хийж үзтэл зохиолчын “Түүвэр өгүүллэг” бүрэн эхээр гарч ирсэнийг ихэд олзуурхан олж авлаа. Уг түүвэрт дээр дурдсан өгүүллэгүүдээс гадна “Үрт амьтан”, “Бууж мордох хорвоо” “Хатан туулын ус” “Морин жим” зэрэг Монгол ахуйг хөнгөн бийрийн үзүүрээр хүний сэтгэлийг хөвсөлзтөл зураглан буулгасан олон сайхан өгүүллэг багтсан байгаа нь уншаагүй нэгэнд бүү хэл уншсан нэгэнд чухаг “олдвор” болохоор санагдана.
“Энх улирал ханхлахад” туужийг бүрэн эхээр оруулав. “Түүвэр өгүүллэг” номыг уншихыг хүсвэл энд ороод уншаарай.

ЭНХ УЛИРАЛ ХАНХЛАХАД
Улаанхүү гэртээ ирээд хоѐр хонов. Эхний өдөр ч яахав таван жил шахуу уулзаагүй эх, эцэг, хүү гурвын баярт учрал болж, арайхан бор гэрээ дээш дэгдээн хөөргөсөнгүй шуугиан болжээ. Улаанхүү гаднаа чимээгүй ирж, гэр уруугаа гэтэн сэмхэн орж очсон тул ааруулын хэлтэрхий амандаа хүлхэн хонины нэхий хүр хүр хэдрэгдэж суусан аав нь онгорхой үүдээр Дэлгэрхангай уул нүүгээд орж ирэв үү гэсэн янзтай гэнэт орж ирсэн хүүгээ том харснаа,
- Хүүе, энээ…хүү…гэж дуун алдаж, элдэж байсан нэхий, хянгар хэдрэг юугаа өвөр дээрээсээ унаган, хормой хотоосоо нэхийний хальс, хужир шүүний нунтаг сэлтийг бужигнуулан босон харайж, хоѐр гараа сунган тэмүүлжээ. Тэр чимээнээр гэрийн баруун талд, тулга тогоо тавиурын хооронд налайн хэвтээд зүүрмэглэж байсан эжий нь гайхсан янзтай өндийн нойрмог нүдээр өвгөнөө харснаа бас л босон харайж, хормойгоо гишиглэн үг дуу ч үгүй хүү уруугаа зүтгэжээ. Тийн эх, эцэг хоѐр Улаанхүүгийн хацрыг булаалдах шахан үнсэж, хэн хэн нь баярын нулимс мэлтрүүлэн асгаруулав. Улаанхүү ч нүд хуурай байсангүй. Үзтэл, тэд бие биенээ машид их санасан байлаа. Улаанхүү аав, эжий хоѐроо нулимс цийлэлзсэн нүдээр сэлгүүлэн харж, ганзагалаж ирсэн ганц цагаан баадантай юмаа барьсан хэвээр үүдэн хоймор зогсон азнатал эжий нь,
- Хүү минь чи дуугараач… Чи минь мөн үү? Аль би зүүдэлж байна уу? гэж хоолой зангируулан өгүүлснээ дахин тэвэрч авчээ. Аав нь нулимсаа арчин, хүүдээ хоймор уруу гарах мөр замынх нь юмыг цэгцэлж, хэдрэг нэхий сэлтээ эмхлэн авч,
- Ийшээ, ийшээ… гэж гэрийн хоймор руу залан бөвтнөж байлаа. Эл баярын нулимс, жаргалтай инээд, баясал бахархлын шуугианы дараа тулган дээр яаруу тавьсан ширмэн тогооны хангинасан, түүн уруу үйж буй усны чимээ, сандруу нүдэх уур, нүдүүрийн авиа доргион залган авчээ. Тэр өдөр, эх хүү эцэг гуравт эхлээгүй яриа ховор, тэгснээ дууссан нь бас цөөн, хий л бөөн шуугиан болж өнгөрөв.
Тоймтойгоос гэвэл, Улаанхүүгийн тархи толгойд аав нь өглөө хонины зээрд эвшээж байсныг, эжий нь үдийн цай пор пор дуутай буцалсныг хөөрч, тэр бүгд хүү ирэхийн тэмдэг совин байжээ хэмээсэн яриа лавтай үлдсэн байлаа.
Улаанхүүгийн мэдээ орсон цагаас нь хойш холдож үзээгүй өнөө л Булуугийн худаг ус бараадан ганц гэрээрээ л байгаа аж. Аав нь аанай л хавийн улсын арьс нэхий элдсэн хэвээр, эжий нь бас л тэмээний өвдөг ноос, зогдроор утас ээрч гартаа сувин, ноосонд өртсөн харгана, бутны өргөс, өвс сэлтийг шүдээрээ түүн, уруул дээрээ урлагтайхан нь аргагүй бөөн бөөнөөр нь наалдуулан энгэр уруугаа тургин хаясаар л аж төрөн байгаа аж. Сайн ажвал, аавынх нь зулайн үс шингэрч, эжий нь санчигны нь үсэнд хэдэн гурван цагаан үс буусан байлаа. Хонь малаа болгоовол өсөөд ч нэг их гавьсагүй, хорогдоод ч нэг их цөөрсөн юмгүй багцаандаа л байгаа бололтой. Харин үс зүс сайн мэдэх хонь ямаа цөөрсөн харагдана. Хоѐр дахь өдрөөс нь Улаанхүү хэдийн хийдэг хөдөө нутгийн ажилдаа оръѐ хэмээн үүр цүүрээр босож, аавынхаа хонины зээрдийг барин ирж өдөр нь хонио Булуугийн худаг уснаа усалж, саалийн үеэр эжийдээ ямаа зуузуулан барьж өгч бас аавдаа нэгэн хоѐр нэхий нухан зөөлрүүлж өнжив. Буйд газар ганц гэр тэднийхээр хүн ч үл буух аж. Малын сүү, аргалын утаа ханхалсан бор гэртээ өмднөөсөө бусдыг тайчин нүцгэн тэрийж хэвтэх аятай ч юм шиг гэснээ нэг л хөл татруу, чимээ шуугиангүй ахуй уйтгартай ч юм шиг санагдах ажээ.
Тэгээд “Маргаашнаас ойр хавийнхаа овоо толгой дээр ч болов гарч, нэг хоѐр айлаар бууя байз” гэж бодон унтсан дүр үзүүлэн, явган орон дээрээ ханын шийр харан хэвтэж байтал аав нь гаднаас орж ирээд,
-Хүү унтаа юу? гэж шивнэн асууснаа, -Чи бид хоѐр хүүгээ муу хүндэлж байна шүү. Үүнээс хойш ор дэрий нь засаж өгч бай. Аяганд нь цайгий нь хийж барьж өгч бай гэх дуулдав.
Улаанхүү нүдээрээ инээмсэглэн чих тавив. Гэтэл эжий нь,
- За чи л хичээ. Юу болчихоов гэж уцаарлангуй асуухад,
-Хүү, хүү биш болсон байна шүү. Төр улсын цэрэг болж, дайсантай дайтаад, шан хишиг-одон тэмдгий нь хүртээд ирсэн байна шүү дээ. Төр засаг хүндэлж байхад төрсөн эх эцэг нь даанч дээ хө. Хэдэн жилийн цагаан сарын бурхны боов л хадгалснаас өөр чи бид хоѐр юу авч тавив даа. Хөл дүүжлэх нэг унаа ч аваад тавих ухаан хүрсэнгүй дээ гээд их л харууссан янзтай өгүүлж байгаа сонстов. Эжий нь,
-Чи л өөрөө… Хүний хүүхдийн өмнөөс халуун бууны ам уруу хүүгээ явуулчихаад…тэгээд унах унаагүй урвайгаад сууж байдаг хэн байдаг юм бэ? гээд ууртай янзтай дуугарах байдлаас нь сонсвол, лав ээрүүлээрээ чичлэн байгаа бололтой. Аав нь битүү санаа алдаад, - Тэнэг байна аа бид! Эр хөдсөн дотроос гэж үнэн юм даа. Уг нь би хүүгээ газар үзэг. Яльгүй давлиун зангаа дарж аваг…гэж л бодсон юм гэх нь дуулдав. Ийн өгүүлээд гаансныхаа үмхүүрээр баруун завжаа тулан газар шагайн суугаа болбуу гэж Улаанхүү бодов.
Тэгээд энэ хоѐр маань “Юун ч сүр хөл болох юм билээ” гэж дотроо инээд алдан мишээж, “Гочоо зааных хаана байдаг бол?” гэж өөр юм бодов.
Тэгээд гэрийн хаяагаар сэм сэмхэн үлээх талын агь таана ханхалсан алхийг үнэртэн, хотондоо налайх хонины шир шир хивэх, ганц нэг ямаа малын босож холхих хөлийн шивэр авир чимээ, алс талд янцгаах адуу малын омголон дуун сэлтийг чагнан Дэнсмааг бодсоор байлаа. Дэнсмаа ер ямар болоо бол? Уурганы ѐзоор шиг өндөр хүүхэн байсансан. Өнөө улаан дурдам алчуураа зүүн нүднийхээ дээр цэцэглэж зангиддаг хэвээрээ байгаа болбуу? Шанаа уруу унжсан алчуурын нь үзүүр чанга чанга инээхэд нь дэрвэн хийсэх шиг болдог сон. Этгээд чанга инээдэг сэн… Хажууд нь байгаа шаазан аяга янгинатал инээдэгсэн…Тэр сайхан инээдий нь сонсоход зүрх баясан аяндаа догдолдог сон гэж Дэнсмаагийн тэр инээдийг сонсож байгаа мэт амаа ангайн инээмсэглэж нүдээ гялалзуулан хэвтлээ. Тэгээд, тээр жилийн явдал цэрэгт мордсоноо дурсан бодов. Гочоо зааных гэдэг олон хонгор адуутай айл. Улаанхүүгийнхтэй малын бэлчээр нийлэх газар буужээ. Улаанхүү тэднийхнийг тав өнжөөд амны ус Ар шандаас авдгийг, усандаа Дэнсмаа гэх өндөр хүүхэн дандаа явдгийг мэдэж, нэгэн удаа ээлжий нь тааруулан эзэнгүй худаг дээр отон хүлээж, Дэнсмаатай анх нүүр учирчээ.
Түүнээс хойш, гурван тэмээ торх тоодон тэгнээстэй гулалзуулан алхалж ирэх Дэнсмааг харуулдан хад овоонд ан отсон ангуучин шиг сууж, тосон очих, эсвэл худаг дээр хүлээн суудаг байлаа. Эл уулзалт ерийн болж, Улаанхүү ус ховоодон Дэнсмаад хувин савы нь дүүргэн өгч буян үйлдэж, тэмээнд нь бас тэгнэлцэж ачна. Тийн байхдаа Улаанхүү өөрийнхөө хайр сэтгэлийг илчлэх утгаар Дэнсмааг хань хамаагүй хүнтэй холбон шоолж, хариуд нь Ар шандын өмнө Дулаан байц цохиог цуурай хадтал хөхрөх Дэнсмаагийн инээдийг сонсон баясдаг байлаа. Нэгэн бол сэрүүцэх нэрээр ховоотой ус бие бие уруугаа цацан хөөцөлдөж сэтгэл тэнийн жаргадаг байв.
Заримдаа хоѐул толгой нийлүүлэх шахан онгоцтой усанд хоѐр биесийнхээ дүрийг дуугүй ширтэн инээмсэглэж, шүлсээ гуд гуд залгин сууна. Эсвэл, худгийн амсар дээгүүр эргэлдэх шар цоохор эрвээхийн тухай шивнэлдэн, “тэр нислээ”, “тэр буулаа”, “ус ууж байна” гэхчлэн мэдээжийн юмыг бие биедээ тайлбарлан ярьж саатдаг байлаа. Хааяа бас хамаг хувин торхоо усаар дүүргэж тавьчихаад, хоѐр хормойгоо зөрүүлэн өөд өөдөөсөө харан сууж, чулуу таалцан наадаж, сүүлдээ хэн хэнийгээ булхайцлаа хэмээн хөгжилтэй наадаанаа уйдан огоорч, бие биеийн мөрийг түшин бодол болж суудаг байв.
Ингэж суухад зөвхөн хоѐр зүрх л далдуур амрагийн халуун үгийгшивнэж, салж сарнишгүй утсаар бөхлөн холбож байх шиг байдаг байлаа. Улаанхүү Гочоо заанаас үхтлээ айна. Жилийн өмнө сумын наадмаар билээ.
“Барилдах бөхийн тоо дутаад байна, чи үзэхгүй юу” хэмээн нэгэн найз нь Улаанхүүгийн нэрийг хөлийн сайдад бичүүлчихсэн нь нэгийн даваанд Гочоо заанд оноогдон очжээ. Улаанхүү малын бэлчээр дээр хааяа үеийн нөхөдтэй ноцолдон явсан атугай ч наадмын дэвжээн дээр гарч байсан нь үгүй тул дээл хувцастай тэр чигээрээ араасаа түлхүүлэн гарав. Гочоо заан суран ногттой хүрэн зулагтай монгол гутлаараа тоос бужигнуулан гүйж гаруутаа, засуулаа ганхуулан урт сайхан гараа асрын орой дээгүүр цухалзтал дэвэн хараа дээгүүр Дэлгэрхангай уулын оройг ширтэсхийн дэвснээ засуулынаа өмнө мэхийн малгайгаа авахуулав. Улаанхүү өвдөг чичрэн өрөхчөө болж байтал
Гочоо заан дүүхэлзэн ирж урт гараа сунган мөрөн дээрээс нь шүүрэн авч өөр уруугаа татав. Нэгэн мэдэхүл Улаанхүү, зааны бүдүүн гуяар нь тэвэрчихсэн, ганц хөл дээр нь тоос манарган түрэн гүйж байлаа. Наадамчид хашхиралдан, малгайгий нь ѐс болгон барьж гарсан засуул өвгөн, “Мөн!
Мөн! Өргөөд бай” гэх нь дуулдаж, Гочоо заан газар унасан байлаа. Наадамчид хөгжилдөн хөхөж, Улаанхүү заанаас тахимаа авах гэж инээмсэглэн очвол, зааны царай ширэм мэт харлан барайж нүд нь уурласан бухын нүд мэт алаглан эргэлдэж байна. Улаанхүү айн айсаар дөхөн очвол, гэнэт ухасхийн ирж, Улаанхүүгийн мөр тахим хоѐр дээрээс базан авч өвс мэт дээш өргөж газарт хаяснаа гуд татан босгож тахимаа өгөөд хөлийн майхан тийш гүйн оджээ. Улаанхүүгийн толгой маналзан аманд нь цус амтагдах шиг болж гуйван явж асраас боорцог авч, эрээлжилсэн олон улаан цагаан толбо мэт харагдах наадамчид уруу цацсан болоод олны дунд оржээ.
Гочоо заан ч тэр дороо наадам орхин оджээ. Хоѐрын даваанд Улаанхүү барилдсан ч үгүй нэг хүнд бууж өгчээ. Сүүлд үзвэл, Гочоо зааны гар хүрсэн мөр тахим хоѐрын нь арьс хурууны нь ороор улайн халцарч хэд хоног хорсон зовоож, бас нутгийн хэдэн тохитой өвгөн, Улаанхүүг “Ах захаа алдсан тархи” хэмээн зэмлэжээ. Сонсвол, Гочоо заан хүмүүст их л гутрангуй “Миний барилдах хөг ч өнгөрөх шиг байна. Ишигний шийр шиг нэг муу хүү гараад ирэхээр нь дээл хувцсы нь урчих вий гээд цэрвүүхэн бариад авсан чинь муу чөтгөр чинь харин өргөөд хаячих нь тэр…” гэж ярьж явсныг дуулаад инээд хүрэхийн зэрэгцээ гэмшин хулчийж явжээ. Гэтэл нэг удаа
Дэнсмаа ус аваад ирэхдээ хи хи хөхөрч, “Чамайг аав гөлөг гэдэг юм байна билээ” гэснээ “Аав чи бид хоѐрыг мэдсэн байдаг шүү. Цаад “гөлөг”-өө гүү барихад ирээрэй гэж хэл гэсэн. Чи ирэх үү” гэжээ. Гөлөг гэдэг үг их доромж муу үг байвч Дэнсмаа тэр үгийг өхөөрдсөн өнгөөр хэлсэн тул гомдсон ч үгүй.
Ер нь дотроо их л баярлаж, “Очно” хэмээн ам өгчээ. Тэгээд сэтгэл хөөрүү гэртээ давхин ирвэл, Улаанхүүгийн амьдралыг хөрвүүлсэн явдал болоод байлаа. Юу вэ гэвэл нутгийн баян Санж мал олон, ам бүл гурвуул, бүл чадал хүрэлцэхгүй байна хэмээн гачигдал тоочиж, Улаанхүүг ганц хүүгийнхээ өмнөөс ацаг авч цэрэгт явж өгөхгүй юу гэж гуйж ирээд байж байлаа. Аав нь ч хоршоод хонь, нэг ат ацагт авч хүүгээ цэрэгт явуулъя гэж зөвшөөрөөд байжээ.
- Хүү минь бодол болж гуних хэрэггүй. Цэргийн алба гэдэг чинь эр хүний хаадаг алба. Тойрч гарахгүй дайрч хийх алба. Гутарч гуньж болохгүй хийморь санд чинь муу. Аавын бийд газар үз гэсэн үгтэй юм…Миний хүү эрвэлзэж яваад ир гэж аав нь сургамжлан сургаж, Улаанхүү ч аавын үгийг хууль лугаа адил бодох тул татгалзсангүй. Яг Гочоо зааныхыг гүүгээ барих өдөр сумын төвөөс унаа унан, үеийн нөхдийн хамт цэрэгт морджээ.
Дэнсмаатай ч уулзаж чадсангүй. Цэрэгт явлаа ч гэж хэл хүргүүлсэнгүй. Харин хэзээ ч билээ нэг удаа ус авахаар ирэхдээ, худгийн хүйтэн ус толгой уруугаа хийлгэн урт хүрэн үсээ угааж байхдаа, Дэнсмаа үсний сам олдохгүй юм гэж байсныг л санаж, “түүний нь би авчирч өгөх юм шүү” гэж л бодоод давхиж явжээ. Тэгээд аймгийн төв ирүүтээ хоршоонд орж, хэзээ хэрхэн яаж эргэж уулзах нь тодорхой бус авч Дэнсмаад нэгэн малтмал хуван сам, нүүрний бяцхан дугуй толийн хамт авч, өдий болтол хадгалан явсаар иржээ.
Улаанхүү ийм юм дурсан санаж хэвтэв. Тэгснээ, цэргийн нөхөд нь бүсгүй хүний сам сэлтий нь харан шоолж, “Эхнэрийнхээ ч юм уу, сэтгэлтэй хүүхнийхээ үсний нь үнэр шингэсэн самы нь аваад ирсэн юм. Түүнээ үнэрлээд уйлж байдаг юм” гэхчилэн тоглож наргидаг байсныг дурсан санаж инээмсэглэсхийв. Тэр бэлгийн юмаа аав ээжийгээсээ нуун, цаасанд боож гэрийн дээвэр завсар хийснийг ч бодож маргааш түүнээ аваад л Гочоо зааны уруу явъя. Тэднийх ер хаана байгаа бол? Дэнсмаа арай хүний эхнэр болоогүй байгаа…гэж бодон бодсоор нэгэн мэдэхүл нам унтжээ. Тэгтэл хаа нэгтэйгээс тожир тожир дөхөх морин төвөргөөн ойртож байх шиг чихний нь дор түжигнэн сонстов. Ус худаг зорьсон адуу мал цуварч яваа юм уу даа гэж бодон, түрүүчийнхээ бодлыг үргэлжлүүлэх санаатай байтал, хоѐр ч юм уу, гурван ч юм уу морин төвөргөөн гарч хайр чулуу шидлэн ойртож гадаа нь ирэв. Тэгснээ,
- Нохой хорь оо хэмээн чимээ өгөхий нь сонсвол, хазгар Оргой найзын дуу байлаа. Улаанхүү нөмөрсөн дээлээ хуу татан хаяж өндийтөл, Оргой ч инээсээр дээр доор гишиглэн орж ирэв. Тэгээд,
- Алив тэр одон тэмдэг ярайлгасан хархүү хаана байна? хэмээн чанга өгүүлэн тулганы хажуугаар алхлан ирж, Улаанхүүг тэврэн авч хөхрөв. Тэгээд, сайн явсан эсэхийг лавлан, бие бялдар лут махалж, чийрэгчиж торнисныг гайхан, би үнэн хэлж байна уу? гэсэн мэт аав, эжий хоѐр руу нь инээн тэдний сэтгэлийг баясаан өрнүүлэв. Оргой цай идээ ч амссангүй
“Алив тэр одонгоо үзүүлээч гэм. Ер нь бос. Би чамайг ирж гэнэ гэж өнөө өглөө дуулаад…Морь аваад ирсэн…Босноо….Явна…Манайхаар очно” гэж давхцуулан өгүүлэв. Тэгээд хоймор бурхны нь авдар дээр тавьсан одон зүүлттэй дээлий нь аван дэнгийн гэрэлд гэрэл зураг үзэж байгаа юм шиг наац цааш болгон, “Сайхаан, сайхан. Би чиний өмнөөс баярлаад байнаа…
Яриач… Яаж байлдаж явав? Дандар баатартай ч танилцаа биз дээ. Алаг морь нь ч нисдэг юм гэх шиг билээ. Сэлмээ эргүүлэхдээ дайсны сумыг таллаж хаяад байдаг юм гэх шиг билээ. Чи тэгж сурав уу? Олон дайсан унагав уу?” гэж олныг давхцуулан өгүүлж байлаа. Хартал тэр үнэхээр баярласан нь ил, шийхэр хар нүдээ гялалзуулан түргэн түргэн чавчлан инээсээр суулаа. Улаанхүү, найз нь ийнхүү зориуд хүрч ирсэнд магнай тэнийн баярлаж, хатуу хайрцагтай тамхиар дайлж, дээлээ нөмрөн хажууд нь суув.
Оргой аанай л инээсээр, мөр булчийнгий нь барилан бахархаж,
“Яриач дээ түүхээ. Баатар болж дөнгөсөнгүй юу?” гээд нүүр өөд нь гэлжийн харж суув. Аав нь ч хүүгийнхээ найзыг бахархан,
- Гэмгүй сайхан нөхөр гэдэг ийм сайхан…гэж суулаа. Оргой тамхиа эв дүйгүйхэн дэнгийн галаас асааж,
- Яриач! Би гэдэг хүн азгүй амьтан… Хөлтэйсэн бол бас цэрэгт яваад ингээд ирж байхгүй юу? Эх орныхоо төлөө яваад… Эрдэм ном сураад… гялалзаж явахгүй юу? Энэ муу хөлөөс л ганц болж байгаа юм. Цэрэг татлага болгоноор гологдоод… гэж яриа дэлгэхэд Улаанхүүгийн эжий,
- Нээрэн л тэгнэ дээ. Цовоо хүн дээ…гэж дэмжив.
Оргой багадаа наадмын морь унаж яваад, мориноос ойчиж хөл түнхээ хэмхэлсэн тул насан турш ийн тахир дутуу болжээ. Гэлээ ч морь уургалахдаа адтай, булгидаг моринд гарамгай ажээ. Оргой тамхины утаа орсон нүдээ нухлан,
- За ярь…гэж өөдөөс нь ширтэн бахархсан янзтай тэргүүнээ гэлжийн эрүүгээ өргөн хүлээв. Аав, эжий хоѐр нь ч гэсэн хүүгийнхээ байгуулсан гавьяаг дахин тов тодорхой сонсох хүсэл сэтгэлийг нийлүүлж шавдуулав.
Улаанхүү олны өмнө гарсан мэт толгойгоо нэгэнтээ илбэж, харцаа тогтоосон юмгүй тулганы хасаг уруу чиглүүлэн, “Тэр жил Гочоо зааныг л унагасан шиг санаандгүй юм болсон юм” гээд ийн өгүүлжээ.
- Бид Халхын гол уруу дөхөж байлаа. Байн байн дайснууд манай хил уруу өдөөн хатгаж, эрэл сурлын хүний дүрээр ч юм уу, аянчин жинчин болж тагнуул орж ирдэг болжээ. Манай морьт анги морин маршаар хөдөлж, агтчин бид хойноос нь гарлаа. Анх би олон адууны хөл гэдэг их хортой юм даа гэж бодож байлаа. Яагаад тэр вэ гэж чи асуу. Салхинд ганхсан сайхан сахлаг өвсөн дундуур туугаад л гарахад, үндсий нь гартал л давтчихаж байгаа юм шүү дээ. Тэгсэн чинь биш ээ. Дайнаас аюултай юм байхгүй байх… Олон хүн, олон морь, машин техникээ бид алдсан даа… За тэгээд их Мэнэнгийн талыг туулан цаашилж явтал…нөхдийг яриаг сонсвол Халхын гол дөхөж байгаа гэлцэнэ.
- Нар төөнөсөн айхтар халуун ч өдөр байлаа. Хүн малгүй л ангаж цангаад, царай даран явж байлаа. Тэгтэл зүүн зүгээс нэг онгоцны дуу гарч төдий л удсангүй бараа нь тодров. Бид “Энэ хэний онгоц вэ?” “Халхын гол хүрээгүй байхад дайсны онгоц ингэж нэвтэрч ирмээргүй юм даа?” гэлцэн адуугаа аажуухан урагшлуулж явлаа.
Агт маань дар дар тургилан өлөн тоос босгон их талд урагшилж явав. Гэтэл биш ээ. Өнөө онгоц чинь доошилж ирснээ нэг бөмбөг хаяадахлаа шүү. Адууны маань хошуунд шахуу нөгөө бөмбөг нь дэлбэрч сүрэг маань тал тал тийшээ бут үсрэв. Дараа дахин хэд хэдэн бөмбөг унаж дэлбэрлээ. Тоос утаа…адуу мал унгалдан явцгааж, нөхөд маань ч хашхиралдаж байна. Би агтныхаа урд жигүүрт явсан юм. Ойр байгаа нөхдөө харвал буцаж үргэсэн адуутайгаа л давхиж явна. Зарим нь хэдийн буучихсан морио хэвтүүлж аваад хэвтчихэж. Би буугаа мөрнөөсөө мултлан авч, галт сум хүхээнд нь хийж авуут дээшээ харлаа. Өнөө гайхал чинь толгой шүргэм шахуу доошилж л байх шиг л санагдлаа. Айж сандарснаас л тэгж харагдсан байх. Тэгээд л баахан агтан дунд л давхилаа. Тэгээд “Үгүй эр хүн байна, буудвал буу байна. Үзээд алдвал яасан юм” гэж бодогддог байна шүү. Тэгээд л мориныхоо давхианд дээш нь нэг буудаатахлаа.
Оносонгүй. Дахиад л замгаа түлхэж аваад, пульмѐтоор шүршиж доошилж ирэхэд нь ахиад нэг буудлаа. Тэгээд л морин дээрээ давхиад байлаа. Тоос манарган давхиж байгаа сүргийн хөлөөс гарч, морио хэвтүүлэн буудъя гэж бодон, дахин нэг харвал өнөөх чинь утаа савсуулаад л зүүн хойшоо явж байна. Тэгэхээр нь мориныхоо амыг эргүүлж аваад хойноос нь хөөлөө. Тэнэг л байгаа юм шүү. Тэнгэрт яваа онгоцыг газарт мориор хөөж байдаг. Тэгээд харсан чинь өнөө онгоц маань тэртээ гүвээн чанадад гал утаа савсуулан унах шиг боллоо.
Баярласан ч гэж жигтэйхэн. Бас байлдвал ч чадмаар юм шиг бодогдож байна. Ингэж л нэг онгоц унагасан…Агтчин хүн чинь тэгээд, дайсантай улаан нүүрээрээ уулзахгүй юм л даа. Байгуулсан гавъяа гэвэл ердөө л энэ. Үүнээ би онц юм боллоо гэж санаагүй. Устгах л ѐстой юмаа устгасан гэж бодож байсан даа.. Тэгээд тарж бутарсан адуугаа цуглуулан хэдхэн хормын зуур болж өнгөрсөн энэ явдлыг нөхөдтэйгээ нийлэн хөөрөлдөж, бүгд эсэн мэнд гарсандаа баясалцан бие биенийгээ ээлжлэн гар дээрээ шидэж, бөмбөгөнд өртсөн хориод агтандаа харуусан цаашилсан.
Харин тэгтэл, өнөө онгоц унагасны маань командлалаас сайшаан хөхүүлж засгаас шагнасан нь энэ.
Улаанхүү ийнхүү ярьж, түрүүнээс хойш өвөр дээрээ хүүхэд мэт дээлийг нь эвхэн одонгий нь шохоорхон үзэж байсан Оргой уруу харав.
Оргой толгой сэгсрэн шагширч, “Ай сайхан, сайхан. Гялалзаж л явж…За хө, журмын найз минь, одоо ингээд явнаа… Манайд очно. Зуны шөнө богинохон. Мөд үүр цайна биз. Үүр цайв уу үгүй юу мордоод давхчихъя. Би ч чамайг дуудахгүй бол хэн дуудах вэ? Чи манайд очихгүй бол хэн очих вэ?
Муу найз чинь өөрийн гэсэн нэг гэр овойлгож байгаа…Нөгөөдөр өглөө барина” гээд оч бадарсан нүдээ гялалзуулан Улаанхүү уруу харж өчив.
Аав нь хүүгийнхээ дайтаж явсан түүхийг давтан сонсож, бахархсан янзтай тамхиа шунаг сорж, гаансаа шуухитнуулан байв. Эжий нь хүүдээ улам ойртож, хүүхэд мэт толгойгий нь нэгэнтээ онгогоор илбэв. Тэгээд хоѐр хөгшин, хүүхдүүдийнхээ ярианд саад болоод яах вэ гэсэн мэт унтахаар хэвтжээ. Улаанхүү, Оргой хоѐул суусан хэвээр дэнгийн гэрэлд хүйтэн цай залгилан, тавагтай идээн дээрээс ааруул аван мэрж, ойр зуурын юм хүүрнэлдэн байтал үнэхээр Оргойн хэлснээр үүр шөнийн болжмор жир жир жиргэж, төдөлгүй өрхий нь бүтээгээгүй тоонон дээр манхан хөх тэнгэр мэлтийв. Оргой нэгэнтээ тооно өөд хялсхийн харж,
- За хэлээгүй юү? Үүр ч манхайтлаа цайлаа. Одоо явнаа… Чухам баяр дээр баяр болж байх шиг байна…гээд босож гарахаар завдан хандтал, Улаанхүү сая санасан мэт,
- Хөөе! Оргой! Чиний галы чинь асаах хүнийг хэн гэдэг юм бэ? Би таних юм уу гэвэл, Оргой үүдэн тушаа эргэн зогсож,
- Чи таних болбуу, үгүй болбуу? Гочоо зааны дунд охин Дэнсмаа гээд гарав.
Улаанхүүгийн хэл татах шиг болж, чих шуугин зүрх нь хүч алдах шиг палхийв. Оргойг гадаа гарч морио харж, морьдынхоо тушаа сэлтийг нягталж болгоогоод, - За эмээл чинь хаана байна? Эртхэн гараад давхичихъя гэсээр орж иртэл хөдөлсөн ч үгүй. Тэгээд, Оргойг дээр доор гишгэлэн дэвэлзэн ирж, хажууд нь суухад Улаанхүү,
- Дэнсмаа их чанга инээдэгсан... Хэвээрээ юу гэвэл Оргой загатнасан газар нь маажсан мэт амаа том ангайн гэдийж цаанаа их л өхөөрдөж бахархсан янзтай,
- Хээ хэлээд яахав. Ширмэн тогоо хагартал инээдэг юм шүү гэв. Улаанхүү өөр юм хэлсэнгүй, зөвхөн дотроо “Таван жил болж шүү дээ, салаад бид таван жил болж… Ядахнаа би захиа бичиж ч байсан биш дээ…” гэж бодож суулаа.
Юундаа ч гэж Дэнсмаад гомдох билээ. Яалаа ч гэж, Оргой найздаа атаархах вэ? гэж бодоход амьдрал дурлалыг сарниулсан дайныг л үзэн ядах сэтгэл цээж дүүрчээ. Гэрийн гадаа морьд хазаарынхаа амгайг тор тор хэмлэн, үүрийн шувууд жиргэж байлаа.
Өгүүллэг нь ч зураг нь ч гоё юм.
ReplyDeleteХэхэ, энэ зургийн нэр нь "Билчээр дээр" гэсэн. Блогынхоо дизайныг өөрчилсөн, уншихад хэцүү байна уу?
ReplyDelete