Skip to main content

Дурсамж: Морьтой холбоотой

Унаа морины нуруун дээр анхлан хэзээ гарснаа санадаггүй ээ. Бүр багадаа лав гарч байгаагүй. Мэдээ ортлоо хөдөө бараг очдоггүй байсан, анхлан хөдөө очсон маань ээжийн нутаг л байхда. Жил болгон аав ээж бид нар өвөө, эмээдээ золгох гээд урагшаа Гучин руу явна. Манай ээж тэндэхийн охин байгаам.

Тэр үедээ ганц хоёр удаа морины нуруун дээр гарсан болов уу, яасан бол.

Сайн санаж байгаагаас 3 настайдаа билүү тоомсог шиг өндөр хээр моринд өшиглүүлээд гэрийнхээ хаалганы хажуугаас гудамжныхаа гол хүртэл нисч чангаар бархирч уйлж, тэр чимээнээр гэрт байсан хүмүүс шуугилдаж гарч ирж байсан нь морьтой холбоотой анхны дурсамж.

Хамгийн сайн санаж байгаа нь манай гудамжны багын найзынд нэг бор морь байсан юм. Тэрэнтэй цуг явж байгаад мань хүн намайг морин дээрээ мордуулаад, өөрөө хөтөлчихсөн явж байсан морь нь үүлийд хөлөө хийж аюул болох шахаж байлаа. Би урагш бараг годройтож, бүүрэгнээсээ зуурч тогтоод, нөгөө хүү маань хөтөлж явсан цулбууртаа татагдаж хойшоо савж унах шахаж хоёул үнхэлцэг хагарах шахсан амьтан үнс царайлаад нэг хэсэгтээ дуугарч чадахгүй байж билээ хэхэ.

Тэр жилдээ тэднийх нөгөө бор морио хулгайд алдаж, хойтон жил нь аймгийн ойн баяраар хурдан морины уралдаанд нөгөө бор морь нь дээгүүр давхиж ирж байсан гэсэн. Эзэн нь гэсэн хүнтэй уулзтал, би худалдаж авсан, зарсан хүнийг нь мэдэхгүй гээд мэлзээд яаж ч чадалгүй өнгөрсөн гэж байсан юмдаг.

Тэгэхээр би хурдан морь унасан байгаа биз? хаха. 

Морь унаж чадахгүй, мэдэх ч үгүй хүн чинь анх хөдөө гарсан жилээ өвс хадах гэж явахад хүний хүүхдийн ард сундалдаж, бөгсөн дороо юу ч хийлгүй яваад орой нь хонгоо холгож ирээд маргааш нь босохгүй өнжиж байсымдаг хаха.

Дараа нь манайх морь авчирч манайхан унаад байхад би угийн морь унах дургүйдээ болоод зугтаана, явган явахыг илүүд үзнэ. Хөдөө малаа авч гараад ч ялгаагүй. Харин унага татахдаа бол сайн байсан шүү. Өглөө унага барьж уяна, өдөр татаж саалгана гээд. Гүү, унага мэтс нь ч надаар татуулахдаа дуртай хэхэх. 

Манайд нэг эхийгээ гурван жил хөхсөн том шүдлэн байсан тэрийг барьж уях их хэцүү. Унага, даага байхад нь ногт нь толгойд нь шигдэж холгоод айхтар ороо болчихсон. Тэгээд зөвхөн ногтныхоо унжиж явдаг үзүүрээс л бариулна. Тэгж бариулна гэж бараг байхгүй ээ. Хүн амьтан олон байвал ороолоод ойртуулна гэж үгүй. Зэлэн дээгүүр харайна, шургана, ардаас нь очвол юу ч байсан хамаагүй хага дайраад зугтана. Харин би оролдож байгаад ганцаараа барьчихдаг байсан юм.

Эхийг нь зэлнээс уячихаад хоёр гартаа баахан хомоол бариад нөгөө шүдлэнгээ зэл рүү шахна. Тэгээд ухарч зугтаах гэхээр нь хомоолоо шидэж үргээнэ, урагш зугтах гэхээр нь ч ялгаагүй. Тэгээд өөрөө эхийх нь араас гэтсээр байгаад хүзүүн доогуур нь нөгөө шүдлэнгийхээ ногтноос хулгайгаар барьж авна. Олон ч удаа хуруугаа мултлах шахтлаа угзруулж, хумсаа урж байсан. 

Тэр шүдлэн надад бүр дассан, танихгүй хүн, айлын эрчүүдийг ойртуулахгүй. Ивэлгэж татахад надтай маажилцах гээд шүдээ тачигнуулаад, би ч адилхан шүдээ тачигнуулаад хэмлэж байгаа болоод даланг нь баахан маажиж, малтана. Тэхээр миний нурууг гайхсан янзтай үнэрлээд хошуугаараа үрж өгдөг байсын хэхэ.

Тэр шүдлэнгээ олон жил эхийгээ хөхсөн бие томтой их сайхан азарга болно гэж байгаад би азарга тавиулсан ч цус ойртох гээд байсан шалтгаанаар аавын хамаатын дүү худалдаж авна гэж авч яваад тэр чигтээ хулихдаад хөлсийг нь өгөлгүй авчихлаа гэсэн. Их л гоё азарга болсон гэж хүмүүс ам дамжиж ярьж, яах гэж айлд өгсийн гэдэг байсан даа.

Манай ээж намайг явган Ганбат шиг бадарчин, морь уна гээд байхад үгүй гээд явган гүйчихдэг, морь унахаараа яг Орос шиг л дэнхэг дэнхэг гээд гэж шоолно, Ганбат гэдэг нь хонь хариулдаг ах. Бас л морь унах дургүй ах шиг байсан.

Өглөө адуундаа хүртэл явган гүйгээд адуугаа хураадаг л байлаа хохо. Гэхдээ мэр сэр морь унанаа. Даанч дэндүү бүтэлгүй. Насандаа хурдалж давхиж бараг үзээгүй байх. Давхиж эхлэнгүүт нь бүүрэгнээсээ зуурч тогтоод амыг нь татаад алхана, шогшино. Харин хатирч морьтой бол хатираад л явчихна шүү. 

Бүтэлгүй унаач юм чинь дэндүү сайн "унаж" чадна. Уургач мориор адуундаа явах гэтэл эмээллэж чаддаггүй, гэртээ ганцаараа байсан болохоор гайхаж байснаа зайдан мордохоор шийдэж оролдож байгаад нуруун дээр нь гартал ганцхан бусгаад шидчихсэн хаха. Гэрийхнээ ирэхээр хэлсэн чинь юу ярьж байгаа юм угаасаа ерөөсөө зайдан унадаггүй, сургачихсан морь гэсэн штэ гээд.

Дараа нь нэг номхон хонгор мориор гүүгээ хурааж ирэх үү гэхээр яршиг, би алхаад явлаа гэж гараад алхаж байснаа гэнэт залхуу хүрээд буцаж ирээд уяан дээрээс нөгөө морийг нь тайлаад мордох гэтэл эмээлтэйгээ цуг холбирч унаад, эмээл морины гэдсэн дор орж бусгаж булгиад дажин болсон хэхэ. Тэгсэн олом жирмийг нь суллачихсан байж л дээ. Тэрийг нь би мэдэхгүй шууд мордож нтр хаха.

Тэр хонгор морийг манай азарга үзэхгүй, хазна, дайрна, хэмлэнэ. Унаад гүүгээ эргүүлэх хооронд азарга дайрч би дэмий л орилж, морь маань унгас алдаж бусгаж давхиад сүйд болох шахаж байсан юм. Тэгээд л айгаад унахгүй.

Хааяа азаргаа унахаар нөгөөх чинь намайг тоохгүй, гүүн дээрээ очоод нуруун дээрээ намайг суулгаж байж элэг бариад байдас дээр харайх гэж оролдоно. Тэр ч мөн аймаар шүү бараг сүнс зайлчихдаг, орилхоос өөр юм хийж бараг чадахгүй ээ хэхэ.

Нөгөө номхон хонгор морио элэг барьж хүн амьтан дуурайж уурга тулаад морддог хүн болтол яг  эмээл давах болтол баруун хөлөө уургандаа тээглүүлээд хаагуур нь давуулахаа мэдэхээ байчихсан. Дэмий л тулж мордсон уургаа өшигчиж түчигнүүлж байтал морь үргэж ухасхийхэд арагшаа тэрий хадалгүй яахав хэхэ. 

Энэ мэтээр л морь унадаг хүн байгаам. 

Comments

  1. Би л ганцаараа морь унаж чаддаггүй бас авьяасгүй гэж бодсон бас надтай адилхан хүн байдаг юм байна :)

    ReplyDelete
  2. Хаха, байна штэ. Гэхдээ яаж ч муу унасан Монгол хүн юм чинь морьтойгоо доо хэхэ.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...