Номын сар орсон өдөр...
Номын сан сэлүүхэн байгаад баярласан, уншигчийн кодоо хийгээд орох гэтэл өөдөөс огт танихгүй бацаан бандийн зураг гарч ирж, сандарч... утсаа гарган кодоо харж... оруулж, зургаа харж мөн байна... би байна, хөөрхий минь гишүүнээсээ хасагдчихаагүй байна гэж "өхөөрдөн" баярлаж нэвтэрсэн өдөр...
Ороод үйлчилгээ нэг л өөр болсныг анзаарсан ч юу гэдгийг оноож чадалгүй өөртөө үйлчлэх танхим руу зүтгэж, номын санчид "саатуулагдсан" өдөр...
Өөрөө унших номоо сонгож авч, өөрөө электрон картандаа бүртгэж, олгогчид өгч бичүүлэх биш цаасан дээр бичиж, түүнээ номын санчид өгч, номын санч эгч цаашаа гүйж... удаж... удаж... тэр хойгуур ийш тийш хараачилж ангайж... номын сангийн интернеттэй компьютерүүд бүгд ашиглагдаж байгааг харж... ашиглаж байгаа бацаанууд ном унших биш фб-р тэнэж... тоглоом тоглож... РС тоглоомын газар шиг болсныг анзаарч... дотроо харуусаж... дургүйлхэж... тэгж тэгж номын санч эгч ирж... номоо бүртүүлж... надгүйгээр пин код өөрчлөгдснийг номын санч эгчээс дуулж... дахин бүртгэл хийлгэж... гарч... гараад үүдэнд номоо талонтойгоо тулгаж шалгуулж... үйлчилгээ нүсэр болсон ч юм шиг... харанхуй болсон ч юм шиг... гэвч номын санч эгч нарт баярласан өдөр...
Хотын гудмаар алхалгүй удснаа мэдэрч... хаа нэг газар орж суумаар санагдаж... номоо уншмаар санагдаж... жихүүдэс хүрч даарч байгаагаа мэдрээгүй царайлж... УИД-ын өмнө явган хүний гарц нэмэгдснийг гэнэт мэдэж... соёлыг гайхаж... гарцаар хүмүүсийг оройлон бахдалтай нь аргагүй гарч... гарсан хойноо гэрлэн дохиотой гарц байсныг... улаан гэрлээр нь гарснаа анзаарч... өөрийгөө муучилж толгой сэгсэрмээр аядсан өдөр...
Өлссөндөө биш автобусны задгай мөнгөгүйдээ бүхэл мөнгөө задлуулахаар хуушуур авч... төдийлөн дуртай бишээр "цааш харуулж"... номоо гарган уншиж... хүмүүсийн харцнаас бишүүрхэж... хув хуучин хавтастай... бүр номын сангийн тэмдэглэлтэй ном уншиж байгаад учир нь байна гэж өөртөө итгүүлж... харандаа цаас нийлүүлэн... А plan... B plan... C plan... ойрын хоёр... гурван жилийн төлөвлөгөө бичиж... түүнд ихэнхидээ аялах төлөвлөгөө... очих улсын тоо 20 давж... сурах зүйлийн тоо 2 ширхэг... гаргах номын тоо 2 ширхэг... ганцхан хүний тухай 1 ширхэгийг плаандсан өдөр...
Ажлын Алтаа эгчийн охин тааралдаж... намайг таньж... зориуд ирж мэнд мэдэж... гэнэт тулгарсандаа тулгамдаж... олигтой үг хэлэлгүй явуулсандаа бачимдаж... тэврээд үнсдэггүй тэнэг толгой гэж өөрийгөө зэмлэж үлдсэн өдөр...
Автобус хүлээж... хүлээнгээ манай гэрт хүргэж өгдөг 1 ноймерын цорын ганц автобусандаа хичнээн хайртай вэ гэж өөрөөсөө асууж... хайртай гэж хариулж... удаж ирдэг ч ороод очиход хүн сэлүүхэн байдаг гэж давуу талыг нь тодосгож... ирэхээр нь баярлаж... сул суудал олдсонд бүр их баярлаж... дулаацахгүй ч гэртээ хүртэл даарахгүй явна даа гэхээр дуу аялмаар болж... нүдээ анин бодолд умбаж... ТБД андуудын өмнө үнэртэй усны сав шиг гэрэлтэй цамхаг нэмэгдснийг харж... лавлан харах гэтэл аль хэдийн өнгөрч... дахин бодлоо билчээж... буудал дээр буугаад алхсаар ирсэн өдөр...
хэхэ номын сангийн карттай болж авы байз
ReplyDeleteТэгээрэй хө. Ирэх 5 сараас гэрээр ном олгохгүй сурагтай байна лээ. Тэрнээс өмнө амжуулаарай
Delete