Гэнэт л онгод орсон аятай орой унтахын өмнө зоолттой нэг бичлэг сараачдаг болжээ хэхэ.
Энэ өдрийн бичлэг буузтай холбоотой.
![]() |
| Манай гэрийнхний өнгөрсөн жилийн цагаан сарын бууз. Энэ жил ногоон навч олж дор нь дэвсэж таваглаж үзнээ. |
Бууз хийлээ өнөөдөр. Бууз хийхээр гурил зуурагч, гурил таслагч гэх үү хэрчигч гэдэг юм уу эсвэл хэмжээ тааруулагч гэдэг юм уу тийм албанд, дээр нь нэмээд чимхэгчийн орон тоон дээр очноо. Ах туслаагүй бол мэдээж элдэгч хэхэ.
Шинэ жилийн үеэр энд тэнд хүмүүс шогшроод ероолгүй, тас хар бууз идлээ гэцгээж байсан манайх ч ялгаагүй навсайсан, ёроолгүй бараг ус дусалсан бууз идсэн. Харин энэ удаа Цесна аваад бууз хийтэл шал өөр байна.
Ээж "Аа за, гэртээ ч Цесна авч байя байз" гэсэн гэхээр Алтан Тариагийн хэрэглэгчийн тоо лавтай 2 өрхөөр буурлаа гэж.
![]() |
| Ерөнхийлөгч сүү өргөж баярлаж эхэлсэн 2012 оныг угтаж хийсэн бууз Бодвол би чимхээ байлгүй битүү бууз байхыг харвал |
Цагаан сарын бууз хараахан биш гэхдээ 600 орчим бууз хийлээ. Цагаан сар хүртэл хэрэглээд цаана нь бууз үлдэх болов уу гэтэл ээж "ай мэдэхгүй ээ" гэнэ хэхэ.
За би бол буузанд төдийлөн дургүй байж байгаад өнгөрсөн жилээс овоо иддэг болсон.
Бага байхадаа дургүй байсаан. Цайны газар орвол өөртөө бууз хэзээ ч захиалж байгаагүй. Найзуудтайгаа орвол дундаа гуялах гэдэг дээ, хуваах зорилгоор гурав, дөрвөн бууз аваад тэрийгээ хачир болох цагаан будаатай хольж иддэг байсан. Хямдхан гэдэг утгаар.
![]() |
| Уур савсуулаад л намайг идээч, идээч гээд байна уу даа |
Жаахан байхад манайх буурай аавынхтай айл байсан учраас цагаан сар нүсэр хийдэг, 2 гэр бараг бүтэн үхрээр бууз хийдэг байсан байх шүү. Манайх лав 10-ийн гэдэг дээ том цагаан төмпөнг хэд хэд дүүргэж мах татаж, бууз хийж тэгээд тэр нь бараг шиний 3-ндаа багтаад дуусдаг байсан байх. Тийм л олон хүн ирдэг байж.
Буурай аавынхны хийдэг бууз амт гэж тасархай. Одоо санахад өвөө өөрөө амталдаг байсан юм болов уу. Гоньдтой, өөх багатай, хичнээн идсэн ч пологтдоггүй жимбийсэн хөөрхөн тийм бууз хөгшчүүдээсээ хойш дахиж амсаагүй юм байна.
![]() |
| Бага ахын маань сар шинийн баярын бууз |
Буурай ээжийг ямар бууз чимхдэг байсныг санах гээд чадахгүй юм. Харин буурай аав маань удаан ч гэсэн нямбайлан чимхсээр дугуй хэлбэртэй, урлагтай нь аргагүй, толгой нь жимбийсэн бууз чимхдэг, түүнийгээ тэгээд "ХОМБОН БУУЗ" гэж нэрлэдэг байлаа.
Хомбон бууз одоо дахиад таарвал амаа олохгүй иднээ. Манайхан буузаа "Сарнайн дэлбээ" гэдэг чимхэлтээр чимхэх дуртай. Ээж дуртай нь аргагүй чимхэнэ. Би тэрийг нь одоо ч ад үзнээ. Наад дарвайсан юм чинь хамаг шүүсээ алдаад асгачихдаг юм байна лээ яршиг гээд дургүйлхээд битүү зууван бууз чимхдэг. Дугуй бууз, сарнайн дэлбээ мэтийн буузыг идэхэд урамгүй байдаг. Жимбийсэн, битүү буузыг бол иднэ шүү. Маягтай байгаа биз? Бууз идэхдээ бас хэлбэр, гальбир харнаа энэ хүүхэн одоо хэхэ.
![]() |
| Ээжийн чимхсэн брэнд "Сарнайн дэлбээ" бууз нь |
Цагаан сарын бууз чимхэх гэж бужигнаан болдог тэ? Аав бол бууз гаргаж хөлдөөдөг орон тоон дээр очдог, бас элдэгч болдог байсан. Нутагтаа гэртээ бол орон дээрээ олон сонин давхарлаж байгаад, том том ааруулын модон тэвш өрж тавьж байгаад буузаа чимхээд байна. Бүх тэвш дүүрмэгц аав эхнээс нь авч гараад байшиндаа оруулж тавина. Дараагийн ээлжийн тэвш дүүрэхэд авч гараад түрүү ээлжийн буузнуудыг шуудайлаад тэвшээ оруулж ирнэ гэсэн дамжлага, эргэх хөдөлгөөнтэй байж. Тэвш дүүрэхийг хүлээж байгаад аав заримдаа залхуураад гараад салхилах юм уу унтаад өгдөг байсан байхаа.
Ах бас элдэгч болно. Бага ах элдэхдээ дуртай, сүүлдээ залхуу нь хүрсэн юм уу, мэргэжил нь хэтэрсэн юм уу гурилаа гурав хүчтэй нидрээд шидчихсэн гув гурвалжин юм болоод бид нар хэрэглэгчийн гомдол гаргаж байсан удаатай.
Ээж нэг удаа надад онгироод л би 15 төрлийн бууз чимхэж чадна гээд чимхээд. Тэгээд чимхсэн буузандаа өөрөө нэр өгөөд. Татаж унамаар нэр өгөөд, зохиогоод чимхээд байсан хажууд нь би элгээ хөштөл инээгээд. Тэгээд 10 гараад буузных нь төрөл дуусаа, гэхдээ ээж гүрийсээр байгаад дуусгасаан. Манай ээж чинь бас их шартай, бууж өгдөггүй тэрүүхэндээ хөөрхөн зальтай хүн шүү дээ.
![]() |
| Ээжийн чимхсэн домогт буузнууд. Зургийг нь аваад хадгалчихсан байсан нь энэ :) |
Айлд ороод бууз нь ямар амттайг амтлах бас сайхан ажил шүү. Гэхдээ би залуудаа сэжигч гэж жигтэйхэн байсан болохоор олигтой иддэггүй байсаан. Адууны махтай бууз амандаа ойртуулдаг ч үгүй байлаа. Одоо бол шал хамаагүй. Гурил ихтэй, өөх багатай, шүүс багатай бууз бол сайхан иднээ.
Ингээд бодохоор буузтай холбоотой дурсамж яасан ч олон юм. Буузгүйгээр монгол айлын амьдралыг, түүхийг, аз жаргалыг төсөөлөхөд хэцүү байх нь. Цагаан сарын бууз хийхдээ хууч яриа хөгжөөж, жил бүр шинэ шинэ дурсамж, хөгтэй явдлаар баяждаг гэхээр бүр ч утга учиртай буянтай хоол байх нь бууз гэдэг чинь, бурхан гончигсүм :)






бууз ч сайхан шүү .. би банш чанаж идсэн кэкэ
ReplyDeleteБанш нээрээ гоё оо. Бараг буузнаас амттай юм биш үү?
Deleteбүр бууз идмээр санагдчихлаааааааа
ReplyDeleteИдмээр санагдтал нь бичсэн бол сайн л байна шүүдэ хэхэ.
DeleteБуузаар бүтээл туурвиж, зэрэг хамгаалмаар хүн байшд. Яасан ч амттай харагдахымдээ.
ReplyDeleteХаха далд авъяас ингээд ил гарах нь энэ үү? Миний амталсан бууз ч салахын аргагүй гэж байгаа :D
Deleteneeree altan tarian guril estoi bishee, tsuivan ene ter hiiheer buur sonin nyaltsaigaad bi buur gaihaad bi l ingej sonin zuuraad bn u gesen altan tariadaa uchir ni baisiim bn shde
ReplyDeleteЦесна шал өөр байна лээ. Юун үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хараагаад дууссан байхаа Алтан тариа авсан улсууд.
DeleteСүүлийн хэдэн жилд анх удаагаа монголдоо очоод бууз идэж байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Бараг л амтагдаад үнэртээд байна штээ. Би өөрөө ч буузны хүн л дээ. Хоолны сонголт бол бууз хамгийн эхлээд. Тэр өвөөгийн бууз ммммм гоньдтой бууз ч гоё шүү. Энэ цагаан сараар гэртээ хариж иднэ дээ.
ReplyDeleteГоньдтой бууз жигнэж эхлэхээс л хорхой хүргэдэг тансаг амттан шүү. Цагаан сараар зөндөө олон бууз идээрэй гэж ерөөе! :)
Delete