Юунаас ч юм улбаалаад зарим нэг зүйлийн тухай бичмээр санагдлаа.
Оюутан ахуй цагтаа номын санд зузаан цэнхэр хавтастай ном бариад сууж байсан нь хамгийн сайхан цаг байжээ. Анх сурсан мэргэжлээ сольж дараагийн шат руу шилжих, одоогийн энэ мэргэжилдээ хайртай болох анхны алхам тэр үед тавигдаж байж. А.Тойнбийн "Түүх судлал" номыг олж аваад нээхэд өмнөтгөл бичсэн эрдэмтний ишлэл их таалагдсан, тэр нь "Хүн төрөлхтний түүх дорнодоос, ялангуяа монголчуудаас эхтэй учир нь тэнд төр байсан юм" гэсэн Г.Гегелийн үг. Сүүлд нь тэр номын редактор, өнөөх өмнөтгөлийг бичсэн эрдэмтэн нь миний багш болох хувьтай байсан нь бас сонин тохиолдол шүү.
Энд тэр номын тухай, монголчуудын төр, улсын тухай эсвэл багшийнхаа тухай бичих гээгүй л дээ. Зүгээр Монголчуудын бахархаж мэдэж явбал зохих ганц нэг юмны тухай л бичмээр санагдав.
Монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан өч төчнөөн хувь нэмэр дундаас техникийн соёлд оруулсан хувь нэмрийн талаар уншиж байснаа дурсая. Мэдээгүй нэг нь мэдвэл хэрэг болох байх.
За тэгэхээр "Чөдөр оньс" гэхчлэн байлдааны зэр зэвсгийг монголчууд анх сэдэж санаачилж байсан гэдгийг дуулаагүй хүн цөөн биз. Харин бидний өдөр тутам хэрэглэдэг, өмсдөг зүйлсийг анх санаачилж байсан гэж үздэг юм байна лээ. Жишээ нь өмд.
Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш өмд хийх ухаангүй явсан байх нь. Навч, өвс, элдэв ангийн үс, арьсаар өмнө хойноо хаалт хийдэг, урт дээл маягийн зүйл хийх ухаан байсан ч өмд хийх ухаан гартал бас хэдэн зуун жил өнгөрсөн байх л даа. Монголчууд анхлан ямаа зэрэг амьтны арьсыг нугалж битүүлээд хөлдөө өмсөж өмд болгож байсан тухай бичигдсэн байдаг.
Бидний өвөг дээдсийн зохион бүтээсэн бас нэг чухал зүйл нь Дөрөө
Спартак, бас Македоны Александр ч билүү тэднийг дүрсэлсэн янз бүрийн бүтээл зайдан морин дээр байгаагаар дүрсэлсэн байдаг гэдэг юм байна лээ. Энэ нь Европ, Америк бусад соёл иргэншлүүдийн дундаас Хүннү, Монголчууд л анхлан дөрөөг хэрэглэдэг байсан гэдгийг батлах бас нэг баталгаа. Тухайн цаг үед нь Монголчууд бол дөрөө хэрэглээд эхэлчихсэн байсныг янз бүрийн архелогийн олдворууд баталдаг. Дөрөө хэрэглэх ухаан гэж бас агуу шүү.
Дөрөөнөөс гадна монголчуудын сэдсэн техникийн томоохон дэвшил нь дүгүүр, төрөл бүрийн тэрэг байна.
Тэрэг гэхэд анх яаж сэдсэн бэ гэхээр балар эртний үетэй холбогддог. Эхэн үедээ балар эртний хүмүүс овор ихтэй юмыг яаж хөдөлгөх ухаанаа олохгүй явсаар чулуу зэргийг байрнаас нь өнхрүүлж хөдөлгөх ухаанаа олж, цаашлаад ганцаар биш олуул түлхэж өнхрүүлэх ухаанаа олж, бүр цаашлаад зарим нэг ухаантан нь модоор хөшиж хөдөлгөх ухаан олсон нь техникийн маш том дэвшил болсон гэж үздэг.
Энэ нь явсаар нэг л нартай сайхан өдөр хэн нь ч юм чухал нээлт хийсэн нь хоёр ижил хэмжээтэй дугуй зүйлийг холбож түүн дээр хүнд юмыг тавьж өнхрүүлэх ухаанаа олсон нь тэрэг хэмээгчийн эхний загвар болж таарнаа.
Санаж байгаагаа хуваалцахад ийм байна. Ямар нэг сурах бичиг сөхөж харсангүй санаанд үлдсэн зүйлээ бичсэн нь энэ. Угаас бидний өвөг дээдсийн хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг тоочиж баршгүй. Зөвхөн техникийн соёлд хамаатай ганц хоёрхон зүйлийг дурдлаа.
Comments
Post a Comment