Оршилд зөндөө үг бичмээр байгаа ч орхие.
Нэг жилийн өмнө Олимп үзээд ганцаараа цагийг хурдан өнгөрөөдөг байсан даа. Гэрийхэн хажууд байдаг байсан ч яваандаа ирэх нь ирж, лагер явах нь явсаар би ганцаараа үздэг болчихсон байсан.
Тэр үед Монголчуудыг баярлуулж, зарим нь харамсуулж, зарим нэгийг нь уйлуулж, бүр гомдоож уурлуулж байсан хүмүүс хаана юу хийж байгаа бол? Сураг ажиг тавьсан уу та нар?
Энэ бичлэгээ зураг оруулж бичье үү гэснээ нэг л зориглосонгүй хэхэ. Зураг оруулахаар арай л дэндүү бусдын хэрэгт орсон юм шиг, бусад руу буюу бичигдэж байгаа хүмүүс рүү довтолсон болчих гээд байна л даа.
Ихэнхи хүмүүс урлаг, соёл, спортын арга хэмжээнд дуртай ч цөөн нэг гутрангуй үзэлтэй, эсвэл тухайн үед уур нь хүрсэн байж таарсан "эсэргүү" нөхдүүд энэ урлаг, спортынхноор яадаг юм, улс оронд орлого оруулдаггүй, баялаг бүтээдэггүй гэхчлэн ихээхэн ад үздэг.
Урлаг, спорт, соёл үнэхээр баялаг бүтээдэггүй юу? Ингэж маргадаг хүмүүс тэдгээрийн үндсэн үүргийг нэг санавал зохино. Үндсэн үүргүүдээс товч дурдвал "алжаал тайлах" "сэтгэл оюуныг баясаан цэнгүүлэх" ...
Спорт, соёл ба урлаг юугаараа адил төстөй, юугаараа зөрөөтэй гэхчлэн яривал зөндөө юм гарна. Адил төстэй тал нь дээр хэлсэнчлэн хүмүүний сэтгэл оюуныг баясаан цэнгүүлэх бөгөөд үзэгч этгээдэд хэзээ ч эсрэг хар муу сэтгэгдэл төрүүдэггүйд байгаам. Дээр нь нэмээд хэлэхэд урлаг бол үзэгч, тоглогч хоёроос бүрддэг ба илүү нарийн зохион байгуулалт, урт удаан хугацааны хичээл зүтгэл, авьяас, чадвар, боловсон хүчин шаарддаг. Спорт ч мөн адил, гэхдээ тоглоомын төрөлд түлхүү хамаарах бөгөөд сонирхсон хүн бүр "тоглогч" болж аль нэг төрөлд нь биечлэн хамрагдах боломж урлагаас хавьгүй илүү байгаам.
Манайхны нэг муу зан нь сайн гэсэн хүнээ тухайн үед нь тэнгэрт тултал магтаж байгаад яваандаа мартаж, муу муухайг нь ухаж төнхөөд эхэлдэг, өө сэв хайгаад эхэлдэг болчихдог. Магадгүй тухайн хүнээс ч шалтгаалах зүйл нилээн байж болох ч аль болох харлуулж, гутааж байж санаа амардаг тамын тогооны үлгэртэй улс. Хэн ч билээ хэлж байлаа, шүтдэг, хүндэлдэг алдартай хүнтэйгээ танилцаад огт хэрэггүй байдым, танилцвал шал дэмий сэтгэгдэл төрөөд үлддиймдаа, биеэ тоосон пээдийсэн юмнууд байдаг юм билээ гэж хэхэ. Бардамнах бахархалтай хүн бардамнахад нэг хэцүү, байхад нэг хэцүү. Нөгөө дуугай явахаар донги гэнэ дуутай явахаар онгироо гэнэ дундуур явахаар өмхий гэнэ гэдэг шиг л. Манайханы ихэнхийн хандлага нэг иймэрхүү л болов уу. Яаж харьцвал тухайн хүнд таалагдахыг би лав мэдэхгүйн, Од хүний зовлоон гэж.... харьцахад нэг буруутна харьцахгүйд нэг буруутна.
Жилийн өмнө Лондонгийн Олимпоор Монголчуудаа баярлуулж байсан хэдэн тамирчнаа тухайн үед амаа олохгүй дээр доргүй магтаж байсныг хүн бүр мэднэ дээ. Гэвч ганцхан жил өнгөрөнгүүт ихэнхийг нь муу муухайгаар хэлж яриад дууссан, хэлүүлж яриулах юм ч хийгээд дуусцгаасан юм уу даа хэхэ.
Урд жил миний блог дээр бичигдэж байсан тамирчид жилийн дараа миний "өнцгөөс" хэрхэн бичигдэх вэ????
Сэр-Од: Олимпийн тугчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн лам төрхтэй залуу. Лондонгоос хойш сураг алдарсан гэж болох ч саяхан нэг удаа Азийн нэгэн томоохон марафоноос алт авсан тухай чих дэлссэн шүү. Хүнд спортоор хичээллэдэг, бэлтгэл хийх орчин нөхцөл тааруу болов уу даа. Сайтуудад Олимпийн тугчаар сонгогдсны дараа ямар ч сүргүй, царай муутай, гандуу гэхчлэн гоочилсон голсон сэтгэгдлүүд мэр сэр байсан. Тэр үед Монголд бэлтгэл хийх битүү цэнгэлдэх байх биш, гадаа гандаж, хөдөө хөхөрч улсынхаа нэрийг мандуулах гэж гоо сайхандаа анхаарах завгүй л байгаа биз гэж дотроо өмөөрч л байсан хэхэ. Яагаад ч юм урд төрөлдөө их номтой ламын дэргэд шавилж байсан ядуу лам байсан байхдаа гэж бодогдоод байдын хэхэ.
Мөнхтуяа: Сураг алдарсоон... хүүхэд гаргах болсон гэж шар мэдээн дээр нэг хальт гарсан байлуу даа. Олон жил гар хөлөө муруйтал бөхөөр барилдаж зүтгэж, зүтгэснийхээ хариуд медалийн оосроос атгаад алдахад надад лав их л харамсалтай байсан. Өмнөөс нь харамсаж байлаа. Хэдийгээр Олимп гэж бүх юмны шалгуур биш ч гэсэн... Спортыхныг гэр бүлсэг, улсын мөнгөөр хамт гадаад зугаалдаг, хормой султай, хоорондоо дээр доргүй явалддаг гэхчлэн муулахад заавал нэр хавчуулагддаг "азгүй" бүсгүй. Хөөрхөн төрөхийн зовлоон гэж....
Ням-Очир: Нэрийг нь тогтоож чаддаггүй ээ энэ залуугийн. Дугуйрсан өтгөн хөмсөг, жартгар нүд, тагжгар шүд хамгийн гол нь халзандуу толгой, зөндөө үс нэг хүнд яаж "цугларсан" болохыг бодоод олдоггүй, ойлгодоггүй хаха. Ингэж хэлэхээр бас л муу муухайг нь ухаж төнхсөн болж байгаа байхдаа, яанаа. Эхнэр нь харин их сайхан бүсгүй байна лээ, нээрээ энэ хоёрыг яагаад ч юм нэг зүүдэлж балласаан. Ням-Очир дэвжээний захад уран нугаралт хийж үзүүлээд, эхнэр нь болох бүсгүй санаа нь зовсон янзтай гараас нь чангаагаад байна гэж зүүдлээд сэрээд ганцаараа үхтэл инээж байсан. Саяхан Чингис Хаан Гранд Прикст алтын төлөө нөгөө хэнийг сайхан цэвэр ялж намайг нэг баярлуулсан залуу.
Батцэцэг: Түүний тухай бичсэн эсэхээ санахгүй байна. Гэхдээ медаль авч монголчуудаа баярлуулсан юм чинь. Олмипоос ирээд удалгүй жирэмсэн эмэгтэйг зодлоо гэж шуугисан, тэгсэн жирэмсэн эмэгтэйг үздэг эмчийг зодсон болж таараад чимээгүй болсон уу яасан. Энэ бүсгүй барилддаг ч хаа очиж цаанаа л нэг эмэгтэйлэг, эршүүд хирнээ энхрийлэг төрх нуугдаад байдаг санагддаг шүү надад. Хөөрхөн бүсгүй, байгаагаараа л их аятайхан охин.
Төгсцогт: Өө цаадах чинь бүр томроод "нисээд" намайг ч тоохоо больсон, цаашлаад энийг уншиж байгаа таныг тоохоо больсон, бүр уншихгүй байгаа хүмүүсийг ч тоохоо больсон хаха. Худлаа ярьдаг хүний хамар сунаад Буратино шиг болдог гэсэн үү яасан? Саяны хэдэн өгүүлбэр бичингүүт миний хамар лавтай бага зэрэг сунасан байх шүү. За хадуурлаа. Миний хувьд тэр бол Монголын Жастин Бибер. Юугаараа ч юм адилхан санагдаад байдаг. Их хөөрхөн хүү гэж боддог дэмждэг байлаа, байлаа ч юу байхав одоо ч дэмждэг Фэйсбүүкийх нь шороон түмэн "дэвүүр"-үүдийх нь нэг би. Шал хүүхдээрээ байж хиймэл шүд зүүдиймуудаа гэж бодогдоод байдаг гэж байгаа. Улс төр хөөж, агаа нартайгаа хөл нийлж "хийсч" давхиж олон түмний дургүйг нилээн хүргэдэг болоо юу гэж санасан. Залуу хүүхэд засраад тэгж байгаад байр сууриа олох байлгүй дээ.
Мөнх-Эрдэнэ: Эртээ урдын цагт....Эмгэн сарыг залуу цагт, Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг дов байхад "таньдаг" хамтдаа шороо идэж өсөж байлаа энэ залуутай. /Буратино буратино хэхэ/ За ямартай ч бокс гэж гартаа бөндгөр юм хийгээд хоорондоо нүдэлддэг спортын тухай гурван зүйл мэддэг байсан эрхэм MR-ыг зурагт, мэдээний зүг нүд, чих хамаг байдгаа тавьдаг болсон шалтгаан нь манай нутгийн бахархал болсон энэ залуу. Олимпоос хойш тэр лав гэртээ гүйж очиж "хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд" бүгж нуугдсан байхаа. Аан үгүй юм байна, сая тивийн аваргаас Мөнгөн медаль авсан. Тэр үед нь оюутны Универсад их наадамд явсан багийхан нь ганц түүний жинд л хоосон хоцорч, бусад бүх жиндээ медальтай ирсэн гэсэн үү яав. Ноднин жилийн Лондонгийн Олимпоор маш том зориг гаргаж түүний мөнгөн медалийн төлөөх тоглолтыг үзээд дахиж тэгж боксын тэмцээнийг шимтэн, дэмжиж үзэх аргагүй болтлоо "зүрх шархалсан" бөлгөө. Тэрний түрүүчийн Бээжингийн олимпийн дараа түүнийг төрөөс шагнал авч, нүд дүүрэн гомдол хурсан хүн энгэрээ цоолуулж байхыг зурагтаар харж, түүнийг нь анзаарахтай үгүйтэй олон асуудалд тархиа гашилгаж түүнийхээс дутуугүй гомдол нүдэндээ хуруулан үзэж суусан би вээр гэнэт ухаан орсон аятай түүний тухай найз залуудаа ихээ идэвхтэй ярьж өгч байсан нь дурсамж болон үлджээ. Манай хүн сүүлд нь Мөнх-Эрдэнийн тухай хэд хэдэн удаа надаас асууж "нөгөө залуу чинь"... гэж ирээд л ярьдаг байжүүлээ...
Түвшинбаяр: Хүн бүхэн түүнийг "манай аварга" гэж хүндэлдэг. Надад бол нэг л харь санагдаад байдаг байлаа. Бээжингээс алт авч Монгол түмнээ хөл дээр нь босгох үед харьд байсан, юу ч мэдрэлгүй өнгөрүүлсэн болохоор үнэндээ надад Олимпийн алтан медаль хүртсэн аваргууд "танихгүй хүмүүс" шиг санагддаг. Лондонгоос мөнгө авахад нь алт авчих байх гэж их найдаж байлаа. Саяхан монгол туургатны 100 эрхэмд орж "Хогийн ургамал хаа сайгүй өндөр ургадаг ч тариан түрүү өндөр ургах тусам улам бөхийдөг" гэсэн Япон зүйр үгийг дурдаж, тариан түрүү шиг амьдрахыг хүсдэг тухайгаа хэлснийг дуулаад ухаантай сайн залуу байна даа гэж бодсон шүү. Гэвч өнгөрсөн наадмаар энэ бодол маань золтой л "хийсчихээгүй" Анзаарсан хүмүүст бол Лондонгоос шагналаа авах үе, наадмаар цол авах үе хоёрын нүдний харц, хөдөлгөөн хоёрын хооронд нь асар их зөрүү байсан өөрчлөгдсөн байлаа даа. Юу гэж тайлбарлахаа мэдэхгүйн. Энэ хүний тухай иймэрхүү юм бичнэ гэж бараг "алдас" болж байгаа байхдаа яанаа.
Манай тамирчид ер нь хараад байхад тууштай үргэлжлүүлдэггүй юм шиг, нэг амжилт гаргаад сэтгэл нь ханачихдаг юм уу яадаг юм ерөөсөө хичээхээ байгаад л шал өөр улс төр энэ тэр гээд хадуураад явчихдаг. Бусад улс оронд нэг олимп дуусгаад дараагийн олимпдоо шууд бэлдээд явчихдаг, үндсэн ажил маань гээд л, тэрнийхээ хирээр дэлхийн тэдэн удаагийн аварга, тэр тэр олимпын тийм тийм медальтай гээд л үнэн бахархмаар. Спортоо орхисон ч хувийн бэлтгэээ байнга хийгээстэй, тэс хөндлөн юманд оролцохгүй гээд харьцуулаад байвал дуусахгүй нь.
ReplyDeleteХарин тийм ээ. Ганц нэг хүнээс бусад нь тэгээ л спортоо орхиод улс төр, бизнес өөр юу ч гэнээ хөөгөөд явчихдаг юм билээ. Нөгөө Германы иргэн болсон эгч нэг ярилцлагандаа Монгол улс л надад их мөнгөн шагнал өгч байсан гадны улсад байнгын цалин өгөхөөс тэгж сая саяар нь өгч байгаагүй, би мөнгөнөөс болж Германы иргэн болоогүй гэж ярьсан байсныг сайн санаж байна. Тэгэхээр бас хангамж муутайдаа улс төр бизнес хөөдөг биш байхаа. Одоо буцаад Монголын иргэн болж байгаа сурагтай.
Delete