Энэ киног хэзээ анх үзснээ санахгүйм. Багцаалбал зургаа долоон жилийн өмнө болов уу даа. Үндэсний телевизээр үзэж, үзчихээд давчдаж, хөндүүрлэж байж билээ.
![]() |
| Орхиж үл болох бас болох тийм л сонголт... |
Гол дүрийн эмчийг үү, эр хүнийг үү, бүсгүй хүний хувь заяаг уу, аль эсвэл хайр сэтгэлээ нуусан дур тачаалыг уу ялгаж хэлж мэдэхгүй нь. Ямартай ч юуг нь ч юм үзэн ядмаар, өмнөөс нь гомдож харуусмаар санагдаж байлаа.
Сэтгэлд нэг их зангирсан, өвтгөсөн мэдрэмж төрүүлдэг тэгсэн хэрнээ үл ялиг уянгалаг төсөөлөл дагуулдаг тийм л кино.
Италия бүсгүйн дотроо нуусан гомдол, гансрал үзэж суусан надад эрхгүй мэдэгдэж, азгүй хувь тавилантай нь гаднаа эвлэрсэн ч дотроо бол жигтэйхэн хөндүүр байсымдаг.
Пенолопа Крус Италия бүсгүйн дүрийг хайнга, үл ялиг гажиг магадгүй заваандуу байдлаар бүтээсэн, гэвч эр хүний дур сэтгэлийг татсан бүсгүй байхад энэ нь нөлөөлөөгүйм.
![]() |
| Үнэнийг бүү хэл... хэлснийг сонсох, харилцан ярилцах хүсэл үгүй... |
Амьдрал дээр ийм л байдаг... Нэгэнт сонгосон, гаднаа гял цал харгадах ч цаана хүйтэн гөлгөр байдаг уйтгарт тэр амьдралтайгаа л үлддэг. Хичнээн хүсэж, хайрлаж байвч хатуурхдаг... бас харгисладаг.
Don't Move буюу Италиар Non ti muovere хэмээдэг энэ кино нь 2004 бүтээгдсэн ба найруулагч Sergio Castellitto өөрөө гол дүрд тоглож Италийн Оскар хэмээдэг David di Donatello Award-с шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал, Европын кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг тус тус хүртэж байжээ.
![]() |
| Энэ улаан шаахайг авч өгөхөд нь хичнээн их баярлаж байгааг хараад Италияг өрөвдсөн шүү кино хэдий ч... |
Надад энэ киноны найруулга өвөрмөц, жүжиглэлт, дүрсийн холбоос эвлүүлэг сайн болсоны зэрэгцээ далд өгүүлэмж өндөртэй бүтээл санагддаг.
Киноны төгсгөлд Италия бүсгүйн сүнс эмч эрийг уучилсан болов уу үгүй болов уу гэж бодмоор байсан ч уучлах эс уучлах нь төдийлөн чухал биш гэж дүгнээд хариу олохыг бодоогүй ээ.
Манай Монгол телевизүүдээр энэ киног "Улаан шаахай" гэж орчуулан гаргадаг юм билээ.



аан саналаа нэг эмч залуугийн нууц амраг болдог мөнүү эхнэр нь жирэмсэн байхыг харангуутаа хүүхдээ авахуулчдаг. тэрнээсээ болоод өнгөрчдөг билүү. насаараа энэ эмчийхээ нууц амраг нь байдаг
ReplyDeleteМөн мөн.... аймаар хөндүүр кино
Delete