Энэ бичлэгээ юу гэж нэрлэх тухайгаа нилээн бодлоо...
Хязгаар
Хаалт
Зааг
гэхчлэн нэрлэ юү хэмээтэл нэг л болж өгдөггүй. Эцэст нь бичиж дуусаад өгөх нэрээ ольё гэж шийдлээ.
Хаанаас эхэлж бичихээ үнэндээ бас мэддэггүй. Дотроо санаж яваагаа яаж гаргаж тавихаа бас ойлгодоггүй.
Зүгээр ярьчихъя л даа. Эмчийн үүдэнд дугаарлаж байхад төрсөн бодол. Янз бүрийн царай зүстэй, өвчиндөө шаналсан, найдлага төрсөн, эсвэл бүр эвлэрсэн царайтай олон хүний дунд үүнийг бичигч би сууж байгаам.
Орчноо дагаад ч тэр үү өөрийн эрхгүй эрүүл мэнд, амьдралаа бодоод эхэлсэн. Гэв гэнэт эмч эдгэхгүй өвчтэй эсвэл, ганц хоёрхон сарын настай гэж хэлвэл гэж бодохоор өөрийн өнгөрсөн, явсан туулсан замаа эргэж ухаж төнхөөд бодох байх гэж санах ч шиг.
Магадгүй дор нь хүлээн зөвшөөрөөд, эвлэрээд хэнд ч хэлэхгүй өдрөө хүлээгээд явах болов уу гэж өөрөөсөө асуулаа. Тэгснээ мэдээж тэмцэнэ шүүдээ тэнэгээ гэж өөрийгөө зандарч байгаан.
Хэн ч билээ хүн болж төрчөөд тугал болж төрсний дайтай хивээд хэвтэж таарахгүй, бос, тэмц гэж өөртөө хэлдэг гэсэн санаанд орох ч шиг.
Хамгийн их шаналгасан бодол гэвэл өөртөө өч төчнөөн хаалт, дүрэм, ёс зүй, хэм хэмжээ тавьсан маань зөв байв уу буруу байв уу гэж бодлоо. Баригдаж амьдарсан ч яалаа, баригдалгүй дураараа амьдарсан ч яалаа. Эцсийн эцэст буцахаа хүрвэл тэр бүхэн огтоос хэрэггүй байхым байна гэж бодлоо.
Хэн нэгнийг гомдоохгүй гэж, хэн нэгэнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй гэж, бусдыг зовоохгүй гэж, бусдыг аятайхан байлгах гэж өөрийгөө өч төчнөөн зүйлээс холдуулж, өч төчнөөн зүйлээс сайн дураар татгалзаж явж. Өөртөө өч төчнөөн шаардлага тавьж. Хатуурхаж.... Өдөр хоногийн тоо гүйцлээ гэвэл тэрбум хөрөнгөтэй байгаад ч яалаа, таван хэлтэй байгаад ч яалаа. Хүрч болох бүх өндөрлөгт хүрсэн байгаад ч яалаа....
Хамгийн хүссэн зүйлээ хийх зориггүй л явж, харахсан гэж бодсон хүнээ ч очоод харах зүрхгүй л амьдарч... Нөгөө л олон хаалт... өөртөө тулгасан өч төчнөөн ухамсар, ёс зүйн хэм хэмжээ...
Өөрийнхөөрөө амьдарч чадаагүйгээ ойлгож мэдсэн минь л өвдөх вий гэж зовсоноос илүү дотрыг давчдууллаа... гэвч эрүүл саруул өдөр хоногийг өнгөрөөж байхдаа хаалт, зааг, хил хязгаарын дунд хавчигдаж л явах хүн байна би.
сонирхолтой л бодрол байна. гэхдээ ёс суртахуун хэм хэмжээ байх нь зөв гэж бодож байна
ReplyDelete