Skip to main content

Б.Ганчимэг "Ээж бид хоёр"

Сэтгүүлч Б.Ганчимэгийн "Цэцгийн зун шиг ээжийгээ би цэцгэн дундуур хөтлөөд алхана" хэмээх нийтлэлийг уншаад "Ээж бид хоёр" нийтлэлийг нь олж уншихсан гэж их боддог байлаа. Санаж, мартаж явсаар өчигдөр олж уншаад тэсэлгүй эндээ нийтлэхээр шийдлээ.

"Бүүвэйн дуу" Зураач  Г.Сарангоо. Эх сурвалж. http://esuon.blogspot.com 



Алтан богдын шилд нь
Алтан гургалдай жиргэнэ
Тэр гургалдайн дуунд нь
Агт морин сульдана… дуу ийн эхэлнэ. Уртын дуу болохоор бидний үеийн залуус тэр бүр сонсоогүй байх л даа. Сонсох ч албагүй. Гэхдээ энэ дууг намар юм уу, эсвэл хавар эрт сонсоход хэцүү. Өсч торнисон гэр, нутаг ус санагдаж ирээд сэтгэл сэнсрүүлж орхидог юм.

Өлийн их давааг
Өглөөний сэрүүнд давна
Өлөн хар нүдээ
Ээж дээрээ тавина… дуу ийн шуранхайлна. Өлийн их давааг өглөөний сэрүүнд давна, өлөн хар нүдээ ээж дээрээ тавина… Ингэхэд би ээж гэдэг хүнтэй анх хэзээ, хэрхэн яаж уулзлаа. Тэр надтай учрахдаа ямархуу төрх төлөвтэй байв. Энэ бүхнийг нэг нэгээр нь санахыг хичээв. Цэнхэр торгон дан дээл, цагаан туфльтэй ээж…

Манай ээж яасан их юм угаадаг байгаа вэ. Гэрийн сүүдэрт суугаад түмпэнтэй юм хөөсөртөл угаана. Амандаа ямар нэгэн дуу заавал аялна. Хүн сонсчих вий гэсэн шиг тэр хавьдаа л дуулна. Гэхдээ миний мэддэгээс тэс өөр дуу дуулаад байгаа нь мэдрэгдэнэ.

Тэгж байснаа холбооныхоо дан цагаан байшин руу жижигхэн цагаан цүнхээ тохойлдчихсон алхаж харагдана. Манай Дашинчилэн аагим халуун болохоор сумын төвийн хамгийн сэрүүхэн байшингуудын нэг холбоо руугаа яардаг байсан биз. Ухаан орсон цагаасаа хойш би ээжийгээ манай ангийн хүүхдүүдийн ээжүүдээс арай ахмад хүн юм байна гэж анзаарсан юм. Тэд миний ээжийг “Бямбажав гуай та хэзээ ээлжтэй вэ. Таны ээлжин дээр л Улаанбаатар руу нэг яримаар байна” гэлцэнэ.

Миний ээж яагаад тэднээс эгч байгаа юм бол гэж би гайхна. Тэгж байтал гэнэт миний амьдралд Хайсандай гэх хачин жигтэй нэр орж ирлээ. Хүмүүс намайг хараад “Өө энэ чинь яг л бага Хайсандай болох нь” гэнэ. “Өнөө Хайсандай зайлуул хаа явдаг юм бэ, Хишиг-Өндөр лүү хүнтэй нийлсэн гэл үү” гэнэ. Хайсандай, Хайсандай… Нэг л мэдэхэд би энэ нэрэнд дургүй болсон байлаа. Зүс бараа нь ч харагдахгүй. Тэгсэн хэрнээ намайг хаа ч явсан яригдаж уур хүргэнэ. Надтай л холбоотой хүн байх нь. Хишиг-Өндөр рүү хүнтэй нийлээд явчихсан гэхээр эмэгтэй хүн байх нь. Яасан хачин нэртэй юм бэ… Энэ мэтчилэн би түүний тухай бодож хэвтдэг байв.

Би сургуульд орох дөхөж байлаа. Аав маань “Миний охин онц сурна шүү. Том болоод аав, ээж хоёрыгоо тэжээх хүн шүү дээ, чи чинь” гэнэ.

“Аав аа, онц сурахгүй бол ээж та хоёрыг тэжээхгүй юу?” гэж би нэг өдөр асуулаа. Аав маань жаахан юм сэнгэнүүлчихэж. “Тэгвэл чи Хайсандай л болно доо” гэж тэр шулуухан хэллээ. Би уйлж гарав. Муухай Хайсандай… Би гомдохдоо ингэж бодов. Нөгөө танихгүй мөртөө таньдаг Хайсандай…

Маргааш нь ээжээсээ асуулаа. Ээж ээ Хайсандай гэж хэн юм бэ. Ээж одоо бодоход миний асуултад аль хэдийнэ өөрийгөө бэлтгэчихсэн байсан байх. Тэр үед ээж бид хоёр сумын төвөөс бүр хойшоо хуушуурт хийх гогод түүж явлаа. Одоо ч гэсэн надад тэр өдөр кино шиг дурсагддаг юм. Ээж зүлгэн дээр цөмцийтөл хормойгоо ороогоод суусан байв. Ямар нэгэн юмаар оролдохгүй бол яриагаа эхэлж болохгүй байсан байх. Амандаа гогод тасдаад зуучихсан байж билээ.

“Хайсандай гэж үү? Тэр чинь миний охины ээж шүү дээ”… Залуухан гоё ээж байгаа. Хойтон чамайг сургуульд орохоор ирнэ дээ.

Ээжийн үг тэгсхийгээд зогслоо. “Би чинь өөр ээжээс төрсөн юм байна шүү дээ”… Дотор давчдаад ирэв. Учиргүй их уур хүрэв. Уйлмаар болов. Гэхдээ ээжийгээ зовоохоос айлаа.

Тэр Хайсандай гэгчийг ирвэл ёстой болгож өгөх юмсан. Бяцхан оюундаа би ингэж л анх ээжийнхээ тухай боддог байлаа. Мэдээж намайг гучин хэдэн өвлийн өмнө энэ хорвоод тээж төрүүлсэн ээжийнхээ тухай шүү дээ.

Хүний өсөх насны жаргал шиг гайхамшгийг хэн ч, хэзээ ч бүтээдэггүй бололтой. Ямар нэгэн уйлмаар явдал тохиолдсон ч хэдхэн хормын дараа ганцхан чихрийн амттай хамт мартагдчихна. Бүр ор мөргүй арчигдан алга болно. Зөвхөн аз жаргалын алтан утсаар нэхсэн үлгэрийн юм шиг тэртээх хүүхэд ахуйн амьдрал.

Манайх гуравхан хүүхэдтэй айл л даа. Холбооны Бадамдоржийнх гэх тэр хэр баргийн хүүхдэд заяахгүй диваажинд миний хүүхэд нас өнгөрсөн. Хоёр ах маань намайг газар тавихгүй эрхлүүлнэ. Том ах хот руу Цэргийн ерөнхий дээд сургуульд явлаа. Удаахь нь найм төгсөөд бас л хот руу Багшийн сургуульд одов. Харин би дөнгөж нэгдүгээр ангид орлоо. Манай аав жигтэйхэн гоё бичнэ. Хуулан бичлэгийн дэвтэрт бичиж өгсөн анхны өгүүлбэр одоо ч нүдний минь өмнө зурайна. Бадамдоржийн Гансүх, Бадамдоржийн Ганхуяг, Бадамдоржийн Ганчимэг. Энэ дөрвөн хүний нэрийг би хэдхэн сарын турш жирийтэл өрөөд л байлаа. Бичих тусам гоё харагдаж байгаа биз гэж аав асуудагсан. Би аав, ээж хоёрынхоо хүнээр хүн хийх тэр гайхамшигтай ухааныг үргэлж биширч явдаг. Цаг нь ирэхэд би тийм байж чадах бил үү гэж өөрөөсөө асуудаг.

Ээж бид хоёр одоо ч хамт, нэг нь 80 нас руу, нөгөө нь 40 нас руу жирийлгэж явна. Ижийтэйгээн цуг өтөлж явна. Аав минь элэгний хорт хавдраар өөд болсон тэр цагаас хойш би бөөрөнд нь наалдаж өссөн ээжийгээн бөөрнөөсөө салгалгүй хөтөлж яваа билээ. Ээж маань хөгшин хүн болохоор заримдаа надтай сүрхий муудна. Гэхдээ тэр нь миний л төлөө, надаас л үүдсэн байна. Хэд хоногийн өмнө Ээж маань уйллаа. Үндэсний төв телевизээр сэтгүүлч Ш.Гүрбазарын хийсэн “Тэнгэрлэг оршихуй” гэдэг нэвтрүүлэг гарч түүнийг тийн хямруулсан хэрэг. Хайхрамжгүй асрагчийн тарьсан балгаас болж охид нь төрөхийн орон дээр солигдож, хэзээ хойно шүүхийн шийдвэрээр ангир уургаа шимүүлж өсгөсөн нялх үрээ хүнд өгөх болно гэдэг баргийн хүн туулж чадамгүй зовлон.

Хоёр хүүхдийг хүчээр шахам өөр өөрийнх нь төрсөн эхийн өвөр дээр суулгасан ч тэд нь эргэж зүтгэлээд тогтохгүй аж. Ухаант хүний үр байтугай адгуусан амьтан ч ингэнэ. Үүнтэй маргах юм байхгүй. Ээжүүд эвлэрч хоёр талынхан айл саахалт явж, хоёр хүүхэд дундаа өсөх болж гэнэ. Гэхдээ нэг л худлаа санагдаад, худлаа харагдаад байв. Хоёр талынхны хэн хэнээс тайвшрал харагдсангүй. Энэ бол мянгаас нэгд тохиолдох золгүй явдал. Тэр бүү хэл, хэн дуртай болгон давхиж очиж хутгалдаад, тэдний сэтгэл зүйгээр тоглоод байх асуудал бүр биш. Бөөн нулимс, шүлэг энэ тэр болсон социализмын үеийн сценаритай тэр нэвтрүүлэг хоёр ч дахин гарав. Телевиз бол үзэгчдийг зугаацуулах, хэрэгтэй мэдээллээр хангах, уураг тархийг амраах үүрэгтэй. Гэвч энэ удаа амрах биш хямрав. Манай сонины саяхны дугаарт Пүрэвтуяа бүсгүй таван жил тэвэрч өсгөсөн охин Минж-Одыгоо Хөвсгөл рүү төрсөн эцэг эх нь гэгдсэн хүмүүст шүүхийн шийдвэрээр өгч явуулчихаад нулимсаа урсган суугаа тухай сэтгэл шимшрүүлсэн ярилцлага хэвлэгдэж шуугиан тарилаа. Хүмүүс сонин үзээд ам амандаа л “Нөгөө телевизээр эвлэрээд хүүхдүүдээ хамтад нь, хараа бараандаа өсгөцгөөх болоод байсан улсууд чинь худлаа шив дээ” гэлцэв. “Үгүй энэ Гүрбазар чинь ёстой нөгөө “Өнөр бүл” кинонд будилдаг шигээ золиг юм аа” гэлцлээ. Хичнээн олон эх шимшрэв. Хичнээн олон эцэг эмтрэв.

Ээж минь үймрэв. Ээжийгээ дагаад би бас… Дараа нь ээж бид хоёр энэ сэдвээр ярилцлаа.

-Нөгөө ээж энэ охиныг эрүүл байсан бол ингэх байсан болов уу. Та юу гэж бодож байна?

-Хүний хүүхдээр хүн хийх амаргүй дээ. Ёстой нэг л шөнө санчигны үс цайгаад хонодог хорвоо. Энэ хорвоогийн аяыг олоод туулчих тийм санааны зоргоор эд биш дээ.

-Тэгээд өөр өөрсдийн охидоо авцгаасан нь зөв гэж байгаа юм уу?

-Хэрвээ чиний эцэг шиг хүн эдний дунд байсан бол хүүхдээ өвөртлөөд мордоод давхичих байсан даа.

-Харин та?

-Хоёуланг нь энэ муу хүүхэнд өгчихгүй дээ. Энэ Гүрбазар яасан болчимгүй хүүхэд вэ. Олигтойхон учрыг нь олоод өгчихгүй. Үгүй энэ шүүхийнхэн ч гэж шүүхийнхэн /Ээж нь бухимдав. Хэрвээ намайг ингээд авах гээд ирсэн бол тэр салам үзэлцэх байж гэж бодоод ээжийгээ өрөвдөж уйлмаар болов/. Маргааш өглөө болов. Ээж маань нойр муутай сэрвэлзэж хоносон бололтой. Өглөө нь би ажлаа тасаллаа. Муу ээж минь бөөвийгөөд жигтэйхэн жижигхэн болчихож. Цав цагаан толгойтой атигар жаахан эмээ болж. Юун нөгөө угаасан юм хэцэн дээр тохож зогсдог,

“Хадат ухаагийн оройгоор
Хааяа бороо шаагина даа
Хайртай амраг чамтайгаа
Хаврын сардаа уулзана даа…”

гэж дуулдаг байсан эрчилсэн чийрэг булчинтай, оноотой цэнхэр дан дээлтэй, цагаан туфльтэй ээж.

Залуу сайхан ээжээс минь юу үлдэж вэ. Хоолой руу юу юугүй нэг юм өгсөөд ирэв. Өнгөрүүлсэн бүх амьдралын минь туршид дандаа миний төлөө явсан ээжийгээ би яаж жаргаав?

Өгчих хариу дав дээр гарч ирэхгүй нь хачин.

Бидний дунд орой бүр сонин сонин яриа болно. Ээж маань надтай юу ч хамаагүй ярьж суух дуртай. Бас намайг юм болгоноос өмөөрдөг зантай. Нэг удаа ээж бид хоёрын дунд албан тушаалын тухай сүрхий яриа болов.

-Ээж ээ намайг дарга бол гэлээ. Би яах вэ?

-Нас чинь явж байна. Жаахан тогтож суудаг ажил юм бол хийхэд яахав дээ. Удирдлагад чинь хэн хэн ажиллах юм?

-Ш.Цэрэнпил гуай, Г.Дашрэнцэн гуай хоёр.

-Ээ, хоёрхон хүний дарга байх хэрэг үү?

-Надтай нийлээд гурван хүнтэй л дээ.

-Шөнө орой явдаг хүндхэн ажлаа цаад хоёртоо хуваарилчихаж бай. /Ээжийнхээ яриаг сонсоод дотроо инээд хүрч суув. Манай хоёр ч шөнө орой явж яг харагдана даа гэхээс түс хийчих гээд байв. Бодоод үз л дээ. Дашрэнцэн, Цэрэнпил хоёрыг шөнийн сурвалжлагад явж байна гээд… Хэд хоногийн дараа ээж надаас ажил төрлийг маань асуув/.

-Чиний ажил зүгээр үү?

-Зүгээр ээ, Цэрэнпил гуай л үгэнд орохгүй юм.

-Яаж байна /Ээж их анхааралтай сонсч байна/.

-Шаардлага тавихаар “Сүүлд ургасан ишигний эвэр минь ах хүүгээ захирахгүй шүү” гээд байх юм.

-Яасан муухай эвдэрсэн хүүхэд вэ. Сүүлийн хэдэн орой аюулын эрт ирээд байгаа юмсан. Энэ ажлыг хийлгэхгүй нь л дээ, хар шидэл чинь? /Эвдэрсэн хүүхэд гээд байгаа нь 50 гарч яваа саарал толгойтой хижээл хүн шүү дээ. Ш.Цэрэнпилийг нэртэй хүн болохоор манай ээж их сайн ханддаг байсан юм. Энэ удаа гүнзгий муудлаа. Өглөө намайг ажилдаа гарах гэж байтал ээж дөхөж ирснээ миний хүү дарга нартаа хэлээд ширээгээ өөр газар тавиад суучих. Цэрэнпил цаашдаа ч үгэнд чинь орохгүй хүн шиг байна гэж билээ/.

Энэ эмэгтэйн өвөрт би есхөн сартай, үс нь атирч буржийгаад нүд ам руу орчихсон, хацар нь холцруутай хачин янзын амьтан ирсэн гэдэг. Би рахид буюу сульдаатай, бас шар өвчин тусаад хүндэрчихсэн хүүхэд байж. Ёстой намайг авсны маргааш ээжийн минь санчиг онгож хоноо биз. Өвчтэй хүүхэд асрах, хүн хийж авах ямар хэцүү байсныг төсөөлөхөд ч аймаар.


"Анхны цас" Зураач Х.Энхномин. Эх сурвалж: http://esuon.blogspot.com 

Хөлд орсныхоо дараа би цэрдийсэн хатуу гэдэстэй, хоёр хөл нь гадагшаагаа эргэчихсэн, түүнээсээ болоод хачин зурайсан мөр гаргаж явдаг жаал байж. Намайг алга болчихоор тэр хавийнхан мөрөөр маань төвөггүй олдог байсан гэдэг. Би айлын шүүгээд тавьчихсан арцны хүүдийг цоо хөхчихдөг, бас шүдэнзний толгой тэсгээдэггүй сонин хүүхэд байсан. Харин хэлд орохдоо Хайсандай гэж хэлсэн гэсэн. "За миний хүү энэ хүмүүст юм яриад өгчих дөө гэхээр л би ар араас нь угсруулан Хайсандай Хайсандай гэж дуржигнуулдаг байж. Бас л Хайсандай. Энэ нэр ингээд л намайг хаа явсан газар дагаад явсан санагддаг юм. Харин нэг зун би түүнтэй уулзах боллоо. Өдий хүрэх насандаа би энэ хүнтэй тоотой хэдхэн удаа уулзалдсаны анхных нь тэр байсан юм. Аав ээж хоёр хоол цай болоод л андашгүй манайд хүн ирэх гэж байгаа нь илт. Аав хэллээ. "Одоо чиний ээж ирнэ. Миний охин битгий муухай харьцаарай". Өөр юм хэлсэнгүй. Сэтгэл тогтож өгөхгүй нэг л сонин байдалд орчихоод болж өгөхгүй хэцүү байна.

Гадаа машин дуугарлаа. Би нэг мэдэхэд байшингийнхаа чердакан дээр гарчихсан байлаа. Зуны байшин болохоор таазны банзнууд дотор болж байгаа бүх юм ил тод үзэгдэхээр завсартай. Улаан саатай алчуур, ногоон дээлтэй ам хэл болсон сэргэлэн бор хүүхэн, жолооч эрийн хамт манай хойморт тухалж, аав ээж хоёр хөл болно. Өнөө охин хаачив аа л боллоо. Үгүй, энэ чинь зөндөө сайн захисан юмсан. Яадаг хүүхэд вэ, би гараад хайгаад ирье гээд аав үүд рүү ухасхийв. Чимээг...Чимэг ээ... хэмээн аавын дуудаж байсан одоо ч чихэнд сонсогдоно. Бүрий ч боллоо. Нөгөө хүмүүс ч явах болов. Машин хүнгэнэн хөдөлж, аав ээж хоёр ч ороод ирэв. Аав суудал дээрээ ирж сууснаа аяархан "Миний охин буугаад ир ээ. Тэгж болдоггүй юм шүү дээ" гэх нь тэр. Тэгэхэд аавын нүдэнд яах ийхийн зуургүй ус гүйгээд ирж билээ. Хүүхэд байсан болохоор би хөдлөөд ажигч гярхай хүнд анзаарагдаа байлгүй дээ. Харин тэднийг байхад яагаад намайг буулгаж ирээгүй юм бол гэж санахаар аавыгаа өрөвдөх сэтгэл төрдөг юм.

Хүний үрээр элгээн дэвтээж амьдарсан ижий аав хоёроон бодож аньсага чийгтэнэ.

Нээрээ тэр үед Хайсандай намайг аваад явна гээд уйлж хайлж сүйд болох ч байсан юм бил үү. Хэн мэдэх билээ. Хожим би өөрөө ээж болж эцгийгээ тэр удаагийнхаас хавьгүй илүү өрөвдөж, бүр өдөржин уйлж байсан. Намайг охиноо төрүүлж ээж болсон өдөр болсон явдал. Охиноо тэврээд цонх руу очиход минь ээж аав хоёр ирчихсэн, ээж инээж, харин муу аав минь нулимсаа арчиж харагдсан сан.

Ээж болчихоод би ээжийгээ анх удаа ирэх болов уу гэж харуулдсан юм. Хүн болсон цагаас минь хойш нэр нь намайг сүүдэр шиг дагаж явсан төрсөн ээжийгээн анх удаа тэгж дотроо хүлээсэн юм. Миний саатай алчууртай залуухан ээж аймгийн төвд байсан мөртөө ирээгүй. Эхлээд би хуримаа хийсэн. Тэр бас л ирээгүй. Дараа нь би ээж болсон. Тэр бас л ирээгүй. Сургууль төгсч амьдрал гэгч хөлгүй их далайд хөл тавьсан. Тэр ирээгүй. Алдаж онох, гуньж баярлахын аль алинд тэр нэгээхэн ч удаа ирсэнгүй. Нэг ёсондоо бид өөр өөрийнхөө хувь заяагаар явж ирэв.

Гэтэл одоогоос хэдэн жилийн өмнө ногоон дээлтэй, саатай алчууртай ээж минь "Ардын эрх"-ийн гадаа намайг хүлээгээд сууж байлаа. Нүдний шилтэй, хүрэмнийхээ захыг босгочихсон охиноо таньсангүй. 14 өглөө тэр байрандаа сууж намайг угтлаа. 14 өглөө би хажуугаар нь алхан хаалга татан оров. 15 дахь өглөө нь би бас л Дашчойлин хийдийн хашаан дундуур алхан ажилдаа ирэв. Харин ээж хийдийн тасалбар бичдэг дуганын гадаа дугаарлаад зогсч байна. Тэр ном уншуулах гэж байгаа бололтой. Дотор минь хачин оргисон ч ээж рүүгээ би алхаад очиж зүрхэлсэнгүй. Өрөвдөж байсан ч...

Маргааш өглөө нь тэр ирсэнгүй. Нөгөөдөр нь ч бас ирсэнгүй. Сарын дараа надад Эрдэнэтээс ээжээс маань захиа ирлээ. "Залуу насандаа алдаж эндэж явахдаа охин чамайг тээж төрүүлсэн ч амьдралын эрхээр хүнд өгсөн юм. Чи надад гомдож явдаг бол ээжийгээ уучлаарай. Би өглөө бүхэн чиний төлөө залбирч, танай сонинг ирэнгүүт нь миний охин юу бичиж вэ гэж хардаг. Чи аавтайгаа уулздаг биз дээ... " гээд хөврүүлж өгсөн байв. Бичиг нь зөв, сайхан хэвтэй, алдаа мадаггүй, цэцэн цэлмэг захиа байв. Дараа нь миний төрсөн дүү гэх залуугаас захиа ирлээ. Ээж таныг яагаад айлд өгснийг бид мэдэхгүй. Хэрвээ та дүү бид хоёртой хамт өссөн бол ямар гоё вэ... Энэ миний дүүгийн захиа.

Дараа жилийн зун боллоо. Ээж намайг ахиад л нэг өглөө "Ардын эрх"-ийн гадаа зогсоод хүлээж байв. Би жижүүр ахад хэллээ. "За Дэмбэрэл ах аа, та намайг байхгүй гэж хэлээрэй" гэж сайтар захив. Бас л нэлээд хэд хоног өнгөрөв. Яагаад ч юм уулзмааргүй л санагдана. Гэвч Дэмбэрэл ах охин чинь тантай уулзахгүй гээд байна шүү дээ, та буцвал яасан юм бэ гээд хэлчихсэн сураг дуулдав.

Яагаад ч юм түүнд би ингээд л хачин жигтэй, хатуу зан гаргаад байлаа. Ахиад намар, өвөл, бас хавар болов. Ээж ахин ирсэнгүй. Харин өнгөрсөн зун ээж бид хоёр уулзлаа. Тэр гэнэт л ажлын өрөөнд маань ороод ирэв. Би жаахан жийрхлээ. Хоёулаа коридорын урт сандлын хоёр үзүүрт тээр хол цомцойн сууцгаагаад цөөн хором ярилцав. Бие нь өвддөг болсон гэнэ. Нас нь явж байгаа гэнэ. Бидний уулзалт өндөрлөж, тэр явахаар босов. Тэгснээ над руу эргэснээ хөгшний бие сайн уу, та нар хамт уу гэж асуув. Хөгшний гэж ээжийг маань асууж байгаа бололтой. Миний гэдэн жаахан хөдлөв. Бусдын үүрэнд ам нь ангалзсан ангаахайгаа хаячихаад эргэж харалгүй нисчихэж чаддаг гоё донгоддог хөхөө шувуу шиг хэнэггүй, дургиж явсан "жинхэнэ" ээжийгээ урьдынхаараа хөндлөнгөөс харав. Дургүй хүрэх шиг болов.

Гэхдээ одоо гомдоод ч хэрэггүй, гашуун нясуун үг хэлээд ч хэрэггүй. Дүгнэж цэгнэх гээд ч хэрэггүй болж дээ гэсэн бодол толгойд минь зурсхийн орж ирэв. Яагаад гэвэл алчуур дороос нь цухуйх санчигных нь үс цайрч харагдлаа. Би чинь ийм юм мэдэрч өссөн хүн шүү дээ гэж санагдан хоолой руу нөгөө хөндүүрхэн юм юу юугүй ахиад л өгсөөд ирэв. Сайн мэдэхгүй, бараг насан туршдаа сургийн холоос бие биенээ танадаж явсан “хүний” хүнд нулимсаа үзүүлчих гэж байгаа юм шиг эвгүйцэж ирэв. Бушуухан явмаар, эсвэл гадаа гараад хаашаа ч юм гүймээр байв. Ийн өөрийн эрхгүй би өрөө рүүгээ алхлаа. Халуун энгэрт нь асч, хөхний нь сүүг нь шимж өссөн бол бидний хувь заяа яалаа гэж ийм байх билээ. Ухаан суугаагүй залуу насных юм байлгүй дээ өөртөө буруу өгөмгүй л санагдаад байдаг.

Эгийн өндөр давааг
Элгэн хүрнээрээ давна
Эмгэн буурал ээжээсээ
Энэхэн хол сууна"...

"Алтан богдын шилд" сэтгэлд ийн цуурайтна. Оюутан байхдаа би муу ээжийгээ хачин их санадагсан. "Алтан богдын шилд"-ийг тийм үед сонсохоор ээж маань аргал түүж харагдаад болдоггүй юм. Бушуухан очиж үнээг нь сааж өгөхсөн, өглөө босч өгөхсөн гэж яардагсан. Харин гэртээ орж ирээд л би урьд урьдынхаас илүү бөх гэгч унтчихна. Нэг мэдэхэд нар дээр хөөрчихсөн, ээж сүүгээ хөөрүүлж байдагсан. Охин минь унтаг гэнэ. Хичээл ном гээд бөөн хар ядаргаа л ирсэн байна гэнэ. Одоо ч хэвээрээ. Муу охин минь сурвалжлага хийгээд шөнө өдөргүй явах юм. Гадуур янз бүрийн л юм дуулдах юм. Сурвалжлагч нарыг чинь айлгаж ичээгээд, шорон гянданд хорьдог болсон байна шүү дээ. Яадаг билээ дээ. Тэр дарга нар нь эртхэн тараах нь яадаг шидэлнүүд вэ дээ гэнэ. Гэхдээ ээж манайханд жигтэйхэн сайн. Манай сониныг л өмөөрнө. Муу охиныг минь өсгөж өндийлгөсөн буянтнууд гэж дээжээ өргөнө.

Эмгэн буурал ижий минь намайг сэрээхгүй гэж өлмий дээрээ явна. Хаалганы хонх чанга дарлаа гэж орж ирсэн хүнийг аашлах шахна. Эвий муу ээж минь. Энэ орчлонд эх үр болж учирсан бидэн хоёрын тавилан ийм буюу.

Захын ганц модонд
Элдэв шувуу цуглана
Залуу бага насанд
Элдэв санаа төрнө…
дуу ийн шуранхайлна. Зах ганц модонд элдэв шувуу цуглана. Залуу бага насанд...

Comments

  1. Yasan ch goy bichdiim dee Ganchimeg. Tursun eejees ni uvlusun avyas ch baij magadguim daa. Hunii amidral aa gej ter chigtee kino umaa

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм. Өрөвдмөөр ч юм шиг, гэвч өсгөсөн аав ээж нь байгаагүй, эрүүл сайхан өсгөж, өдий зэрэгтэй хүмүүжүүлж чадаагүй бол төрсөн эцэг эхээс авсан мянга авъяас байгаад ч яах юм билээ...

      Delete
  2. аягүүүү. захиалгын биш бичихээрээ энэ ганчимэг ийм тасархай бичдэг бхгүй юу. юм юм бодуулсан өгүүллэг бнаа. ганчимэг өөрөө хатуу характертай болохоороо төрсөн ээжийгээ гэсэнгүй юу, эсвэл эргэж ирж бгаагүй болохоор тэр чигээрээ дургүй болсон юм боловуу? ирмээр байсан ч хүнд нэгэнт өгцөн болохоор дахин дахин ирээд бх хэцүү бсан бхаа? эх үрийн холбоо гэж хөхүүлж, өөрөө өсгөж бж бий болдог юм гэсэн. хүмүүс минь үр хүүхдээ яаж ийж бгаад өөрсдөө л өсгөөрэй дээ, өргүүүлэхгүй ч гэсэн эмээ өвөө ах эгч дамжаад явбал ээжийгээ гэхээ байчих ч юм билүү.

    ReplyDelete
    Replies
    1. Миний ойлгосноор төрсөн ээж нь охиноо өвчтэй байхад нь хаяад явцан юм шиг байсан. Тэгээд өсгөсөн ээж аав нь авсан байх. Ганчимэг сэтгүүлч өөрөө "Би чинь дээр үеийнхээр бол хүрдэн дээр тавигдсан хүүхэд" гэж ярилцлага өгсөн байсан даа.

      Сайхан нийтлэл бичдэг хүн дээ энэ сэтгүүлч.

      Delete
  3. Гоё өгүүлэл блогтоо тавьжээ. Тавилан гэж энэ байх даа.

    ReplyDelete
  4. Ингээд дуусцым уу?

    Тэр дээвэр дээрээс охиноо очиж авдаг аавын хэсэг дээр аймаар мэлмэрэв.

    Гоё бичжээ.

    ReplyDelete
    Replies
    1. Энэ нийтлэл нь ингээд дууссан байна. Анх уншаад хэд хоног толгой дотор эргэлдээд байсан шүү.

      Delete
  5. ene niitleleere shildeg bichlegiin shagnal avch bsn, 2003-2004 ond bh

    ReplyDelete
  6. bas aavynhaa tuhai bichlegeer daraa onyh n shildeg niitlelch bolj bsn, news.mn dr haival bga da

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...