Надад хоёр гурван блог байдаг юм. Нөгөө блог дээрээ нийтэлж байсан постоо "чирээд" ирлээ. Уншсан хүмүүс байгаа ч уншаагүй хүмүүс бас байгаа байлгүй дээ. Хоол болтол шийр зугаа гэдэгчлэн дараагийн пост хүртэл....
Миний багш, Доктор PhD Ичинхорлоогийн Лхагвасүрэн болон Японы эрдэмтэн Конагая Юки нар Монгол Улсын нам төрийн нэрт зүтгэлтэн П.Дамдинтай сонирхол татам сайхан ярилцлага хийснээ Монгол, Англи, Япон хэлээр хэвлүүлсэн байна. Энэ ярилцлага нь хувь хүний түүхээс гадна бүхэл бүтэн улсын соёлын түүхийг багтаасан шиг санагдсан. Маш сонирхолтой байсан тул уг ярилцлагаас хэсэгчлэн орууллаа.
П.Дамдин 1930 онд Увс аймгийн Өндөрхаан суманд төрсөн. 1960 онд 29 настайдаа Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны сайдаар томилогдож, энэ албан тушаалыг тасралтгүй 30 орчим жил хашсан.
...Аав, ээжийгээ дагаад л явна. Улаанбаатарт хүн олон гэж жигтэйхэн, базарваань хумпад. 17 настай банди гэдэг хөдөө бол бараг авгай авчихна шүү дээ. Хотод ирээд гадуур явахаараа төөрчих гээд болдоггүй. Тэгээд ээжийнхээ хормойноос барьчихдаг. Төөрөхгүйн тулд ээжийнхээ хормойноос барьчихдаг. Зогсохоор нь тамхиа гаргаад татна. Газар суучихна шүү дээ. Хамаагүй. Ээжийгээ явахаар нь өнөөхөө буцааж хийчихээд, хормойноос нь бариад явна. Үгүй, мөн хөдөөний хүүхэд гэж сонин байсан байгаа биз? Төөрчих гээд болдоггүй, толгой эргэж жигтэйхэн юм болно шүү дээ. Тэр үед Улаанбаатар хэдэн хүнтэй байсан юм бол доо. Нэг зуун мянга орчим байсан юм болов уу? Миний толгой эргээд л нөхцөлгүй олон хүнтэй юм шиг санагдаад байдаг байсан.
...Тэр үед хөдөөнөөс баяр наадам үзэхээр хот явбал тодорхойлолт маягийн юмтай ирдэг байсан юм. Ийм бичгийг авч хотод ирсэн бол 25 жилийн ойгоор нэг ширхэг даалимба... нэг ширхэг дүнсэн тамхи, нэг ширхэг цай өгч байлаа. Аав ийм 3 төрлийн юм өгч байгааг дуулаад намайг дагуулаад түүнээс авахаар явсан юм. Өдрийн турш оочерллоо. Хэдэн зуун хүн оочерлож байсан. Ийм 3 юм авна гэдэг чинь том үйл явдал болж байгаа юм шүү дээ. Хөдөө бол тийм зүйл ердөө олдохгүй. Дэлхийн 2-р дайн болоод зөвлөлт улс манайд нийлүүлдэг гурил, будаа, цай, тамхиа өгөхөө болиод байсан үе юм даа.
...Ингээд наадам ч дууслаа даа. Нэг өдөр аав:
-Тэнд хүн цай, тамхины талон хаячихсан байна гэнэ хэрэгцээгүй гээд хаячихсан юм шиг байна гэв.
Тэр үед онгоцны буудлаас нааш байдаг талбайд наадмаа хийдэг байлаа яг тэр орчим хаясан талон маш их байна гэж аав дуулжээ. Тэгээд тэнд очиж, түүнийг түүхээр боллоо. Бид хоёр автобус морин тэргэн дээр сууж явсаар тэнд очлоо. Урт мод барьчихаад байшингуудын ёроолоор өдрийн турш шороо ухаад явлаа. Аав бид 2-ын олдог талон ч гэж юу байхав дээ. Юу ч олсонгүй.
Намайг сайд байхад манай гэр тэр яармагаас цааш 7-8 км-ийн зайд ууланд байдаг байлаа. Тэр газрыг “Нүхт” гэдэг юм. Сайд байхдаа ажлаа тараад, хүүхдүүдээ дагуулаад дандаа түүгээр явдаг байлаа. Явах болгондоо нөгөө аавтайгаа хамт цай, тамхины талон хайж явсан минь санаанд ордог байж билээ. Тэгээд би хүүхдүүддээ:
-Аав нь ч яах вэ дээ, ард түмнийхээ буянаар машин унаад, төрийн сайд хийгээд, та нар миний машинд суугаад сайхан л явж байна. Аав нь бага байхдаа, аавтайгаа хоёулаа хаясан талон хайгаад энд бүтэн өдөр явж байсан юм шүү дээ! Гэж хэлдэг байж билээ.
...Нэг өдөр ах:
Одоо энэ хүүхэд 17 нас хүрчихлээв бичиг үсэгт тааруухан, ямар ч боловсрол байхгүй, бага дунд сургуулийн ч боловсрол байхгүй, ийм хүүхдийг та нар цаашид яах болж байна? Энд сургуульд оруулбал яасан юм бэ? гэв.
...Би Улаанбаатарт, энэ сайхан гэрэлтэй байшинтай, кинотой газар үлдчихмээр юм шиг санагдаад л байлаа.
Тэгээд аав, ээжтэйгээ ч ярилаа.
-Намайг үлдээчих, би эндээ байж байгаад аргалаад сургуульд оръё! Гэлээ.
Тэгээд ах маань сургууль хөөцөлдлөө. Гэтэл намайг авах сургууль олддоггүй. Бага сургуулийн нэгдүгээр анги бол байна. Түүнд чинь 17 настай банди чинь яагаад ч орж болохгүй шүү дээ. Өшөө тамхи татдаг, бараг авгай авах шахсан хүн явлаа шүү дээ.
... Тэр үед техникумын бэлтгэл анги байгуулагдсан юм байж л дээ. Над шиг хөдөөний хүүхдэд зориулсан юм байлгүй мэдэхгүй.
-Бэлтгэл ангид орсон ч шалгалт авна. Шалгаад тэнцвэл оруулна, тэнцэхгүй бол оруулахгүй шүү гэж хэлж байна.
...Тоо хэл бичиг хоёроор шалгав. Хэл бичгийн шалгалт нь цээж бичгийг бичүүллээ. Би хөдөө, багийн бүлгэмд суугаад бичиг, үсэг тайлагдсан, сумын бүлгэмд суугаад тайлагдсан бас хөдөөний бүлгэмийн багш хэдэн сар хийчихсэн болохоор хэл, бичигт тийм ч муу биш байсан юм. Ингээд үүрэгтэй дүн авлаа. Тоонд бол би их тааруу байсан л даа. “25” дээр “30”-г нэмбэл “55” гээд хэлчихнэ. “50”-с “20”-г хасвал “30” гээд бас хэлчихнэ. Ийнхүү 100 дотор нэмж хасахыг л бодчихно. Үржүүлэх, хуваах болохоор ерөөсөө чадахгүй. “7”-г “7”-р үржүүлэх гэвэл чадахгүй. 15-г 3-т хуваах гэвэл бас чадахгүй.
...За хүү минь чи цээж бичигт бол тэнцэж байна. Тоон дээрээ чи ерөөсөө тэнцэхгүй байна. Чи нэмэх хасахыг жаахан мэддэг бололтой. Үржих хуваахыг бол ерөөсөө мэддэггүй юм байна. Бутархайг бол бүр ч чаддаггүй юм байна шүү дээ гэж байна...
...Багшаа! гэлээ. Би бол их холоос ирсэн. Увс аймаг бол манай нутаг л даа. Их хол байдаг... Аав, ээж маань нутаг буцаад явчихсан, ах маань салд дайчлагдаад явчихсан, би өөрөө айлд байдаг. Надад мөнгө байхгүй, хоол байхгүй, намайг энэ сургуульд оруулж өгөөч гэлээ.
-Бид ярилаа, чи харахад их сэргэлэн хүүхэд байна. Чи бэлтгэл ангид хагас жил суу. Хэрвээ хүү минь ээ, чи хагас жилээр муу гарвал хасагдана шүү гэлээ.
-Тэр өвөл их даарсан даа. Орой болохоор манайд байгаа хүмүүсийн хоол ундыг бэлтгэж өгнө. Тэгээд 9-10 цаг болоод тэд нар унтаад өгнө. Би хичээлээ хийгээд 11-12 цаг хүргээд унтана. Тэгээд хагас жилээр бүх хичээлдээ онцсайн гарлаа. Санхүүгийн сургуульд 4 жил онц сурлаа.
...Би хөдөөнөөс ямар хүн орж ирлээ. Тэгээд сургуулиа төгсөөд хойшоо Орсод явж сураад, эргэж ирээд нам засгийн удирдлагад орж ажилласан явдал бол миний сайных биш ээ. Энэ сургуульд ардын хүүхдүүдийг хүмүүжүүлсэн том, том сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байсны ач гавъяа юм шүү!

Comments
Post a Comment