Skip to main content

Хуучин ном

Саяхан гадуур алхаж яваад хуучин ном дэлгэж зарж байгаа хүмүүсийн хажуугаар өнгөрөхдөө тэсэлгүй очиж баахан харж зоглоо.

Миний мэддэг, уншсан хуучны номнууд зөндөө байна лээ. Бараг манай гэрийн номнууд биш үү, хөдөө орхисон номнуудыг маань хэн нэгэн ухаж авчраад энд зарж байгаа юм биш байгаа гэж хардах дөхсөн шүү хэхэ.

Уншсан ном олон байнаа...

Баруун дээд булангаас эхэлье...

Дашдооров.С Хөдөөгийн мөнгөн сар, Гармаа.Д Дайны сүүдэр- Энэ хоёр номыг хоёуланг нь уншаагүй шиг байна. Сөхөж харсан бол уншсан ном болохыг мэдэх байсан болов уу. Дайны сүүдэр гэдэг нь нэг нутгийн ах дүү болтлоо ижилдсэн хоёр найз залуугийн тухай ном болов уу гэж таагаад байна. Урд нь Гармаа зохиолчын нэг тийм номыг уншиж байсан юм. Баатар гэдэг гол дүр, цэргийн дарга залуу нь Үзмээ гэдэг гэргийтэй, дайнд амь үргэддэг. Баатарын найз Дорж билүү нутгийн цэрэг Ханд гэдэг гэргийтэй. Гэвч найз Баатарыгаа байхгүй болсны дараа яаж яваад ч билээ Үзмээтэй учир ургуулдаг зохиол байсан. Тэр мөн байхаа.

Федюнинский.И.И Дорнодод- Энэ ном манайд байдаг. Ээжид шагналд өгч байсан хэхэ. Сөхөж харж байсан ч утгыг нь бол ойлгогүй ээ хөөрхий. Харин зургийг нь овоо үздэг байсан шүү.

Мориава.А Цезира бүсгүй- Уншсан. Дайны үеийн дүрвэгч эмэгтэйчүүдийн тухай буюу өсвөр насны охиноо дагуулан дүрвэж яваа эмэгтэйд тохиолдсон явдлын тухай зохиол. Энэ зохиолоор 1960 онд Two Women гэдэг кино бүтээж Sophia Loren гол дүрд нь тоглосон байдаг юм билээ.

Фойхтвангер.Л Мунхагийн мэргэн санаа- Уг нь хэд хэд уншсан байж таараад байгаа. Гэвч тодорхой яг таг санадаггүй ээ. Миний санаж байгаа зөв бол алдартай гүн ухаантан эрийн тухай, түүний арчаагүй, ашигч, царай муутай, бүдүүлэг эхнэрийн талаар гардаг ном доо.

Буйлов.А Их нүүдэл. Миний хамгийн хайртай ном. Энэ номын тухай тусгайлан тэмдэглэл бичиж байсан тул нэмж нуршаад юүхэв. Кино хийвэл мөн ч сайхан сүүдэр ший болно байхаа.

Сервантес.М Кихот Ноён- Уншихаар барах уу... Нууцгүй хэлэхэд Дон Кихот уншаагүй Африкийн баагийнуудтай юугаа ярихав гэж томорч байсан хүн дээ би хэхэ. Испаниас нэг хүн манай улсаар аялахад нь би хэд хоног хөтөч хийсэн ухаантай юм. Гэтэл яг Дон Кихотын нутгийн хүн буюу Ламанчийн хүн байж, түүнийг Дон Кихот, өөрийгөө Санчо Панса гэж нэрлэж нэг хэсэгтээ инээд ханиад болцгоож байсан. Мань хүн нээрээ Кихот ноён шиг өндөр гозгор, яс арьс болох дөхсөн нөхөр байсан л даа. Энэ номны бүх өгүүлэмжинд би хайртай, ялангуяа салхин тээрэмтэй тулалддаг, ухаант Санчо Панса хэрэг шүүдэг хэсэг нь ГОЁ. Кихотын хайртай бүсгүйдээ Дульсинея гэдэг нэр өгдөг нь бас таалагдана гэж жигтэйхэн хэхэ.

Хоёрдугаар эгнээнээс манайд хоёр ном байгаа. Аугаа их эх орны дайны үеийн зөвлөлтийн цэргийн гарамгай жанжинууд мөн Анагаах Ухааны Дөрвөн Үндэс. Сөхөж харсан л номнууд даа.

Хамгийн доод эгнээний Зодооны эзэд-ийг уншсан. Гэвч мартаж.

Банзрагч.Н Улирах цагийн аяс- Сайхан зохиол шүү. Алтан богдын шил дууны талаар, Алтайн харуулд хөөгдөж очсон нутгийнхаа зон олны тухай энэ номноос л анх мэдэж байлаа. Хожим сонирхож үзвэл үнэхээр ч манай Өвөрхангайн буюу хуучин Сайн Ноён Хан аймгийнхан Алтайн Харуулд нутаг заагдан Монгол нутгийн хойд хил дээр үе улиран суудаг байсан байгаам. 
Алтан богдын шилд
Арван жил суулаа
Арван жилийн халуунд
Арайхийж дөмийж суулаа... гэдэг чинь манай нутгийнхны өссөн төрсөн хангай нутгаа санаад Алтайн өндөр уулс давуулан дуулсан дүү шүү дээ.

Сайн ноён хан өөрөө ухаантай хүн байж, харуулд суух айлуудыг сонгохдоо аль болох чадалтай, хөрөнгө чинээтэйг сонгож, хүний нутагт хүн шиг амьдар, зутарч болохгүй оройд нь яваг гэж адуу малыг нь туулгаад, гэрийг нь ачуулаад халуун бүлээр нь явуулдаг байсан гэх юм билээ. Алтайн Харуулуудын удамаас сүүлд олон алдартан төрсөн ч яг уг гарлаа хөөвөл Өвөрхангайн угшилтай улс байдаг.

За хадуурлаа. Энэ Улирах цагийн аяс зохиол бол өртөө улааны тухай зохиол шүү. Өгөөдэй хаанаас уламжилсан өртөө улааны алба ямар хүнд болохыг, хүн морь хоёр өртөө улааг залгуулах гэж хэдэн үе дамжин хэрхэн зовж байсныг харуулсан юм бодуулсан зохиол. Уншиж дуусаад өөрийн эрхгүй өвөг дээдэс маань ямар ч хэцүү амьдрал туулсан юм бэ дэ, жаргаж чадалгүй хорвоог элээж хөөрхийс гэж бодогдсон шүү.


Мэдэх ном алгаа хэхэ

Энэ хэсэг номон дундаас тэр Тракторын ажлын зохион байгуулалт ба технологи гэдэг ном анхаарал татсан. Орчин үед үүнийг авч уншдаг хүн гэж байдаг юм болов уу гэдэг үүднээс онцлоод зургийг нь дарсан юм. Дээр үеийн тракторууд одоо бүгд Уманибадмихумпад болсон байх. Хятадын падподпадпадпод ямар технологитойг ёстой чөөгий агаа ч бүү мэд.

Хажууд нь байгаа Галт тэрэгний жолоодлогын онолын үндэс бол харин хэрэгтэй байх шүү. Ленинээр заалгасан дөрвөн хичээлийг хэн унших бол? Одоогийн хүүхдүүд Ленин гэж хэн юм гэх байлгүй. Тэгэхээр миний үеийнхэн, надаас ахмад үеийнхэн хуучнаа дурсаад сөхөж харж мэднэ.

Физик?

Үнэнийг хэлэхэд энэ Физикийн сурах бичгийг би сөхөж харж үзээгүй ээ. Тодорхой шалтгаанаар муу муу сураад энэ сурах бичгийг сөхөж харах хувь дутсаан ккк хахаха. Тэгээд л одоо физикийн талаар нарийн мэдэхгүй нэгийн нэмнээ, нэгдлийн гахай, хоёрын хоргол, хойшоо харсан ногоон жорлон шиг л амьтан яваам хөөрхий гэхгүй юу.

Островская.Р Николай Островскийн амьдрал- Миний амьдралд маш том нөлөө үзүүлсэн ном. Ээжийг маань их сургууль төгсөхөд аавын авга ах бэлэглэж байсан. Бие муу шалтгаанаар гэртээ ганцаар уйдаж үлддэг хүүхэд байхдаа энэ номыг уншаад л хэвтээд байдаг байж билээ. Миний зүрх хорин хоёр настай гэж хэлдэг хөл гар нь хөдлөхөө больж яваа таяг тулсан залуугийн цоглог, хөгжилтэй юунд ч бууж өгдөггүй зангийн талаар, сохорч, хэвтэрт орсон хойноо ч бичих гэж оролдож, зүтгэж, бичиж байсан он жилүүдийн тухай эхнэр нь бичсэн ном. Уншсан хүмүүс харамсахааргүй л ном доо уг нь.

Хуучин номын худалдаагаар аяласан тэмдэглэл маань нэг иймэрхүү :)

Comments

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...