Би би би би гээд өөрийнхөө тухай бичээд байгаа гаруудад уншдаг хүмүүс дургүй гэж хэлэх хүнтэй таарч байлаа. Гэхдээ би бол би би би би, миний тухай гээд ганцхан өөрийнхөө л тухай эргүүлж тойруулж бичээд, мөлжөөд байдаг штэ.
Хаяагаа манадаг муу санаатай ч гэх үү дээ аль болох гэмгүй буух буулт нь миний л мөрөн дээр, эцсийн үр дагвар нь миний л өөрийн толгой дээр буух зүйл хийдэг хүн шиг байна гэж дүгнээд байна. Нөгөө талаас нь харвал бусад хүнд аль болох дараа учруулахгүй, гай болохгүй байхыг хичээдэг хүн. Гэхдээ энэ нь миний бодсоноос шал эсрэг байдаг юм билээ. Нэг жишээ байна. Сая аялалаар явахдаа нэг охинтой цуг унтдаг байсан юм, өргөн хоёр хүний орон дээр. Би ч угаас хүнтэй цуг унтаж сураагүй, амиа хичээсэн нэгэн болохоор өөрийнхөө буланд шигдээд, гай болохгүй гэсэн аятай нугдайтлаа унтчихдаг хүн. Тэгтэл нэг орой нөгөө охин маань хумсаа будаж будаж намайг орондоо орсон хойно ирээд хэвтээд өглөө. Би ч унтаад өглөө, шөнө жаахан даараад, хөнжлийн булан мөрнөөс мултраад сэртэл харин нөгөөх маань хөнжил дотроо биш хөнжил дээрээ хувцастайгаа унтчихаж. Даарч байсан болохоор хөнжлөөсөө татаад үзтэл сэрэх шинжгүй, бүр хүчтэй угзраад авдаг юм уу гэснээ сайхан унтаж байхад нь сэрээчихвэл буцаад унтаж чадахгүй байх амраг гэж бодоод тэсээд буцаад унтаад өгсөн хэхэ.
Маргааш нь хамт яваа улс дундаа шөнө яаж хоносон тухайгаа ярьцгааж байтал харин нэг залуу намайг нь чи хүнийг хайрлаж чаддаггүй юм байна штэ гэхийн. Гайхаад би харин хайрлаад сэрээхгүй байгаа биз дээ гэтэл, "тэр чинь буруу хайр штэ, хүнийг хайрлах гэвэл хөнжлийг нь татаж аваад хучаад унтуулдыштэ манай авгай дандаа хамаг хөнжлөө тийрч унтдаг би хайрласандаа болоод сэрж, хучаад тэврээд унтдаг" гэдэг байгаа хэхэ. Би ч юугаа мэдэх үү ямар хүнтэй цуг унтаж сурсан биш л гэсэн. Нөгөө охин маань болохоор хумсын будгаа хатаах гэж хэвтээд тас явчихсан байна лээ, өглөө их даарсан сэрсэн гээд хэхэ.
Йимэрхүү байдлаас дүгнээд үзэхэд яг түс тас шийдвэр гаргадаггүй, эргэж буцсан, эрсдэлтэй байж мэдэх тууштай, зоригтой алхам хийхээс их зайлсхийдэг, бөөрөнхий талдаа хүн юм шиг байнаа, би нь. Дөнгөж сая нэг хүн асуулаа л даа, яг асууж байгааг нь ойлгосонгүй, дахиад асуугаач гэтэл чи яг одоо хайр дурлал хайж байгаа хүн байна тийм үү, шийдвэртэй хариу хэл гэхийн хэхэ. Хариуд нь хайсан бишээ, хүлээж байна, хүрээд ирвэл харан байж л шийднэ дээ гэтэл харин наадах чинь цагийн гарз, цонхоор гэрэл тусангуут гарч үзэх хэрэгтэй, орж ирэхийг хүлээгээд хэрэггүй гэж байна хэхэ.
Гэхдээ яг өөрийн байдлаа бол товч бөгөөд тодорхойгоор нуулгүй хэлж чаддаг нь миний давуу тал юм уу даа. Худлаа чимж, илүү дутуу маяглах тухай бодохгүй, тийм ээ, үгүй ээ, тэгсээн, ингэсээн, аан ийм учраас би тийм алхам хийсэн юмаа, тэгж хэлсэн юмаа гээд шудрагаар хэлчихдэг юмаа. Цаад хүн намайг буруу ойлгох болов уу, дургүй болох болов уу, дарга загнах болов уу гэх мэтийн юм ёстой санахгүй штэ. Тэгээд л байсан байрандаа байгаад байдаг байх гэж санахым хэхэ.
Comments
Post a Comment