Өглөө сайхан зүүд зүүдлээд таамшаалаад унтаж байтал хөл даараад сэрчихсэн. Тэгээд нойрмогоо гаргах гэж аяга каппучино уучихаад гартал агаар гэж үнэхээр сайхан. Хурмаст тэнгэр маань хотын бохирыг угаах гэж их хичээжээ.
Зам таарсан бүхэн рүү инээмсэглэн харна даа гэж өөртөө тушаал өгөөд том том алхаад явлаа. Гудманд согтуу унтаж байгаа ахыг хараад харамсах сэтгэл төрсөн ч эх орондоо айх аюулгүй амар тайван унтаж байгаа жаргалтай хүн юм байна гэж бодохыг хичээлээ.
Цаашаа явтал үр хүүхдээ салхилуулсан хүмүүс их байнаа. Хотод цэвэр агаар хичнээн дутагдаж байгааг, хүмүүс хүүхдээ энэ их тоос шорооноос хамгаалах хүсэл эрмэлзлэл ихтэй чадлаараа хичээж байгааг бас дахин мэдрээд инээмсэглэв. Хөлд ороод удаагүй хүү баацагнан гүйхэд хажууд нь 8-9 настай ах нь дүүгээ уначих вий гэж айсан янзтай хазайвал тэврээд авахад бэлэн байдалтай дагаад гүйхийг хараад ихэд өхөөрдөв.
Гудамжинд автобусны буудал дээр нэг тааруухан явдаг болов уу гэмээр эгч том жижиг хэдэн хүүхэд дагуулчихсан, хамгийн бага төрөөд удаагүй улаан нялзрай юмныхаа өлгийг задалчихсан хоёр хөлөөс нь өргөж байгаад живхийг нь сольж байхыг хараад жигтэйхэн ихээр гуниг төрөөд явчихсан. Юунд гэдгийг бүү мэд.
Сэтгэл хөндүүр байсан ч инээмсэглэх гэж хичээж, санаснаараа зөрж өнгөрсөн бүхэнд инээмсэглэл бэлэглэсээр явж ажил дээрээ ирлээ.
Бороо ороод газар дэвтэж тэнгэр хангай хүртэл Улаанбаатрыг цэвэрлэж өгөх гэж чадлаараа хичээсний маргааш цэвэр агаартай өглөө гудманд тамхи татаж байгаа хүмүүс хамгийн муухай байсныг яагаад ч уучилж чадахгүй юм байна хэхэ.
Comments
Post a Comment