Оросын зохиолч Борис Балтерийн энэ туужийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Гэвч миний хувьд хүүхэд насны минь хамгийн дурсгалтай үеүдийн салшгүй хэсэг болсон зохиол.
...Тэнгисийн эрэг дээрхи бяцхан хотод амьдрах Володя хүү, түүний салшгүй сайн найз Сашка, Витка нарын хүүхэд насны баяр хөөр, анхны дурлалын тухай энэ зохиолд гардаг.
...Сашка хүү Катя гэдэг найз охинтой, харин Виткагийн найз охиныг Женя гэдэг. Нэг нь эмч, нөгөө нь дуучин болохыг хүсдэг охид. Харин туужийн гол баатар маань өөрөөсөө дүүмэд, татар гаралтай, хурц зан ааштай, эгдүүтэй сэргэлэн Инка хэмээх охинтой танилцаж, үерхэж, анхны нандин бүхнээ хуваалцдаг.
...Хэсрүү, биеэ даасан бодолтой багаасаа эцэггүй өссөн, амьдралдаа цөөхөн удаа шинэ хувцас өмссөн Володя хүүгийн ээж намын ажилтан, үргэлж завгүй байдаг бол еврэй гаралтай, хоолноос өөр юм боддоггүй ховдог, үнэрч, зангуу хочтой Сашка хүүгийн аав эмч, тиймээс тэр эмч болохыг хүсдэг. Давсны үйлдвэрийн ажилчин, хожуу бичиг үсэгт тайлагдсан аав нь багш бол хамгийн сайхан мэрэгжил гэж үзэж цагаан цайлган сэтгэлтэй, өрөвчхөн Витка хүүгээ багш болгохыг хүсдэг байж. Гэтэл нэгэн нартай сайхан өдөр сайх гурван хүүг сургуулиа төгсөөд цэргийн албанд орохыг сургуулийн комсмолын ажилтан ятгаж, үгэндээ оруулснаар бүх юм эхэлдэг.
Хувь заяаг нь өөрчилсөн энэ тохиолдол, үүнээс үүдсэн гэр бүлийн асуудлууд болон гурван хүүгийн нөхөрлөл, жижигхэн хотын сонин содон амьдрал бүхнийг өгүүлсэн үнэхээрийн сайхан тууж.
...Ээжийх нь авч өгсөн цоо шинэ эрээн цамцыг найз охин нь угааж өгөхөөр болж, хүйтэн усанд биш халуун усанд угаалгасан цамц нь тэр гэхийн тэмдэггүй эрээн цоохор болсон хэдий ч Володя хүү тоохгүй өмсөж орхидог. Витка найз нь түүнийг харж гайхаж, угаасаа ийм эрээн цоохор юм уу эсвэл... гэдгийг ойлгохгүй байна гэдэг бол Сашка найз нь Бразил улсад бол наад цамц чинь гоёлын цамцанд тооцогдох байх хэмээн цагаахнаар дооголож хариуд нь Володя за ямартай ч шинэ л цамц юм чинь дээ хэмээн найз охиноо өмөөрөх...
...Витка найз нь дэлхийн хоёрдугаар дайнд хороогоо командалж яваад амь эрсддэг бол түүнээс арав гаран жилийн дараа цэргийн мэс засалч найз Сашка нь баривчлагдан амиа алддаг.
Хүүхэд насны хамгийн нандин бүхнээ, амьдралын эргүүлэгт орж салж одсоноосоо хойш дахин хэзээ ч хараагүй найз охиноо дурсаж, түүнийхээ ярьдаг байсан үл таних сайхан нисгэгчтэй адилхан болох гэж сахлаа хусах бүрдээ үнэртэй ус түрхэж, «Северной Пальмиры» тамхи татаж, хэзээ хэзээгүй хаагдах зүрхний өвчиндөө шаналсан туужийн гол баатар маань олон жилийн дараа юу юунаас илүүтэй найзуудаараа дутаж байгаагаа, амьдралых нь хамгийн үнэ цэнтэй зүйл юу байсныг ойлгож шаналж байгааг уншихад эмгэнэлтэй хэдий ч хүүхэд насны цагаахан дурсамжаа энэ туужгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.

Comments
Post a Comment