Түмэн чиг олон адууны дундаас
Төгрөг сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ дэ хө
Түмэн чиг олон хүний дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр маань тормойж харгадана даа хө...
Урлагийн хүмүүс ямар сайхан юм бэ. Сүүлийн хэд хоног энд тэнд янз бүрийн тоглолт үзээд тэр бүртээ авъяасыг нь толгой сэгсэрч шагшиж байнаа хэхэ. Үзсэн тоглолтуудын содон нь гэвэл "Түмэн эх" чуулгын тоглолт. Мэргэжлийн ансамбль гэсэндээ аргагүй л өөр байна лээ.
Тоглолт нь яг цагтаа эхэлж, ганц ч хором дэмий алдахгүйгээр цагаа бүрэн дүүрэн ашигласаар цагтаа дуусч байсан.
Хэдийгээр цомхон бүрэлдэхүүнтэй ч хөгжимчид нь л гэхэд давхар өөр хөгжим тоглох, хөөмийлөх гэхчлэн олон төрлийн үзүүлбэр үзүүлэх юм билээ.
...Мянган чиг олон адууны дундаасаа
Магнай сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ ээ хө
Мянган чиг олон хүмүүний дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр минь тормойж харгадана даа хө...
Тоглолтын явцад өөрийн эрхгүй Монголоороо бахархаж, Монгол ардынхаа урлагийн гайхамшигийг мэдэрч суулаа. Тоглолтын тайз нь өвөрмөц, бараг тулж суугаад үздэг болохоор хүчтэй сэтгэгдэл төрүүлэх юм билээ. Жанцанноров гуайн зохиолыг морин хуураар гоцлон хөгжимдсөн залуугийн гарын хөдөлгөөнийг хараад бараг нулимс гаран алдсан хэхэ.
Баргалж хуур нь амилаад хуурын морин толгой нь янцгаасан юм бишүү.
Алхан чиг хээтэй бугуйвчийгээ хө
Арслан хотын урчуудаар сийлүүлсиймаа хө
Асгаруулан мэлмэрүүлэн уйлаад яах вэ хө
Амар болоод мэнд л явбал уулзана шүү дэ хө
Ардын маань дууны үг ямар гайхамшигтай юм. Адуучин хэмээх энэ дууг урд нь мэддэггүй байсан. Тэгсэн нэг залуухан хүү дуулж байна лээ. Энгийн хэрнээ хачин тансаг үгтэй, ёстой л сэтгэл гэгэлзүүлсэн хөнгхөөн хөөрхөн дуу.
Дашрамд дурдахад "Түмэн эх" чуулга Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор өөрийн даруухан байшиндаа тоглолтоо сонирхуулдаг юм билээ. Өдөр бүр 18 цагаас тоглолттой, тоглолт нь 1 цаг үргэлжилдэг. Хөөмий, Уртын болон Ардын богино дуу, Уран нугралт, Цамын бүжиг, Бий биелгээ, Ардын хөгжим гэх мэт үзүүлбэртэй. Монгол хүн 8000₮ харин гадаадын хүн 15000₮ тэгээд зураг авбал 5000₮ бичлэг хийвэл 15000₮ гэсэн.
Над шиг төөрөмхий, УБ хотыг мэдэхгүй эргүү хүн байхгүй байх л даа гэхдээ парк чинь Баянгол зочид буудлын хажуугийн автобусны буудал дээр буугаад эсрэг тал руу нь зам гараад жаахан урагшаа явахад олчихоор юм билээ. Би мэдэлгүй Зайсан хавьцаа байдаг гэж бодоод Энхтайвны гүүр давж автобуснаас буугаад тэгээд хүн амьтнаар заалгаж буцаж Энхтайвны гүүрэн дээгүүр алхаж байж олж очсон хэхэ. Завтай болоод сонирхсон хүмүүс очоод үзчихэд харамсахааргүй юм билээ шүү.
Comments
Post a Comment