юм зөндөө байна.
Юуны түрүүнд блогтоо жаахан жуухан өөрчлөлт хийчихлээ. Anon comment авдаггүй хаалттай хэдэн жил болсон байснаа нээлээ...
Яагаад хаасан гэхээр одоо эргээд бодоход зарим нэг үл таних баагийнуудын довтолгооноос залхсан байх нь.
Эцэс төгсгөлгүй довтолдог нийгэмд амьдраад байна уу даа.
Одоо довтлохоо больсон гэвэл үгүй, бахь байдгаараа гэхдээ блог уншдаг хүн гэж ховордсон, манайд орж ирдэг хүн гэж цөөхөн болохоор нээчихсэн хэрэг.
Санаа алдсан шалтгаан нь энгийн ч юм шиг тэгсэн хирнээ бодмоор ч юм шиг... Үнэндээ би нутгаа орхимооргүй байна гэхдээ уйдаад байна, хаашаа ч юм явмаар ирэлгүй хэдэн арван жил болчихмоор тэнэмэл адын бодол төрөөд байна.
Уг нь надад нутгаасаа явахгүй байх шалтгаан үгүй, бас явах шалтгаан үгүй. Гэхдээ л эх орноосоо явах хүсэлгүй байдаг байсым л.
Сүүлийн үес эсэргээрээ болоод. Юуны төлөө, яах гэж би энд байгаад байгаа юм бэ гэж өөрөөсөө асуух нь их боллоо. Юу ч хийсэн муулна, хийхгүй байсан ч муулна, болохгүй бол зохиогоод ч болтугай муулна гэдэг шиг юм болгонд маань оролцоод байгаа эргэн тойрныхон маань улам л төвөгтэй санагддаг болоод байна.
Манай гэр бүлийхэн биш шүү. Тэд маань миний амьдралд оролцдоггүй, аюулгүй байдлын үүднээс надаас юу хийх яах гэж байгааг, хаашаа хэнтэй явах гэж байгааг асуух уу гэхээс нарийн ширийнд бол огт оролцдоггүй сайхан хүмүүс.
Харин бусад хүмүүс бол нүүрний арьсаа харуулсан бол шүүмжилж, өөлж гоочилж, намайг ямар нэгэн дөрвөлжин, гурвалжин, эсвэл гонзгой дүрсэнд ороогүйн төлөө уурлаж, учирлаж, энэ чигээрээ явбал миний амьдрал хэрхэн сүйрэх тухай, үхэх цагтаа зовох тухай, жаргаж үл үзэх тухай, за бараг хойд насандаа хонин гүрвэл ч болох заяагүй тухай өч төчнөөн сургааль айлдахаас залхаад байна, залхаад байна хэхэ.
Хэлбэр дүрсгүй амьдарч болохоо байсан орчинд яаж ч нуугдсан хөгширч байгаа, ганцаараа байгаа, дуртай ажлаа хийж байгаа, хэн нэгнийг тоогоогүйн төлөө, уулзаж ууж идээгүйн төлөө, эсвэл үнэ төлбөргүй ажил хийж өгөөгүйн төлөө, гадаад орноор олон явсны төлөө, цаашилбал эр хүнтэй уулзаагүй унтаагүй хэвтээгүйн төлөө, тийм юм байлаа гэхэд тэдэнд тоочиж яриагүйн төлөө... мөн ч олон юмны төлөө буруутан болохоос залхаж байна даа...
Бас нутагтаа байхаар цаанаа л сэтгэл өвдөөд байх юм. Цагаан сар болж улс амьтан баярлаж байхад би зурагт мурагтаар гарах хөгшчүүдийг хараад хачин ихээр гуниглаад...
Хийж чаддаг ч юмгүй болсон, хэрэгтэй хэрэггүй нь ч үл мэдэгдэх болсон, эрхбиш амьд явсных жилдээ ганц удаа цагаан сараар хэрэг нь гарч, хадаг барьж хүн амьтан үнсэх, бусад үед хэнд ч үл тоогдох өөрийн гэсэн хөрөнгө үгүй хүсснээ хийх боломж үгүй тэр буурлуудыг харахаар сэтгэл хямрана.
Над шиг зурагтын дэлгэцнээс баяр хөөртэй золгож байгаа хөгшчүүдийг харчихаад эсэргээр нь хэцүүг нь бодож хямраад байдаг хүн гэж байдаг юм болов уу хэхэ. Залуудаа цалгиж явж байхдаа ийм байгаагүй байж таарна. Хөгшрөхөөрөө хэнд ч хэрэггүй болж, үхтлээ ингээд л зүгээр суу гээд орхигдчихсон ч юм шиг. Ажилд авахгүй, тэтгэвэрээс өөр орлого үгүй, гэртээ суухаас өөр хийх юм үгүй хүмүүсийн тухай бодохоор би бас ийм байх уу гэж өөрөөсөө ахин дахин асуугаад санаа алдах... Би ч хөгшрөхөөрөө ингээд тэдэн шиг л өдөр хоногоо хүлээгээд санаа алдаад суух байх даа...
Comments
Post a Comment