На на на на... гэсээр дахиад л тэсэлгүй ороод ирлээ.
Өнөөдөр завтай байгаа хэрэг үү эсвэл сэтгэл гэгэлзээд тэр үү бичлэг бичээд баймаар санагдсан ч юм уу мэдэхгүй...
Өчигдөр гэнэт өөрийгөө анзаарлаа. Өөрийгөө нээх анзаарахгүй өдөр хоногийн хурдыг гүйцэх гэж довтолгож давхисаар өчнөөн удсан байх нь...
Нэг зочин надаас ямар ажил хийдэг тухай асууж, гадаад их явдаг сайхан ажилтай юм гэж бичсэн байхыг хараад нилээн бодолхийлсэн...
Өөрийгөө би тэгж санасандаа хүрсэн гэж боддоггүй, бас хүрэх ёстой хязгаартаа хүрсэн гэж ч боддоггүй... Одоо хүрсэн энэ цэгээ төгсгөл гэж боддоггүй... Ялангуяа хүн надаас тэгж асуухад зогтусах шиг болж эргэцүүлээд бодсны дараа өөртөө юу хэлсэн бэ гэвэл "Энэ бол зөвхөн ЭХЛЭЛ.
Бичиж байсан сэдвээсээ хазайчихжээ хэхэ. Асуусан хүнд хариулахад миний гадагш их явдаг маань зөвхөн нэг шалтгаантай биш юм шүү. Нэг л ажлаар дахин дахин явдаггүй л дээ гэхдээ ер нь бол чиглэл нь нэг л дээ. Бас би үнэхээр таны бичсэн шиг сайхан ажилтай болохыг гадагш үргэлж явж байдаг тийм чухал, онцгой нэгэн байхыг хүссэн хэвээр байна хэхэ.
Гадагш явах маань хувийн ажил ч байна хувьсгалын ажил ч байна. Гэхдээ энэ удаад анх удаагаа хувийн өөрөөр хэлбэл 100% ямар нэг ажил далимдуулалгүй цэвэр гэр бүлийхэн дээрээ зочлохоор ирээд байгаа нь энэ.
Урд нь нилээн хэдэн орноор байсгээд явдаг байсан ч тэр бүрдээ ажил байлаа. Би ихээхэн идэвхтэй хүн. Юм юманд оролцдог бас боломжийг ичиж зовохгүйгээр их хайдаг байлаа.
Одоо бол Олон Улсын байгууллагад тогтмол цагийн ажилтан биш ч гэсэн тодорхой үүрэг хариуцлага хүлээж ажиллах болсон тул тэр шугамаараа нилээн явах болдог юм.
Дэндүү залуу насандаа гэхүү дээ яг орь залуу байхдаа буюу 20-27 хүртэл надад ямар ч боломж байгаагүй. Хүнд хэлэхэд итгэхгүй байх л даа гэхдээ би үнэндээ 25 хүртлээ ув улаан хацартай урт хар гэзэгтэй малчин охин байсан юм шүү. Хэхэ хаха ямар муухай инээчихэв ээ гэхдээ ямартай ч үнэн.
Өдийг хүртэл явахдаа өөрийгөө хичнээн чармайж, хичнээн зүтгэж, яаж их хүсэж мөрөөдөж, ямар их юмыг хойш тавьж байснаа төдийлөн азаардаггүй байжээ. Өчигдөрхөн гэнэт нэг бясалгахуй ахуйд ороод түрхээн зуур суухдаа гэнэт анзаарч урагш тэмүүлэхээ болио юу гэж дуу алдлаа шүү дээ.
Хоёрхон жилийн өмнө бүр ганцхан жилийн өмнө би их хүсэл тэмүүлэлтэй байв, хүсэл бас зорилго байсан гэсэн үг. Ямартай ч сүмд эсвэл ямар нэг хүслээ шивнэчихэж болох газар орохдоо шивнэх сайхан хүсэл мөрөөдөл байдаг байсан юм байна. Сая гэтэл гэнэт өөрийгөө анзаарч хэдий хугацаагаар дотроо эсвэл аль нэг ахуйд хүслээ шивнээгүй, сэтгэлээ ариусгаагүйгээ мэдэрч дотроо дуу алдав...
Хүн мартахдаа амархан юм байна... Яг жилийн өмнө би юу гэж бодож байсан гээч... Одоо байгаа орчиндоо ялимгүй ч атугай дөхөхийг, ямар нэг шийдвэртэй алхам хийхийг хүсэж, амжилттай байх үгүйдээ гэхэд хүсэл, зорилгоо биелүүлэх орчноо өөрөө бүрдүүлэх гарцаа олох хэрэгтэй гэж дотроо үнэнээсээ бодож чин сэтгэлээсээ хүсэж байсан юм шүү.
Гэтэл дөнгөж биелээд эхлэнгүүт л хүсэж мөрөөдөх, зориглож нэг шугмаар урагш харан зүтгэхээ болиод эхлэсэн байх нь...
Дахиад хэлье энэ бол зөвхөн ЭХЛЭЛ... Цаашид улам л урагшаа бас өөдөө тэмүүлэх болно. Гэхдээ хүн ямар өндөрт гарснаа унахаас нааш мэддэггүй гэж үг байдаг. Хэдий хир өндөрт гарснаа одоо би хэлж мэдэхгүй гэхдээ ямар ч байсан би зүгээр байрандаа суугаагүй ээ.
Ямархуу байсан тухай, яаж ганцаарддаг, эсвэл замаа олох гэж хэрхэн бүдчиж урагшилж байсан тухай энэ блог дээр минь бичээстэй байгаа. Газар унасан хүн газраа түшиж босдог гээд л зүтгэдэг байлаа. Түүнийгээ өрөө ч мартаад эхлэсэн явж байх юм...
Нэмж хэлэхэд "Гадагшаа явах" гэдэг бол ямар нэг юмны хүрэх ёстой эцсийн цэг, туйл биш юм. Үнэндээ одооноос ажлаар ийш тийш нисэхээс залхаж эхэлж байна. Ядардаг бас ажлын ачаалал их байдаг болохоор юм үзэж харах завгүй байх нь элбэг. Гадагшаа явдаг хүнийг сайхан гэж боддог бол тэгж гадагшаа явах орчноо өөрсдөө бүрдүүлэх нь зөв. Өөрөө явдаг, ажилладаг хүмүүс бол ингэж явахын сайн муу, сайхан бас муухайг нь мэддэг болох байх л даа.
Яг одоо л гэхэд надад 54 хуудас тайлан ирчихсэн байна. Жилийн эцэс гээд ингэж байгаа юм уу гэтэл үгүй ээ. Онгирч байгаа юм биш гэхдээ НҮБ-ээс гаргах бодолгын баримт бичигт санал тусгах хэрэг байсгээд л гарна, тэр бүхэнд оюун ухаанаа нэмэрлэх нь байна үгүй ч банйа. Уншиж судлах, ой тойндоо тогтоох хэрэгтэй, бас цаана нь өчнөөн тийм хууль дүрэм, олон улсын баримт бичиг, судлах асуудлууд тасралтгүй л ирнэ. Тэр бүхэнд гологдохгүй, чирэгдэхгүй улсынхаа нэрийг баастчихгүй, бас нэр байна хор байна Монгол хүний оюуны потенциаль ямар болохыг харуулж хувь нэмрээ оруулчих гээд л үзэж тарна. Хааяадаа ядахнаа миний эх хэл дээр байсан ч болоосой сайхан тачигнуулаад явчих юмсандаа гэж арга тасарна. Монголд маань орчин байсан болоосой, надад заагаад өгөх багш байсан болоосой гэж бодох, шантрах үе зөндөө. Төдийгөөс өдий хүртэл зүтгэхдээ ихэнхи зүйлийг би өөрөө бие дааж оролдож зүтгэж сурсан, боломжоо өөрөө л бүрдүүлсэн гэхэд болох байх. Тиймдээ ч зүтгэл байхад зүүний үзүүрээр ч юм хийж болно гэж хэлэх гэсийн.
Бурхан надад маш сайн хүмүүсийг илгээдэг нь миний хувь заяа. Миний аав ээж, ах эгч, миний найзууд бүгд намайг хүндэлдэг, дэмждэг, хайрладаг, ойлгодог. Үүнд би хувь заяандаа үргэлж талархаж явдаг. Гэхдээ хүлээн хүндлэн байж хүний хайрыг татна гэдэгчлэн хэрэв би муу байсан бол тэгж хүндлэхгүй л байх байсан байх. Үүнд бас олон жилийн тэвчээр өөрийн гэсэн ухамсар нөлөөлөх нь тодорхой. Бусдын итгэл хүндэлийг тодорхой хэмжээнд хүлээж, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ олон ч хүнд үл тоогдож, дээрэлхүүлж, гологдож сайн муугаар хэлүүлж, шоолуулж дорд үзэгдэж байсан нь ойлгомжтой. Гэхдээ тэр бүхэнд би муу санаж, гомдож өширхөж байгаагүй юм шүү.
Эцэст нь хэлэхэд би эх орноо хөгжүүлнэ гэж том том амлаж чадахгүй. Гэхдээ л нэг ч гэсэн хүн зүтгээд цөөхөн хэдхэн хүний хүрээнд ч гэсэн улсынхаа нэрийг гаргаад Монголд байгаа хүмүүстээ бага ч атугай гэрэл гаргаж чадаж байвал миний хийж чадах юм тэр гэж өөрийгөө хааяадаа нэг өрөвдөнгүй урамшуулдын хэхэ.
Comments
Post a Comment