Хажуугийн хамар дээр гарч нутгийн өнгө төрхийг дурандлаа. Дуран байдаг ч энэ удаад бол камераа авч явлаа. Уг нь бол тийм төлөвлөгөө байгаагүй, агаар амьсгалахаар үүдэндээ сандал тавьж ном уншиж байхад эрээн цоохор сүүлтэй богширго шувуу хашаан дээр сууснаас бүх юм эхэлсэн юм даа.
Гялс гэртээ гүйж ороод аппратаа авчраад зургийг нь хальт дараад үлдлээ. Үүлс ярагдан нар цухуйж борооны үнэр сэтгэл сэргэтэл ханхийж эхэлхэд гэнэт хажуугийн хамар дээр гарч салхилангаа хэдэн кадр даръя гэж бодон уншиж байсан номоо сугандаа хавчуулаад гэрээ цоожлоод гарлаа.
Аав ээж хоёрыг найз нь гэртээ дайлж цайлахаар урьж, миний цагаар өглөө эрт буюу үдийн 12 цагаас намайг орондоо байхад орж ирж дуулгаад явцгаасан тул гэрээ цоожлох болсон хэрэг.
Урд өдөр ээж намайг агаар салхинд гарсангүй ядахнаа хажуугийн хамар дээр гарахгүй гэж зэмлэхээр нь “Гүй ээ гарахаар аав нохойд уруулна гээд үглээд намайг дагаж яваад, тэгээд нээрээ ч урд жилүүдэд нохойнууд намайг барьж идчих гээд байдаг байсан шдээ” гэж өөрийгөө өмгөөлсөн.
Манай гудамж ялангуяа манай дээд доод хашааны айлууд айхтар зуудаг, давхидаг нохойтой гэдгийг нь би мэддэг, уржнан билүү өглөө гүйдэг баатар болж 6 цагаас гарч гүйгээд гудамжны ноходод хөөгдөж чулуугаар шидэж байж орж ирсэн паянтай болохоор зүрх үхээд байлаа л даа.
Аз таарахад энэ удаад ноход байсангүй. Тэгээд урамтай нь аргагүй хажуугийн эгц шовгор хамар өөд алхлаа. Уншихаар дунд нь оруулаад үргэлжлүүлэн уншиж яваа ном маань нэрт цаг уурч, соёлын гавъяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн гуайн “Цэнхэр далайн мандалд” гэдэг ном. Шагдарсүрэн гуай манай аавтай нэг нутаг, эцэг нь “Эрхий” билүү “Чигчий” Дамба хэмээх жижкээн өвгөн байдаг тухай ааваас дуулсан байв. Шагдарсүрэн гуайн охин Номикотой би ажил хэргийн шугамаар холбогдож таних болсон билээ.
Ном нь Мусоны тухай судлахаар задгай далайд 2 жил дараалан нэрт судлаач Чулуунбат гуайтай цуг ажилласан тухайгаа өдрийн тэмдэглэл дээрээ үндэслэн бичсэн их сайхан ном.
Яг л хөдөө хээр уншиж хэвтэхэд таарсан бөлгөө. Хадат ухаа хамрын энгэрт ном уншиж хэвтэхдээ хонь хариулангаа ном уншдаг байсан цагаа их санаж, одоо ч хонь биш өөрөө өөрийгөө “хариулах” болж дээ гэж бага зэрэг харамсангүй тэгсэн хирнээ ингэж хэвэж буйдаа туйлын сэтгэл хангалуунаар бодсон бөлгөө. Ном унших завсар зайгаар камер юугаа дуран авай болгон хувиргаж хол ойрын барааг дурандаж кадрт үлдээсэн шиг тааваараа хэвтэв.
Тэр зуур бодсон нь Миний багад манай ойр хавийнхан, хөгшчүүд ер нь дурангаас салдаггүй, тэгээд дурандаж үзэж харснаа мартдаггүй тэнд энд тийм адуу мал тэндээс эндээс гарч ирээд тийш ийш бэлчихээс авхуулаад хэнийд хаанаас ямар хувцастай хүн ирсэн, явсан, замаар давхисан зэргийг туйлын сайн тогтоож бүр ургуулан бодоод учир шалтгааныг тайлж орхидог асаныг бодож өөрийгөө тэдэнтэй харьцуулж үзэхэд санах ой, харааны болон орон зай, ургуулан бодох баримжаа юундаа эрхгүй эргэлзэв.
Камер байгаагүй үзсэн харснаа кадрт үлдээгээгүй бол үнэндээ сэтгэлд торж үлдээсэн, ой тоондоо хадгалсан юм юу ч үгүй байх нь тэр ээ. Иймэрхүү дүр төрхүүд байсан байх нь….
ямар сайхан зургууд аваа бээ??? гайхалтай сайхан харагдаж байна
ReplyDeleteИх гоё зурагнууд байна. Энэ хаанах вэ?
ReplyDeleteзураг нь дээрээ photo by гэхгүй бол хаа нэгнээс зургаа олж хараваа яасан гоё зурагнууд вэ? ногоон тал дээр 2 гэрийн зургыг нь харах яасан гоё байна аа, хөдөө явахсан...
ReplyDeleteБи өмнөх бичлэгүүдийг уншаад яагаад ч юм говьд амарч байна гэж бодоод байсан чинь энэ зургуудыг харвал сайхан хангай газар байна. Хангайн сум их гоё, нов ногоон чийг ногоо үнэртээд гоё шүү.
ReplyDeleteБүгдэд нь баярлалаа. Тийм ээ, би төрсөн нутагтаа Өвөрхангайд амарч байна да. Манай хангай чинь юм юмтай үнэхээрийн сайхан газар шүү дэ. Өвөрхангайн Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Бүрд, Өлзийт гээд л аялал жуучлалын тулгуур нутаг сайхан газар даа.
ReplyDelete