Дурсамжаа бичнээ ерөөсөө хэхэ. Уртаас урт дурсамж. Тасалж оруулдаг юм уу хаашайн.
Гэнэт санаанд орж ирээд байх юм. Уг нь тэмдэглэл хөтлөөд явсан бол зөндөө сонин юм байх байсан байхаа. Хүүхэд байхдаа тэмдэглэл хөтөлж байсан юм, сүүлд тэмдэглэлээ уншихад өөрөө санахгүй зөндөө юм гарч ирж байсан шүү.
Энэ удаад хотод анх орж ирж байсан тухайгаа санаж байгаагаа бичээд авъя байз. Анх хотод орж ирсэн маань их эрт 9 настай байхад л даа. Царцаа ногоон гээд онгоц тэр үед хот аймаг, сум хооронд нисдэг байлаа штэ. Гэхдээ манай сум чинь бараг аймгийн төвийн зиндааны чухал бүс нутаг байсан болохоор арай өөр онгоц явдаг байсан юм. Нэрийг нь мартаж ээ, "Би нисэх дуртай"-д гараад байдаггүй юу. Аавтайгаа хамт тийм онгоцоор анх хот руу нисэж байлаа. Сайндаа ч биш өвчин тусаад, тэрнийхээ "буянаар" ниссэн нь тэр хэхэ. Тэгээд яахуу дээ хотод ирээд эх нялхаст хэдэн сар хадагдсан юмдаг. Аав намайг сахина, ээж завгүй оюутан, одоогийнхтой адил чөлөө өгөх биш. Тэндээс гарахдаа эрүүл болж чадаагүй ч төмсний нухаш, жигнэсэн маханд ухаангүй дуртай болоод гарч байлаа. Одоо хамгийн дуртай хоол маань. Аав минь охиноо эрүүл болгож чадаагүй, харин хэдэн сар унталгүй сахиад тас хар толгойтой ороод цав цагаан үстэй гарч ирж байсан.
Цагаан сар өнгөрсөн хойно хавар эмнэлгээс гараад гэртээ харьж байгаа нь тэр. Сүүлд саяхан байна уу ээж надад "Хүүхэд өвдөх мөн ч хэцүү дээ, аав бид хоёр чинь 40 жил ханилахдаа ганц удаа л цагаан сар хийгээгүй нь чамайг өвдсөн тэр жил байсан. Тэгэхэд мөн ч хэцүү байсан даа" гэж байсан хэхэ.
Дараа нь бас хот орсым байна. Том ахыгаа оюутан болоод орос явахад нь гаргаж өгөх гэж. Намар нь байхаа. Тэгэхдээ санаж байгаагаас аав, ээжтэйгээ явж байгаад УИД-с хоёр эгчид, бас надад гоё торон цагаан оймс ээж авч өгч байсан. Аавтайгаа явж байгаад гудманд очерлож байж квас уусан хэхэ. Гэхдээ тэр квасны амтыг санадаггүймаа. Харин үйлдвэрийн тараг л их гоё амттай байсан нь санаанд үлдэж. Их л зөөлөн цагаан таглаатай, тэрийг эрхий хуруугаараа дараад хонхойлгож мулталдаг байсан юм даг. Бас өндөгөнд жигтэйхэн дуртай, эмнэлэгт чанасан өндөг идсээр байгаад өндөгний мангас болчихсон.
Хамгийн инээдтэй дурсамж гэвэл аавтайгаа парк орж тоглоод, тэгээд аймшгийн агуйд аавтайгаа цуг орж өвөр дээр нь суугаад жижиг машинаар яваад гарч ирсэн. Түрүүлж орсон хүмүүс айж царай марай нь хачин болоод гарч ирээд байсан. Би зүв зүгээр, дотор нь юу байдгийг ч мэдэлгүй гарч ирсэн, яагаад гэхээр аав намайг айна гэсэн юм байлгүй оронгуутаа миний нүдийг алгаараа таглаад тэгээд гарч ирсэн хойноо авсан байхгүй юу хахаха. Мөн ч үзүүлсэн байгаа биз хэхэ.
Улаан хуранд ээжийнхээ үеэл дүүгийнд байсан юм. Тэрнээс хойш дахиж Улаан Хуаран оролгүй өдийг хүрч байна. Одоо очвол мэдэж таних юм байхгүй байхаа. Дараагийн удаа хот орсон тухайгаа дараагийн бичлэгт хэхэ.
Comments
Post a Comment