Бага зэрэг гунигтай пост хийх гээд байна. Баяр болж байхад... гэвч гунигтай бодол төрөөд байх юм. Миний үеийнхэн, надаас залуу хүмүүс цэл залуугаараа янз бүрийн хүнд өвчнөөр өвдөж байгаа тухай, энэ нь агаарын бохирдол, идэж буй хоол хүнсний чанартай шууд холбоотой тухай, цаашилбал энэ бүхэн нь шийдэж болох асуудал, төрийн бодлого дутагдснаас үүдэлтэй гэх мэтийн зүйлсийг уншаад гунигтай санагдлаа.
Уг нь би өөрийн үеийхнээ хамгийн аз жаргалтай Монголчууд гэж боддог байлаа. Дээхэн үеийн тухай янз бүрийн уран зохиолын ном уншаад өвөг дээдэс маань яасан ч хэцүү амьдардаг байсан юм бэ дээ гэж өрөвддөг байлаа.
Зохиолч Н.Банзрагч гуайн өртөө замын тухай номноос дээр үеийнхэн манж, хятадын дарлалд хэрхэн дарлагдаж байсныг, манжийн дарлалаас гараад улс гүрнийхээ амьдралыг сайхан болгох гэж хэрхэн тэмцэж байсныг унших тусам өрөвддөг байсан юмаа. Гучин хэдэн оны хэлмэгдүүлэлтийн тухай уншаад бас өрөвдөнө, хэлмэгдүүлэлт арилаад нэгдэл нийгэм байгуулах гэж хамтрал коммунд ардуудыг албан хүчээр элсүүлж нугалаа гаргаж байсныг уншаад өрөвдөнө бүр цаашилбал эртний монголчууд улс гэрээ төвхнүүлэх гэж орондоо орох завгүй олзлолдон булаалдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байсныг уншаад ч өрөвддөг байлаа.
Үеийн үед Монгол түмэн минь жаргал гэдгийг үзээгүй мөн ч хэцүү байж дээ гэж боддог, миний үеийнхэн хамгийн жаргалтай нь гэж итгэдэг байсан.
Аав ээжийн минь үед ч бас амар байгаагүй. Соц нийгэм байгуулах гэж бүтээн босголтонд хамаг залуу насаа зориулж хүссэн газраа шилжин суурьших эрхгүй насаараа хөдөө амьдарсан аав ээжийгээ бас нийгмийн золиос л болсон гэж бодож өссийм. Залгуулаад 90-д оны зах зээлийн үед картын бараанд оочерлосон, олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг "шийтгэж" тэтгэвэрт хормоглон гаргасан гэхчлэн нийгэм массдаа чиглэсэн том бэрхшээл үүсгэж масс нь золиослогддог гэдгийг ухаарсан байсан бөгөөд энэ цаг үед сайн муу явах нь өөрөөс минь шалтгаалах болохоор хамгийн азтай нь гэж бодож байв.
Гэтэл үгүй юмаа. Энэ нийгэм маань бидний эрүүл мэндийг золиосолчихож. Иддэг хоол хүнснээс авхуулаад амьсгалдаг агаар хүртэл биднийг алхам тутамд хордуулж амьд явах нь амаргүй болж. 30-д оны хэлмэгдүүлэлт айл гэр бүрээс нэг хүн авч явахаар айлгаж, зүрхэнд нь хар сүүдэр үлдээдэг байсан бол орчин үеийн чимээгүй "хар хэлмэгдүүлэлт" хүн бүрд илэрхий айдас төрүүлэхгүй ч илүү хорлонтойгоор "сэмээрхэн" нэг нэгээр нь тоншоод л байх бололтой.
Хэзээ л нэг сайхан жаргалтай болох бол доо миний ард түмэн. Гэхдээ л би итгэж байна. Энэ их агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал цаг зуурынх гэж итгэж байна. Надад үр хүүхэд байж гэмээж нь тэднийг минь өсөж том болох үед энэ бүхэн түүх болон үлдсэн байх болно гэж итгэж байна. Бид дээр үеийн хүмүүсээ, өөрийн өвөг дээдсээ хэрхэн тэмцэж, зовж, зарим нь үрэгдэж, зарим нь үлдэж, үлдсэн нэг нь түүх хүрнэн суудгийг бага зэрэг шоолонгуй бас сонирхонгуй сонсож, уншиж суудаг шиг бидний үр хүүхдүүд тэдний үр хүүхдүүд энэ нийгэмд бид эрүүл мэндийн их айдастай амьдарч байсан тухай "домгийг" итгэж ядан сонсоосой гэж хүсэж байна.
"Мөнхийн юм гэж энэ орчлонд үгүй" гэдэгчлэн энэ бүх утаа тортог, тоосонцор, чимээгүй аюул бүхэн түүх болон үлдэнэ гэдэгт л "итгэхийг хүсч байна"...
Comments
Post a Comment