![]() |
| Амьдралын минь хамгийн сайхан жилүүдийн нэг удахгүй шинэ онд байраа тавьж өгөх гэж байна... |
Энд тэндгүй шинэ оноо угтаж, хуучин оноо үдэх ёслолын ажиллагаа болж байхад би яаж дутахав. Оны онцлох үйл явдлуудаа бичье хө.
Ерөнхий дүн нуруу: Маш сайхан жил байв. Амар амгалан өнгөрлөө. Айхтар өвдөх өвчин, шаналах зовиур, сэтгэл зовоосон зүйлгүй ар гэрийхэн минь эрүүл энх, сэтгэл өндөр сайхан өнгрүүллээ. Баярлалаа 2013.
Амжилт: Цагийг зүгээр өнгөрөөх хүсэлгүй, зүгээр сууж чаддаггүй хүн чинь 2 ч хөтөлбөрт материалаа өгөөд тэнцэж, янз бүрийн хөтөлбөрт хамрагдаж, төрөл бүрийн сургалтанд суусан нь тархи толгойг минь сайхан цэнэглэж өглөө. Энэ жил сурч мэдсэн зүйл маань намайг амжилтанд хөтөлнө гэдэгт итгэж байгаа.
Аялал: Блог дээрээ бичиж байсан даа. Хамрын хийд рүү хийсэн аялал маань оны онцлох аялалаар тэмдэглэгдэнэ. Өөр бусад газарт явах боломж байсан ч яагаад ч юм хүчлээгүй болно. Хамрын хийд рүү явах шалтгаан надад байгаагүй, сурснаараа ямар нэг шалтаг тоочоод үлдчих санаатай байсан ч гэнэт л явахаар шийдсэн. Үүнд нэг хүний нөлөө байгаа хэхэ. Хамрын хийд яваад ирсний дараа тэнд очиж хамгийн түрүүнд хүсэж залбирсан зүйл маань 80%-тай биелэсэнд машид талархсан бөлгөө.
Боломж: Олон шинэ хүнтэй танилцсан нь. Бас дээр хэлсэн тэтгэлэгт хөтөлбөрүүд, мэргэжлийн болон салбарын нилээн олон ажилд гар, бие оролцож үүндээ ч сэтгэл хангалуун үлдэв.
Ашиглаж чадаагүй боломж: Хоёр ч том боломжийг алдав. Хоёулаа Европын сургуулиудад очиж суралцах боломж байв. Эхнийх нь тэтгэлэгт тэнцэж зуны сургалтанд суралцах эрх хожсон ч ашиглаж чадсангүй, дараагийх нь мэргэжлийнхээ дагуу Мастерт суралцахаар элсүүлэхийг зөвшөөрсөн хариуг тухайн сургуулиас авсан ч бас л ашиглаж чадсангүй. Шалтгаан нь ямар нэгэн санхүүгийн найдвартай эх үүсвэргүйгээс болсон хэрэг. Хэдийгээр тэтгэлэгтэй ч гэсэн бусад зардлаа яах вэ гэдэг асуудал ургаад гарсан нь тэр.
Аз жаргал: Мэдээж ахан дүүс маань бүл нэмсэн нь. Түрүү оны зааг дээр ирсэн эгчийн охин булган сүүлтэй байж араасаа мөн ч олон "дүү" дагуулсан даа. Манай гэр бүлд л гэхэд дахиад 2 хөөрхөн амьтны үр, ангирын зулзага нэмэгдсэн. Бүр найз нөхөд, анги хамт олноо хүртэл булган сүүлээрээ "далласан" гэсэн. Би л тэр даллгаанд нь өртөлгүй үлдэв.
Бухимдал: Сүүлийн үеүдэд авхуулсан зургаа хараад маш их бухимдав. Хэзээ ч байгаагүйгээрээ жин нэмсэн, буйр суусан, намбатай болсон маань надад огт таалагдахгүй байгаа. Гэвч яагаад урдынх шигээ гоолиг сайхан байхыг үл хүсэн, өөрийгөө ч зөнгөөр нь тавиад байгаагаа үл ойлгож буй. Хичээвэл хэн ч харсан өөлөх юмгүй сайхан болчихож болох ч яарахгүй байгаагаа тайлбарлаж чадахгүй байна. Магадгүй тэгвэл "төгсөрчих" гээд байгаа юм болов уу даа хэхэ.
Хайр дурлал: Салгаж ойлгох хэрэгтэй байх. Ханьтай бол гэж гэр бүлийхнээс бусад хүн болгон шахуу хэлдэг ч бас л яараагүй хэвээр. Ганцаар явсаар дассан байх нь. Тэгээд ч сэтгэлд таарах хэн нэгэн гарч ирээгүй байхад яалтай вэ. Үүнд бас өөрийгөө өмөөрөх шалтаг байнаа. Хүн өөрийн өссөн төрсөн гэр бүлдээ яаж хандана ирээдүйн гэр бүлдээ яг тэгж ханддаг гэдэг дээ. Гэрээс гарах төдийлөн дуртай биш, гадуур шалтгаангүй тэнэх биш аль болох гэр бүлийхэнтэйгээ цагийг өнгөрүүлж зав гарвал сайхан хоол хийгээд өгчихдөг энэ амьдралдаа дасаж ээ. Ирээдүйн гэр бүлдээ бас ийм байх нь хэхэ. Дурлал.... хмммм бичих тоймтой юм олдохгүй нь.
Нулимс: Хаа нэг уйлсан шүү. Хоёр гурван цаг биш хоёр гурван цаашилбал тав арван минут л... аливаа жижиг юманд сэтгэл хөдөлж сурах хэрэгтэй гэж боддог байснаараа сэтгэлийн хөдлөлтэй болсон гэж үзэж болно биздээ үүнийг.
Гомдол: Гомдохгүй гэж бодож байсан хүндээ өөрөө хар аяндаа гомдож бас багахан юм болов. Удтал бодоод үзэхэд гомдлын шалтгаан нь тэр хүнд биш, юм бүхнийг санаандаа тааруулах гэдэг миний сэтгэлд байсан бөлгөө.
Нээлт: Нэгдүгээрт FE /үүнийг энд тайлбарлаж бичих нь илүүц гэж үзэв/. Хоёрдугаарт санаж явах зарчимтай болсон нь. "Өөртөө тааруулж хорвоог өөрчлөх гэж хичээж зүтгэх биш, харин байгаа юманд тааруулж өөрийгөө өөрчлөн амьдрах нь хавьгүй хялбар" гэсэн зөвөлгөөг дагахыг хичээж буй нь шинэ нээлт болов.
Бүтэлгүйтэл: Салахгүй гэж бодсон хайраасаа би өөрөө явлаа... гэдэг дуунд гардагчлан бодож санадаг хүнээсээ өөрийгөө онцын шалтгаангүйгээр хүчээр холдуулах гэж оролдсон маань хамгийн том бүтэлгүйтэл байв. Мэдээж бүтээгүй ээ. Гэхдээ л шал дэмий өөрийгөө ч өрөөлийг ч зовоож урам хугалах ийм алхам хийх хэрэгтэй байсан уу гэдэг асуултынхаа хариуг одоо ч олоогүй.
Шагнал: Санаандгүйгээр АХА тэмцэээнд оролцож байр эзлэн, 15 k шагнуулсан явдал. Гэвч 5 k-г хүн тэр дор нь зээлж аваад буцааж өгсөнгүй хэхэ. Хэд хэд тааралдсан ч огт өгөх шинжгүй бүр таг мартсан янзтай болохоор багагүй гайхаж, яаж сануулъя даа гэж бодсон ч сүүлд нь зөнгөөр нь хаяхаар шийдэв. Уг нь миний оюун ухаанаараа олсон мөнгө байсан юмсан, түүнд л харуусаад байна :P
Хоол: Тасралтгүй идэх зуршилтай болов. Оны шилдэг, дурласан хоол гэх юм бол хоол голохгүй ээ хэхэ. Кофе- урд нь төдийлөн ихээр ууж байгаагүй ч энэ жилээс оригналь кофеноос буцахаа болив. Ухаангүй дуртай биш ч уугаад суухад таашаалтайн дээр эрүүл мэндэд ач тустай гэдгээр нь уудаг болов. Хэд хоног өдөр бүр нэг аягыг тогтмол уугаад шүд шарлаад эхэлснийг мэдээд уух давтамжаа холдуулсан болно.
Хувцас: Эгчээсээ янз бүрийн хувцас илгээмжээр авав. Энэ жил нэг тийм навсгар урдуураа задгай ардуураа урт хормойтой хүрэм маягийн цамц өмсөх дуртай боллоо. Мөн загвар багагүй хардаг, эмэгтэйлэг стильд нүд унагаадаг болов.
Бодол: Урд өмнө хэзээ ч бодож байгаагүйгээрээ мөнгөний тухай бодож үзэв. Яаж мөнгөтэй болохоос өгсүүлээд мөнгөтэй болоод тэрийгээ юунд зарцуулах тухайгаа бодож нойргүй хонож ч үзэв. Сүүлдээ энэ бодол тархи толгой өвдснөөр дуусдаг болов хэхэ. Ямартай ч мөнгөний үнэ цэнийн талаар боддог болсон маань маш том дэвшил хэхэ.
Сайхан үг: Магтсан, урамшуулсан, дүгнэсэн олон үг дундаас "тэр хүн чинь чамайг хайрладаг л юм байна, гаднаа ил хэлэхгүй ч дотроо хайрлаад явдаг нь тодорхой байна" гэсэн хэн нэгний үг намайг хамгийн ихээр баярлуулсан болно.
Үхэл: Нэг бус хамаатан садан, таньж мэдэх хүмүүсээ тэртээ холын нүүдэлд ачаалж одсоныг мэдэв, үдэв. Үхлийн тухай арай өөрөөр, тайван сайхнаар, өөртөө илүү итгэлтэйгээр нухацтай бодож эхлэв ээ. Урд өмнө зүгээр л хамаг бүхнийг харанхуйлж хаяад үхчих тухай боддог байсан бол одоо холоо одоход ард минь юу үлдэх тухай тайвнаар бодол урсган санааширдаг болжээ.
Дүгнэлт: Өөрийгөө мэдрэхийн хирээр өөртөө итгэлтэй болсон, бас байгаа юмандаа сэтгэл ханамжтай байхын хажуугаар ирээдүйнхээ тухай бодож сурсан нь ихээ том чухал үйл явдал гэж дүгнэе.

2014 ондоо дурлаж, гэрлэж, хүүхэд гаргах болтугай гэж ерөөе!
ReplyDeleteЕрөөл бат оршиг
Deleteямар гоё дүгнэлт вэ, тэр мөнгө бодсор бгаад толгой өвдөж дуусдаг нь юун инээдтэйн
ReplyDeleteХэхэ харин мөнгө бодохоор тархи толгой яалт ч үгүй өвдөөд байхым чинь ккк
Deleteби ч гэсэн өөрийгөө ингэж дүгнэж үзмээр санагдлаа, бас чи ямар мундаг юм бэ? ганц тэтгэлэг арай ядаж олдог хүн байхад 2 3-аар нь тэнцээд л хэхэ, өшөө их амжилт хүсье
ReplyDeleteХэхэ баярлалаа. Сайхан үг байна нээрээ тэгж бодож байгаагүй юм байна.
DeleteБи болохоор тэнцсэн ч янз бүрийн шалтгаанаар явж чадаагүйдээ өөртөө гомдоод бараг гутраад сэтгэлээр унаад байсан байхгүй юу. Чи сайн талаас нь олж харжээ. Дахин баярлалаа.