Цас ороод л....
Танил үнэр, танил мэдрэмж, танил уур амьсгал бүрдэх сайхан.
Кофе ууж, дуртай номоо уншиж, цонхоор цас орохыг харж, хэрэв хүсвэл хөлд эвтэйхэн гутал өмсөөд гараад алхдаг энэ улиралд би дуртай.
Гэхдээ урдынх шигээ догдлохоо байсан ч юм шиг... түүнийг над шиг л цас хараад догдлодоггүйг, цас хараад миний тухай боддоггүйг, за ер нь бол цас бид хоёр ямар нэг байдлаар холбогдож хэн нэгэнд ялангуяа түүнд баяр, эсвэл гуниг төрүүлдэггүйг мэдрэх аймшигтай. Мэдрэхгүй байсан нь дээр тийм үү?
Тэр гэж ингэхэд хэн юм бол? Тэр үү? Тэр үү? Эсвэл хэн үү? эсвэл бүр нөгөө хэн үү? Бүр миний огт танихгүй, хараагүй, танилцаагүй, одоо болтол мэдэхгүй байгаа хэн нэгэн үү?
Хааяа хааяа гуниглаж эсвэл олон юм бодож мэдрэмжээ чагнаж суух сайхан. Гэхдээ би тэр бүхнээ энэ блог дээрээ бичдэггүй. Хааяа бичмээр санагдвал шал өөр блог дээр бичдэг.
Өчигдөр ном уншиж оройтож унтсан. Өдөр дургүйхэн бослоо. Цас орж, өвөл болж байгаа сургаар залхуу зан хүрч орондоо улам л шигдээд баймаар болох...
Анне Фрэнкийн өдрийн тэмдэглэлийг уншсан. Аль хүүхэд байхдаа уншсан ч гарт тааралдвал дахин уншаад л байдаг. Уран зохиол биш шүү гэж бодсон хир нь л уран зохиол сэтхүйгээр уншаад.
Бүр сүүлд нь Гүүглэ орж намтар, зургуудыг нь харлаа. Петр нь сайхан залуу байжээ. Би ер нь боддог юм. Европ тэр тусмаа Германд очвол заавал тэр аймшигт хорих газруудын аль нэгэнд очиж үзнэ гэж. Саваагүйтэж биш л дээ ямар ч байсан үзэх л ёстой газар гэж боддог.
Сүүлийн үест гэрээсээ аль болох гарахгүй санаатай. Энэ 9 сар жаахан бүтэлгүй байв уу даа. Хурдхан 10 сар гараасай л гэж бодох. Нэг хэсэг сэтгэл дотор их түгшиж, ямар нэг бүтэлгүй юм болох гээд байгаа ч юм шиг сонин мэдрэмж төрөөд гарах дургүй хүрээд цаанаасаа аяндаа бухимдаад байсан. Хэд хэдэн удаа жижиг сажигаар бүтэлгүйтсэний эцэст тэр мэдрэмж одоо бага сагаар саринаж дотор овоо цэлмэж байна.
Гэхдээ л ер нь бол гарахаас дургүй хүрээд... Яг одоо бол оффиссоо санаж байна. Оффисын цонхон дээр ганцаараа цонхоор харж "Цагдаа агаа машин мөргөлдүүлээд хаяясссс" гэсэн шиг зогсохыг хүсээд ч байх шиг.
Ажлаасаа гараад удсан, хуучин ажил маань байрнаасаа ч нүүсэн болохоор ахин яг тэр өрөөндөө тэгж зогсохгүй л дээ... Дэндүү гоё байжээ тэр үед.
Гэрээсээ гарахгүй хэн нэгнээс магадгүй "амьдралаас" нуугдаж байхдаа би ер нь хэнийг ч санахгүй, хэнийг ч үгүйлэхгүй байна шүү. Надад хэн ч хэрэггүй байгаа юм байх даа. Хэн нэгнийг санаж байгаа бол оффистоо ганцаараа цонхоор харж суусан өөрийгөө л санаад байна.
Гармааргүй байна шүү, цаснаар ч алхмааргүй байна...
Comments
Post a Comment