Хагас сар сураг чимээгүй байсан маань эхний арав хоног нь сургалтанд суугаад завгүй байсных, сүүлийн 7 хоног нь сургалтанд сууж ядарсан ядаргаагаа тайлж унтаж амарсных бөлгөө.
Өглөөний 6 цагаас босч 9 цагаас сургалт эхэлж өдрийн 3, 4 цагийн алдад завсарлаад буцаж гүйж буудалдаа очиж хувцсаа сольж хоол унданд орчихоод усанд орж амрах, тэгсээр маргааш дахин 6 өнгөрөөж босох гэж үнэндээ ядарлаа л даа. Оюуны ачаалалтай үед бүр их ядарсан байх юм. Нүд цэлхэрч, гэртээ ирж хэд хоног унтаж одооноос л гайгүй болж байна.
Сургалтаар бидний сайн мэддэг юм шиг мөртлөө тэр бүр анзаарч дүгнээд байдаггүй юмыг ярилцаж заалаа. Тэр нь хүний эрх. Агуулгын хувьд ерөнхийдөө бүгдийг нь ойлгож, мэдлэгтэй байсан ч амьдралдаа хэрэглэх тал дээр бол маруухан юм байна.
Монгол Улс маань хүний эрхийг бас ч гэж овоо хангадаг хэдий ч мэдээж маш сайн биш. Адаглаад эмэгтэйчүүдийн эрхийн тал дээр одоог хүртэл ил, далд хэлбэрийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт хүчтэй оршин тогтносоор, бид ч түүндээ дасан зохицсон байх аж.
Хамгийн энгийн жишээ гэхэд сэтгэцийн өвчтэй эмэгтэйчүүдэд хүчээр ерөндөг суулгадаг, жирэмслэлтийг таслан зогсоодог нь хүний эрхийг зөрчсөн томоохон зөрчил. Хамт суралцсан хүүхэн бүр өөрийнхөөрөө зүтгээд, тэр мэдээ мэдрэл байхгүй хүүхнүүд чинь тэгээд эх байх учир утгаа ойлгохгүй, хүүхдээ яаж өсгөх тухайгаа мэдэх нь бүү хэл хүүхэдтэй болсон жирэмсэн болсноо ойлгож мэдэхгүй байгаа юм чинь тэднийг зохицуулах нь зөв биздээ гэж ахин дахин лавлаж, өчнөөн тайлбар тавьж байсан.
Сургагч багшийн зүгээс хичнээн хүнд өвчтэй ч гэсэн тэр бол хүн, тиймээс үр хүүхэдтэй болох, хэвлийдээ олсон хүүхдээ төрүүлэх бүр цаашлаад байгалийн жамаар жирэмслэх боломжтой хэвээр явах нь хүний эрх шүү гэхчлэн тайлбарласан ч манайхан хүлээн зөвшөөрөхгүй хэвээр.
Энэ мэтчилэн маргаан, мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнөсөөр тэр хирээр бидний хүний эрхийн тухай ойлголт гүнзгийрсээр байсан нь олзуурхууштай. Ер нь бол хүний эрхийг бид өөрт хамаагүй аль эсвэл тусгай сайн сайхан газар оронд амьдардаг хүмүүст л зориулсан бүр эсвэл хэзээ ч хүрэшгүй мөрөөдлийн зүйл маягаар ойлгож хүлээж авах хандлага түгээмэл байдаг байх нь.
Өөрийн эрх нь зөрчигдсөн ч тэрийгээ тэр бүр хэлж чадахгүй, учир нь хэлчихвэл тэр хүний эрхийг зөрчөөд байдаг зөрчил гаргагч этгээдүүд улам даварч дарамталдаг, түүнийг ул суурьтай шийддэг газар тодорхойгүй, шүүх, төр засаг, шийдвэр гаргачид нь хүнд сурталтай байх нь хүний эрх зөрчигдөх хамгийн гол хөшүүрэг юм байна гэж ойлголоо.
Дээр дурдсан эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд л гэхэд хүчирхийлэлд их бага хэмжээгээр өртсөн эмэгтэй тэрийгээ тэр бүр хэлдэггүй, хэлчихвэл харин ч асуудал нь хүндрэх хандлагатай байдаг учраас ихэнхидээ нууж өнгөрөөдөг юм байна.
Нэгэнт эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьсных бас тэр үед дуулж мэдсэн зүйлсээсээ хуваалцахад ер нь өсвөр насны охид хүчирхийлэлд их өртдөг бололтой юм байна шүү. Гэхдээ хүнд хэлдэггүй айдаг, ичдэг гэнээ.
Мөн монголын шоронд хоригддог эмэгтэйчүүдэд сард нэг удаа сэрэл бууруулах тариа хийдэг гэсэн дам сураг ч дуулдав. Үнэн эсэхийг баттай баримтаар нотолж чадахгүй нь. Гэхдээ ер нь бол ор үндэсгүй юмнаас ийм яриа гарна гэж үгүй л байх.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ч давхар дарамтад маш их өртдөг юм байна. Нөхрүүд нь зодож дарамтлахаас авхуулаад гэр бүл, эцэг эхчүүд нь амьдралын баталгаагүй юм чинь гэж шахаж шаардсаар байгаад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг савыг нь боолгодог гэнээ. Зарим нь өөрөө дургүй байсан ч яаж ч чадалгүй боолгоно, зарим нь бүр өөрсдөө ч мэддэггүй гэнэ. Гэр бүлийхэн нь эмчтэй яриад эмчид үзүүлэх нэрээр охидоо аваачаад савыг нь боолгочихдог, тухайн бүсгүй өөрөө тэрийгээ мэдэхгүй явах нь их гэнэ. Энэ нь голдуу сонсголгүй охид хүүхнүүдэд тохиолддог тухай энэ сургалтаас л дуулж мэдлээ. Гэхдээ 1-2 удаа ч юм уу төрсөн хүүхнүүдийг гэр бүлийхэн нь ингэж дахиж төрүүлэхгүй байх арга хэмжээ авдаг юм байна. Хүүхнүүд өөрсдөө бол мэдээж үүндээ сэтгэл эмзэглэдэг ч өөрийгөө хамгаалж чадахгүй, эрхээ эдэлж чадахгүй бусдын буюу эцэг эх, хамаатан садныхаа шийдвэрээр амьдардаг байх нь.
Өөр нэг түүх сонссон нь хачирхалтай ч юм уу инээдтэй ч юм уу. Юу гэвэл нэг сонсголгүй бүсгүй бас өөр шигээ залуутай үерхэж, сууж нийлэхээр болоод хүүхэд гаргаж л дээ. Залуугийн эх үүнд нь маш дургүй, салгах гэж хэдэн янзаар оролдоод эцэстээ хүүхэд нь гараад ирсэн тул хүү нь зөрсөөр эхнэр, хүүхдээ гэртээ авчирч хамт байхаар болж. Залуугийн ээж ихэд уурлаж дахиж хүүхэд гаргахгүй шүү гэж хатуу сануулж бүр цагдаж орой бүр бэрийгээ өвөртөлж унтдаг байж гэнэ. Өөрөөр хэлбэл тэр бэр нөхрийндөө байдаг ч нөхөртэйгөө унтаж хэвтэж, хөнжил гудсаа хөдөлгөнө гэж байхгүй болсон гэнэ. Тэгсээр 2 жил гаран болсны дараа тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв залуус хадмынхаа ар өврөөр "амжуулсаар" бэр нь дахиад хөл хүндтэй болж. Хадам ээж нь мэдэнгүүтээ "тэсэрч" бэрээ зодохоор дайрч тэр хавиар нэг үймээн шуугиан болсон юм байх.
Инээдтэй юм шиг ч бас эмэгнэлтэй. Тусдаа гарах гэвч хоёул группын мөнгөнөөс өөр орлогогүй, хуулийн балай заалтаас болоод ажилд ороход хүндрэлтэй гэх мэтээс болоод олон жил нэг иймэрхүү салъяа салж чадахгүй, амьдаря гэхэд өдөр тутмын асуудалтай их дарамттай байдаг тухайгаа бараг тэнд ирсэн хүн бүр ярьж байна.
Хүний эрхийг хангахын тулд төр засаг сайн ажиллах ёстой. Хууль эрх зүйн заалтаа сайжруулаад, тэрийгээ хэрэгжүүлдэг болчихвол энэ мэт олон хүний амьдралд өөрчлөлт гарах боломжтой байж таарна.
Санаж байгаагаа бичиглээд байвал энэ мэт өч төчнөөн юм гарч ирээд уртаааас ууууууурррррт бичлэг болчих гээд байна. Түр завсарлъя
Shn surgaltand suujee, sursan medsenee bicheerei. manaid hunii erh erch chuluug jinhene utgaar n edelj chaddag humuus chini eregteichuud shuu dee. Hagas dutuu edeldeg humuus n emegteichuud, araas l huuhduud, tgd hugjiliin berhsheeltei irged.
ReplyDeleteEmegteichuudiin erh bol arai l zurchigduj bgaa bhgui yu. Huuhnuud uursuduu ch bas buruutai. Manai nz busguin hadam egch nadad mongold buh huuhnuud l nuhurtuu zoduulaad, p...-r haraalgaad amidardag, chi yaahaaraa chaddaggui ym gej blaa shdee. bi hajuud n zogsoj bsn, ta galzuu yuu l gsn dee.
Баярлалаа. Тэгнээ дахиж бичлэг оруулъя ерөөсөө.
ReplyDelete