Жаааа... тэгэхээр ину... эрхэлж идэж уугаад л алга болсон бөлгөө. Хөдөөнөөс аав ээж маань адуу, хонины мах айраг цагаагаа ачаад сонин сайхнаа ганзаглаад ирсэнийг хэлэх үү хэд хоног л ам хэл завгүй жухам л идэж ууж чалчиж ийш тийш гүйж харайж өнгөрүүлэв дээ.
Хөдөөний сонин сайхан гэвээс зунжин намаржин ажиллаж найрлаж, хуримлаж, айлчин гийчний хөлд дарагдаж, уригдаж зөндөө юм болсым байхаа.
Хөдөө амьдрал сайхан байна л гэж байна. Агаар сайхан, хүр ардын сэтгэл тэнүүн, цоглог, сум орон маань хөгжиж дэвжээд байгаа гэнэ дээ.
Хэн гуайн охин хэн гуайн хүүгийнд эхнэр болж очоод шинэ байшинд оров гэнэ, урив гэнэ, очлоо гэнэ, дайлуулж цайлуулав гэнэ. Байшин сав нь сайхан юм гэнэ, гал тогооны гантиг тавцантай тек тавилга их таалагдав гэнэ. 1 сая төгрөг юм гэнээ, хаана хийдэг юм бол гэж ярьж ирж байна манай 2 хэхэ.
За тэгээд нөгөө хэн хэн багш алтан хуримаа хийв, сайхаан сайхан, 2 хүү төрүүлсэн нь аав ээжийгээ ачилж, алтан хуримыг нь хийж өгөв, аавдаа алтан аяга, ээждээ алтан ээмэг бөгж аваад сайхан байв даа хөөрхийс гэнэ.
Тэгээд цааш нь нөгөө хэн бас хэн манай тэр, тэдний энэ, бас хөршийн хэн... гээд найрлаж хуримласан, байшин савандаа орсон, шагнуулсан, шинэ гэр барьсан, хуримласан, хүүхнээ өгсөн, авсан зөндөө зөндөө. Ерөнхийдөө энэ жил бол идэж ууж найрлаж цэнгэсэн жил байлаа гэнэ дээ.
Хажуугаар нь бас сонин сонин санаа авууштай юм ярилаа л даа ээж. Ухаан нь хөдөөгийн залуус дунд мотоциклоосоо унаагүй хүн алгаа, бүгд уналаа зарим нь бурханд очихоор явлаа зарим нь тэнэг мангар боллоо, зарим нь ч гайгүй амьд мэнд бүрэн бүтэн үлдлээ гэнээ.
Хүмүүсийн ам дамжаад байдаг хятад мотоцикл хөдөөгийн эрчүүдийг дуусгаж байгаа гэж үнэн болж таараад байна. Хүндийн гэлүү тэнцвэрийн төвийг буруу үйлдвэрлэдэгээс болж заавал осолддог, осолдох үед нь хүн амьд гарахад хэцүү гээд тийм хов дуулсан байсан маань амьдрал дээр батлагдах гэж байна шүү.
Бас одоо хөдөөгийн залуусын амьдралын хэвшил, соёл гэж өөр болжээ гэнээ. Ухаан нь урдын юм ул болж, шинэ юм зул болж байгаа ч юм уу айлын нөхөр ганцаар явж чадахаа больж, ардуур нь ёс юм шиг авгай нь сундлаастай байдаг болж гэнэ. Хаашаа ч явсан авгай нь гүйж очоод ард нь сандайлаад авдаг, ар гэр, адуу мал, ахуй амьдрал хамаагүй болжээ гэж байна.
Настай хүмүүсийн нүдэнд ихээ содон харгадаж байгаа юм байна энэ нь. Ганцааранг нь явуулахаар айл саахалтын хар юмнууд нь анаж байгаад нөхрийг нь уруу татаад ууж идээд явчихдаг юм уу эсвэл хөдөөгийн хүүхнүүд жендэрийн асуудалд ханцуй шамлаад орчив уу гээд би эндээс гайхажийна хаха.
Хөдөөгийн айлын авгай нар бүгд хөл дүүжлэх унаатай болж, гадаа нь байгаа дөрвөн дугуйтай дөрвөлжин кабинаа эхнэрүүд л эзэгнэдэг болсон шүү гэнэ.
Хөдөө хөгжиж дэвшиж байгаа мэт болов ч ээжийн яриаг сонсоход бодлого төлөвлөлт үнэндээ алга бололтой. Дор бүрдээ л өөр өөрийнхөөрөө хөгжихөөс биш тухайн газар нутгийнхаа зон олны амьдрал ахуйг судласан, ойрын ирээдүй, дунд хийгээд урт хугацааны орон нутгийн бодлого төлөвлөлт, зохион байгуулалт, алсын хараа бол орхигдоод байгаа бололтой.
Ухаан нь айл бүр чадах чинээгээрээ том том байшин сүндэрлүүлээд авч байна гэнэ дээ. Гэвч одооноос өвөл болмогц бүгд эсгий гэрээ бариад дулаалаад ордог хэвээр болж эхэлж. Яасан гэхээр тэр том байшинг халааж хүчрэхээ больж. Сум орны зүгээс ч хангайн модны хулгайн эсрэг том том арга хэмжээ авч, мод тээвэрлэсэн бол машин тэргийг нь шууд хураадаг гэнэ.
Гоожин гэж түлш бэлтгэх зөвшөөрөл ч өгөхөө больсны зэрэгцээ хаягдал мөчир, өмх дархийг сумын зүгээс ой цэвэрлэх нэрээр өөрсддөө хурааж, зарж борлуулж байгаам байхаа. Тэгж олсон мөнгөө хаашаа оруулж байгааг нь асуусангүй, сумын төсөвт ордог бол сайн л байна.
Гэвч нүүрсний уурхай байхгүй, мод л түлдэг хангай газрын хувьд өвөлдөө юу түлж онд орох вэ гэдэг ард иргэдийн тархины өвчин бололтой. Хулгайн модоор л одоохондоо аргацааж байна, аргал хөрзөн түллээ гэхэд өвлийг хангалттай дулаан давна гэдэг асуудалтай дээр нь байшин савтай бол саналтгүй юм байхаа.
Энийг шийдэх бодлого байна уу гэж асуусангүй, мэдээж байхгүй л гэх байлгүй. Нэгэнт сумын зүгээс иргэдээ тогтвортой ажлын байраар хангаагүй, ихэнхи иргэд хувиараа ажил хөдөлмөр, наймаа арилжаа эрхэлж орлоготой болж, орлогоороо эсвэл банкны зээлээр байшин барьж амьдарч байгаа тул энэ мэт асуудалд одооноос анхаарлаа хандуулж ард иргэдийн үгийг сонсож хэрхэн яаж шийдвэрлэхээ боддог баймаар даа.
Суманд зээлгүй хүн бараг байхгүй гэдэгтэй бол би асуугаагүй ч дотроо санал нийлжийгаа шүү.
Хөдөөний сонин хачнаас дуулснаа тоймловол нэг иймэрхүү :)
Comments
Post a Comment