Түм буман хүн хөлхсөн Японд ирэхдээ уйтгарлана, гуниглана бас дээр нь ухаарна гэж бодоогүй л юмсан.
Киото хотод очсныхоо маргааш газарчилж яваа япончуудынхаа урилгаар нилээн эртний түүхтэй кофе шопт орсон билээ. Оронгуутаа үүдний дэргэдэх ширээнд суугаа нилээн ядарсан төрхтэй хоёр хүнийг хараад Японд бас орон гэргүй, ядарсан хүмүүс байдаг байх нь ээ гэж хальтхан бодоод л өнгөрсөн.
![]() |
| Энгийн л нэгэн өдөр гэхдээ түмэн өнгөтэй |
Кофэгээ захиалж, хамт яваа улстайгаа тус газрын сонин сайхан, үүх түүхийг хэлэлцэн инээд ханиад болон суухдаа захиалсан зүйлсээ авсан өнөө хоёрыг хараад гэнэт л хачин ихээр гуниг төрж өнөө их баяр хөөр, сонирхол дорхноо замхран одсон.
Ээж хүү хоёр юмсанж. Хальт харахдаа түүнийг нь анзаараагүй байж. Хүү нь ямартай ч өөрөө захиалснаа идэх чадваргүй, ээж нь бөгтөлзөж хүүгийнхээ ам руу хоолыг нь эгээ л ангайхайгаа хооллох эх шувуу адил бага багаар тасалж хазуулж, бас амыг нь арчиж жимсний шүүсээр амыг нь норгох завсар хичээнгүйлэн толгой сэгсэрч амандаа зөөлөн гүвтнэхийг хараад өрөвдөх ч шиг яана даа гэж санаашрах ч шиг. Үхээд өгөхөөр хүүг нь асрах хэн нэгэн байдаг л байгаа даа гэж үнэнгээсээ бодож хачин ихээр гуниглах мэдрэмж төрсөн.
Хамт яваа улс маань гэнэт дуугаа хурааж цонхоор ширтээд суучихсныг минь анзаараагүй л бололтой. Эгц урагш харах болгонд өнөө хоёр нүдэнд минь өртөж, сэтгэл сэмрээд байсан тул тийн цонхоор харжээ суусан хэрэг. Утсаар оролдон суунгаа эх хүү хоёрын зургийг аваадахсан. Яах ч гэсэн юм байгаан, бодвол дурсаж явах гэсэн юм байлгүй.
Тэгсээр эх хүү хоёр ходоодоо баярлуулж дуусаад хөтлөлцөн гарч эх нь хүүгээ ханцуйнаас нь хөтөлж хаалганаас холдуулж өөрийн тохойноос бариулан урагш зүтгэхэд нь л хүүг нь хараагүй бас дээр нь давхар өөр бэрхшээлтэй болохыг таамагласан.
Зөөгч өвгөн араас нь гүйж гарч сандал дээр мартаж орхисон үүргэвч, уут сэлтийг нь хүлээлгэж өгч, баярласан эмгэн ахин дахин тонголзож талархлаа илэрхийлээд хүүдээ үүргэвчийг нь үүрүүлэхийг хараад хэн хэн нь бусдын тусламж хэрэгтэй асаргаатай иргэд байна даа, яаж нэг хорвоог барна даа гэж бодсоор харцаараа үдэн хоцорсон. Дэмий л сэтгэл дотроо гуниглахаас өөрөөр яаж тус болном.
![]() |
| Эх шувуу |
![]() |
| Тэдэнд өөрийн гэсэн зөндөө жаргал бас зовлон бий дээ... |
Хэд хоногийн дараа Токиод найзтайгаа уулзахаар хүлээж суухад минь энэ манай найз гэсээр нэгэн эмэгтэйг дагуулан орж ирсэн ба сайх эмэгтэй бас хөгжлийн давхар бэрхшээлтэй байсан. Тэр үед миний хэлж ярьж байгаа, ойр зуурын хэдэн үгийг энэ эмэгтэй ойлгох болов уу даа хэмээн эмээж аль болох тодорхой, товч ярихыг хичээж суухад минь гаднаас бас нэгэн эр орж ирсэн ба бас л давхар хөгжлийн бэрхшээлтэй хүн байв.
Гэхдээ хэн хэн нь гайгүй ажил хийдэг, эмэгтэй нь бага зэрэг саатай, сонсголгүй эрэгтэй нь сонсгол муутайн дээр оюун ухааны талын бэрхшээлтэй ойлгоц сайнгүй ч амьдралаа аваад явчихдаг болохыг яриан дунд сонсож, нүүр хаграхыг явцад тэр хоёрыг хос болохыг дуулж мэдээд багагүй гайхаж бас өмнөөс нь баярлах ч шиг нэг л сайхан мэдрэмж төрсөн нь бас нэгэн онцгой тохиол байв.
Хосын эрэгтэй нь 57 эмэгтэй нь 54 настай бөгөөд 9 жилийн өмнө гүйлтийн тэмцээний үеэр анх бие биеээ харж байж. Гэхдээ дөнгөж танилцаад салснаас хойш тааралдаагүй байж байгаад 9 жилийн дараа манай найзын сургалтанд суухаар ирэхдээ бие биеэ таньж бас дотносож тэгсээр 6 сарын дараа гэрлэсэн гэнэ.
Хоёр биенээ халамжилж, дуртай хоолыг нь авч өгч, бие биеэ ойлгож бас өхөөрдөж, залуу нь бүсгүйнхээ гэдэс рүү хуруугаараа хатгаж өдөж байхыг хараад манай Монголчууд 40 ч хүрээгүй цэл залуу намайг хөгширлөө гэж унтрааж янз бүрээр гоочилж, нөхөрт гарсангүй, ганц бие гэдгээр чичилж байдгийг санаад хэн нэгэнд гомдох ч шиг бас тэр хоёр хосоор бахархах ч шиг урд өмнө огт бодож, мэдэрч байгаагүй олон зүйлийг бодож бас мэдэрч авсан билээ.



энд хааяа нэвтрүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ асардаг өндөр настай ээжүүд гардаг юм, харахаар л ээжээс нь хойш яана даа гээд санаа алдмаар болоод байдаг юм..
ReplyDeleteманайхан ч санаагаараа эрт хөгширчихдөг юм шиг санагдаад байдаг юмөө