Хотын гудамжаар явахад алхам тутамд бухимдах хэрэг гарах юм. Машин тэрэгтэй хүмүүс зогсоолоо булаалдах, түгжрэх гээд л бөөн нерв барсан асуудалтай өдөр бүр тулгарч бүр хэрүүл зодоондоо тулдаг юм гэсэн. Явган мань мэтэд бас бухимдах асуудал зөндөө.
Автобусны асуудлыг алгаслаа, хүн бүхэн мэдэж байгаа, орлоо л бол хэн нэгэнтэй муудалцах хэрэг гарна, баргалж. Гудамжаар алхахад хүмүүс өөдөөс ирж мөргөөд байхын уг нь баруун гар талаа бариад л алхаж байгаа юмсан тэгсэн нэмэргүй ээ. Заримдаа хэлэх муу үг олдохгүй болохоор явган хүний замын дундуур хайс татаж эсрэг урсгалыг ялгаж өгөх хэрэгтэй юм уу хаашаа ён гээд л бухимдаад явна. Тэгээд манай охид, хүүхнүүд цугтаа явахдаа нөгөө нарийхан газраараа сугдалцаад л зам хаагаад яваад байна. Ард нь олон хүн алхаж байгааг тоох ч үгүй ээ. Хов жив яриад л дээр үед хүүхэд байхдаа ган гинж болж тоглож байсан тэрэн шиг л тас зууралдаад хэхэ.
За тэгээд л хэд алхаад л бүдрэнэ, хотын төвийн А зэргэлэлийн бүс гэсэн хирнээ шороон дунд чулуу өшгөчөөд л бүдчээд явах газар зөндөө.
Зам засвар гээд газар онгичоод байдаг, нүд муутай мань мэт нь орой үдэш хөлөө хуглачих дөхнө яая.
Хамгийн их бухимдуулдаг хоёр зүйл байнаа.
Нэгдүгээрт машинтай улсууд
Яасан ч дээрэнгүй байдаг юм. Өдөр бүр л дайруулчих шахаад арай гэж амьд гэрийн бараа харах юм. Явган хүний зам дээр жолооны дадлагаа хийгээд л нэг ухасхийж, нэг ухраад хажуугаар нь яваа хүмүүсийг мөргөж унагаачих гээд мөн ч хэцүү.
Гарцаар гарна гэдэг нь миний хувьд хамгийн хэцүү зүйл, ногоон гэрлээр гарч байхад ч машинууд дайрчих гээд л сүн сүн гээд, ядаж байхад зарим газрын гэрлэн дохиог ёрөөсөө ойлгохгүй юм аа. Машины урсгал зогсохгүй байнга л аль нэг талын урсгал нь урсана. Хэдийд нь явган зорчигч гарах ёстой юм бүү мэд. Жишээ нь 25-р эмийн сангийн уулзвар. Тэгээд гэрлэн дохиотой уулзвараар гарахаас айгаад холхон очиж байгаад гарцгүй газраар самбаачлаад л машины урдуур гүйж гардаг болсон хэхэ. Ядаж 2 талаас урсгалтай амар.
Гэрлэн дохио асч байхад гарцаар гарах гэхээр нөгөө дээрэнгүй хүмүүс чинь явган хүний гарц дээгүүр машинаа хөндөлдүүлээд л зогсчихдог нэг бол ардуур нь нэг бол урдуур нь тойрч явах гэсээр байтал гэрлэн дохио солигдох цаг зөндөө. Жиптэй улсуудад бол ямар ч дүрэм үйлчилдэггүй юм биш үү? Ер нь бүгд явган явдаг, нийтийн тээврийн автобусаар л үйлчлүүлдэг, хувийн машиныг явуулдаггүй болвол амар амар хэхэ.
Хоёрдугаар бухимдуулсан асуудал нь хогийн сав.
Хотын төвөөр явахдаа хогийн сав олох гэж хэцүү. Нэг үеэ бодвол овоо болсон ч гэсэн бас яагаа ч үгүй ээ. Хэрэглэсэн салфетка, мөхөөлдөсний цаас, заримдаа баннаны хальс энэ тэрээ хийх хогийн савгүй. Халаасандаа, цүнхэндээ хийлтэй нь биш, шууд хаялтай нь биш 200, 300 метр бараг тэрнээс ч хол газар хогийн сав хайгаад олдоггүй юмдаг.
Бас нэг ойлгодоггүй зүйл нь манайхан сүүлийн үед хотоо тохижуулаад л энд тэнд цэцэрлэгт хүрээлэн, сууж амрах сандал энэ тэрийг байгуулаад байгаа гэхдээ л хөлөө амраах сандалтай нь бөөрийг нь нийлүүлээд хогийн саваа зоочихдог.
Хэн хамаг муу муухай чихсэн, нус шүлс болсон хогийн савтай нуруугаа, бөөрөө нийлүүлээд амарч суухыг хүсэх вэ дээ. Ядаж 5-10 алхамын зайтай тавих юм бол хүмүүс сууж амрангаа уусан ундааны сав, татсан тамхины иш зэргээ босоод хийнэ шүү дээ. Лав л Ардын автобусын буудалын хажууд байдаг хэдэн сандал нь хогийн савтай "атгалцаад" л байж байдаг.
Хоёр гэснээ халуураад бүр гурав гээд ярихад бас тамхичид байнаа. Гудамжаар явахад хүртэл урд, хойно тамхи татаад өглөөхөн усанд орсон, угаасан үс гэзгэнд тамхины утаа шингээчихдэг нь ядаргаатай. Аз болж манай ажлынхан хэн ч өрөөндөө тамхи татдаггүй, харин ариун цэврийн өрөө энэ тэр бол байхгүй ээ. Олон нийтийн үйлчилгээний газар, автобусанд тамхи татаад байдаг хүмүүсийг торговол таарна. Ядахнаа ариун цэврийн өрөөгөө зөв боловсон ашиглаж чаддаггүй гадуур нь өтгөн шингэнээ асгаж цутгаад байдаг мэдрэл муутай хүмүүсийг зүхэх муу үг ёстой олддоггүй.
Энэ бүхэн хааяа нэг тохиолддог асуудал биш өглөө гэрээсээ гарсан л бол байнга төвөг учруулдаг бухимдал товчхондоо бол миний хөгшрөлтийн түүхийн нэг хэсэг шүү дээ. Ийм байхад хичнээн үнэтэй коллаген, гоо сайхны бараа аваад ямар нэмэр байна улам л хөгшрөхийн нэмэр хэхэ.
Comments
Post a Comment