Сүүлчийн бичлэгээс хойш бүхэл бүтэн 7 сар өнгөрчихөж хэхэ. Бичлэгээ оруулаад дараахан нь төлөвлөж байснаараа далайн эрэг явсаан явсан. Гэхдээ далайн эрэгт хэвтэхээсээ илүү халуун орны ойн чөлөөн дэхь байшинд хагас сар гаран унтсан. Тэгээд нөгөө гайхал тахалын сургаар амралтаа дундаас нь хаяад ирсэн бөлгөө.
Цаг хугацаа маш хурдан өнгөрч юмс маш өөр болж. Ухаан нь урд өмнө нуруугаа түлэгдтэл жин үдийн халуун наранд ямаа сааж, өглөө наран мандахаас үдэш саран хөөрөх хүртэл гэртээ оролгүй гадаа тугал, хургатай хөөцөлдөж явдаг байсан арьс, үс, тэр чанга биенээс юм үлдээгүй байна. Ганц өдрийн халуун нарны ая даахгүй духны арьс бөөн бөөнөөрөө хууларч унаад айсандаа наранд гарахаас аль болох зайлсхийж нтр.
Энэ хэдэн сарын талыг нь унтаж, талыг нь элдвийн драм үзсээр байгаад барав шив дээ. Хөл хорио нтрт орохоор турж мураад, хэл мэл сураад байдаг юм ёстой байдаггүй юм байна.
Авууштай нь юунд ч санаа зовохгүй бүхнийг хяналтаасаа гаргаж хаяад өөрийгөө хүртэл зоргоор нь тавиад амар сайхандаа жаргасан бөлгөө.
Бараг ямар азаар өнгөрсөн хэдэн жил үхтлээ ийш тийш явж, байдаг мөнгөө дуустал шинэ газар үзэж, тэгээд хураасан юмаа дуусахаар хамаг ажлаа хүлээлгэж өгөөд гэрийн буг болох шийдвэр гаргасан юм л гэмээр болж байна хэхэ. Онлайнаар ажиллана, сургана, сурна, хуралдана, цуглана гэж миний хувьд шал худлаа нүд хуурсан юм санагдаад байгааг ч хэлэх үү.
Нэгэнт эндээ орж ирсэнийх амаа цангатал хүн муулж, хов базахгүй бол болохгүй хэхэ.
Гэртээ суусан биш өмнө анзаардаггүй тоодоггүй байсан юмсыг шинээр нээж эхлэв ээ. Ганц жишээ нь манай байрны групп хаха.
Тэндээс хүмүүсийн төрх, хувь хүний нийгмийн боловсрол, аливаад хандах хандлагыг олж харж байнаа.
Нэгэн тохиолдол. Манай орцны нэг айл засвар хийв ээ. Засварчиддаа захиалга өгөөд оруулаад орхичихдог юм уу даа. Тэгсэн нөгөөдүүл нь ажлаа хурдхан дуусах гэж яарасан бололтой нэг орой харнхуй шөнөөр балбаж нүдээд айлууд гомдоллоод эхлэв. Гэрийн эзэгтэй их аятайхан ааштай, олон хүнтэй харьцаж сурсан, бас хэлтэй устай ер нь бол бизнес үйлчилгээ талдаа ажил эрхэлдэг залуувтар бүсгүй байх шиг байгаа юм дор нь уучлалт гуйгаад би мэдсэнгүй ээ байрандаа байхгүй байгаа болохоор явчихлаа гэж бодсон юм одоохон утсаар хэлье ээ гээд. Бас маргааш нь ч байна уу хөршүүдээ ойлгоорой манайх хэд хоног засвар хийж чимээ гаргах нь ээ гэхдээ шөнө хийхгүй би сайн хэлсэн аа бас засвараа дуусахаар гэртээ гарынхаа пиццаг хийгээд хөршүүдээ дайлъя, ойлгоорой, уучлаарай гэсэн утгатай юм бичээдхэв. Сургаар нь хажуу орцныхон, хол давхарынхан хүртэл пицца горьдож байгаагаа хэлэв үү яав хаха.
Нөгөө тохиолдол. Дараахан нь зэргэлдээ орцонд бас нэг айл засвар эхлээдхэв. Угаас байр юм чинь ээлжлээд засвар хийх нь тодорхой. Ялгаатай нь ажлын цагаар гэхдээ маш олон өдөр пижигнэж түжигнэж дриллдэж бараг л алтны уурхайн өрмийн машин авчирч ажиллуулаагүй байх ккк. Хөршүүд нь "ямар дуусдаггүй юм бэ", "хэзээ дуусах вэ", "хүүхэд унтаж чадахгүй байна", "амиа бодохоо болиоч дээ, хурдан дуусгаад өгөөч" гээд гомдоллов. Харин энэ удаад гэрийн эзэгтэй дунджаас арай дээгүүр насны бололтой эхнэр байж таарав. Шууд түс тас, өдрийн цагаар хийх ёстой цагтаа хийж байгаа, нэгэнт эхэлсэн бол дуусахгүй яах ч аргагүй бандан тас гэсэн юм бичиж байна ккк. Ер нь хүмүүст өөрийгөө зөвөөр ойлгуулах ямар ч бодолгүй байх шиг.
Аа бас манай байрны СӨХ-ны дарга гэж нэг "байдаг л нэг бараан монгол" нөхөр байнаа. Тэрийг харахаар эхнэр нөхөр, цаашлаад хүүхдүүд нь хүртэл өөрөө өөрийгөө цэгнэж хянахгүй л бол гэрийнхээ хүмүүсийн стандартаар л хорвоог хардаг, туулдаг юм байна гэж боддог болоод байгаа. Ямар нэг асуудал гараад ус алдлаа, байранд тийм асуудал гарлаа даргаа яах уу гээд бичингүүт л удаж удаж ам ангайна хариу нь "айл өрхийн усны асуудлыг би яаж мэдэх вэ дээ, өөрсдөө учраа ол" хаха.
Амар ч юм шиг. Гэхдээ ганц нэг айлын биш бүхэл бүтэн байрны асуудал, байраараа тог, ус тасрах, камержуулах шаардлага гарах, цаашлаад орцны гадаах гэрэлтүүлэг гэх мэтсийн юмсад хүртэл ийм хэнэггүй дээр нь эхнэр охид нь бас ажилд авсан өөрийх нь талын хүмүүс орж ирээд яг адилхан юм яриад айл гэр, хөршүүдийн асуудал, ус мусны асуудал байрны даргад ямар хамаатай юм, мөнгөө УСУГ контор нтрд төлдөг тэд нараасаа асуу гээд хэрэлдээд байгааг харахаар бүр ангайж орхино. Байрны иргэд олноороо бухимдаж "ийм асуудлын учрыг бидний өмнөөс олж, зар мэдээг айлуудад нэгдсэн байдлаар хүргэж бай, шийдвэрлэх арга зам олж зохион байгуулж гэж сар бүр төлбөр төлж цалинжуулж ажиллуулж байгаа биш юм уу" гэж хэлээд ч тэр гүргэр хар нөхрийг дийлдэг хүн гарахгүй.
Яг одоо манай байрныхан бөөн юм болоод би санасан дээрээ гээд энийг бичиж байгаан. Яасан байх уу бас л ус тасраад нөгөө "байдаг л нэг бараан монголынхон" гурван өөр тайлбар хэлээд, аль нь үнэн юм байгаа юм мэдэхгүй бүр сүүлдээ бухимдаж үг хэлсэн нэгнийг "чи ганцаараа усгүй байгаа юу" гэхчлэн дарамталж байгаа юм байх.
Бүхэл бүтэн өдөржин усгүй байж, байраараа хатаж үхэх шахаж бас өдөржин байрны даргаасаа асуудлын цаад шалтгаан учрыг нь олох гэж юм асуугаад тодорхой хариу авч чадаагүй иргэд тэсвэр алдаж ингээд байна гээд байрны группдээ хойно хойноосоо юм бичингүүт эхнэр нь орж ирээд "цаанаасаа ингэсэн юмыг яахавдээ", "би хүртэл утасдаж асуулаа", "манай хүн очиж харах гээд сая гарлаа" нтр хаха. Тийм амгалан тэ. Тэр бараан монгол нөхөр нэг орой манай хаалгыг тогшоод ах очиж тайлмагц шууд эзэн нь юм шиг асуулгүй орж ирээд цаашлан зүгтгэж манайхныг нэг уурлуулаад авсан. Орой гэрт шалдан нүцгэн хүүхэд, бандаштай эхнэр гээд юу ч байж болно шдэ. Ямар ч хүн байсан эхлээд үүдэнд азнаж учраа хэлж, эзэн нь уривал орж болмоор. Байрны дарга гэхээрээ айлд тэгж орох эрхтэй гэж боддог хэнэггүй гэхэд хэцүү ийм балай нөхөртэй эхнэр яанаа гэж бодсон ч дараа нь эхнэрийх нь энэ байж байгааг хараад за яг л нөхрийнхөө өрөөсөн дугуй юм байна гэж дүгнэсэн нь энэ. Одоо байрны дарга болсон биш бүхэл бүтэн байраараа бараг 100 илүү өрх айл тэр нэг "байдаг л нэг бараан монгол" нөхрийн стандартад тааруулж амьдрах шаардлага гараад баларч байх шиг.
Урд нь байрандаа юу ч болж байсан мэддэггүй ирээд, байж байгаад буцаад явчихдаг байсан хүн одоо өдөр бүр болж байгаа юмсыг харахаараа "Күй ээ УБ-т амьдрах чинь ийм их зугаатай хааяа бүр хэцүү билүү" л гэж боддог болоод байгаа хихи.
Ямар хол зайтай орж ирдэг юм бэ? блогтоо.
ReplyDeleteБайрныхан бас групптэй? айн. хөгжиж байна шүү. хэхэ.