Сайхан баярласан уу бултаараа?
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчиддаа шинэ оны мэнд дэвшүүлье!
Миний шинэ он нилээн онцгой гэх юм уу шинэлэг байдлаар өнгөрлөө. Анх удаа эх орноосоо хол шинэ он гаргалаа л даа. Онцлог гээд догдлох юм уу гэсэн үгүй юм байна.
Өнгөрсөн 2015 он маань дурсах юм ихтэй, амжилттай, хамгийн гол нь өөрийгөө хийх юмаа хийгээд яваад байж чадахаар хүн юм гэж бүр илүү итгэсэн бат суурьтай сайхан жил байлаа даа.
Чамгүй олон газраар явж, чамгүй олон хүнтэй уулзаж өсөж дэвжсэн билээ. Ирэх ондоо энэ эрчээ алдахгүй улам илүү байж өөрийн төрсөн газартаа биш өрөөлийн шинэ газарт ч хөлөө олоод явах бат суурь олохын ерөөл дэвшүүлье ээ.
Зул сарын баяр, шинэ он гадны улсад яаж тэмдэглэдэгийг харж, биеэр оролцлоо. Зул сарын баяраар бэлэг сэлтээр бие биеэ баярлуулж ер нь бол даруухан тэмдэглэдэг юм байна. Манайхан шиг баяр гэхээр хэмжээ хязгааргүй их идэж, ууж, хордож, шартаж, хоол хүнсний үлдэгдэл ихээр гаргадаггүй юм байна.
Бүх юм нь хангалуун, илүү тансаг гэсэн хязгааргүй учир арга ч үгүй юм дөө. Манайхан бол цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна гэсэн сэтэхүйгээрээ баяраар бор ходоодоо боожийлгож гэдэс гарч тэр хирээр сэтгэл нь ханадаг улс шүүдээ.
Зул сарын баяраар айлд зочилж сайхан хоолоор дайлуулж, дараа нь бэлэг сэлт авч сайхан өнгөрүүлсэн билээ.
Шинэ жилийг арай өөрөөр өнгөрүүлж хөдөө тосгонд дахин айлд очиж томчууд жижигүүд нийлж аваад айл айлын хаалга тогшиж хүүхдүүд нь чихэр бурам, томчууд нь аяга тагш гашуун юм гуйж уугаад явлаа. Анх явж байгаа надад сонин санагдав.
Айлууд нь ихэнхи нь бэлдчихсэн байх ч ганц нэгхээн хөгшчүүд сандарч гүйж цаашаа орж нилээн мунгинаж байж чихэр олж өгч байгаа харгадсан.
Ихэнхи нь ихэд баясан өсвөр үеийн хүүхдүүд хүртэл сэтгэл уярсан цайрагаар жаалуудад чихэр тарааж зогсоно билээ. Бодвол том жижиг, хөгшин залуугүй өөрөө айлын хаалга тогшиж дуулж явсан үеэ дурсдаг байхаа. Үнэхээр дурсгалтай, хөгжилтэй, хөгтэй сайхан сэтгэл догдлуулсан ёс заншил юм.
Би хүртэл цагаан сараа санаад айл хэсдэг, тэсэртлээ иддэг, сонинд боосон бэлэг авдаг гэх мэтээ санагалзаж гадны хүн ирвэл бас гайхуулах юм хуна гэж бодлоо хэхэ.
За тэгээд шинэ жилийн хөгтэй хөөртэй зүйлсийн хажуугаар бас бус юм толгойд орж ирээд байна. Айл болгон, хүн болгон салют буудуулаад баярлаж байхад би бол "Хайран тэнгэр хагачаад, цуу татаад хаячихлаа" гэсэн тэрслүү юм бодож модож бүр Экологийн аян зарлаж салют буудуулахын эсрэг аян өрнүүлэх юмсан гэсэн дэвэн дэлхийн юм хүртэл санав шүүдээ.
Харахад сайхан ч гэсэн дараа нь ямархуу үр дагвар гарч байгаа бол, дэлхийн дулааралд хир нөлөөлж байна, хэдэн хүн гэмтэж, хэдэн газар шатаж байна, хир их хог гарчээнэ гэсэн юм ч бодох. Бараг жилд нэг удаа дэлхий даяар эх дэлхийгээ дэлбэлж баярлаад харь гаргийхан гайхдаг ухааны юм ч ургуулан бодох шиг хэхэ.
Энэ баярын үеэр бас над шиг салют буудуулахад дургүй амьтан байнаа байна, тэр нь нохой хэхэ.
Зарим хүнд мэнд хүргээд утсаар ярьсан хүмүүс "өө нохойнуудаа тайвшруулж нуух гэж наян юм болжийна гэнэ" гэсэн юм яриад л байх юм. Нохойнууд нь шээс баас алдаад үнхэлцэг нь хагараад үхэхээс наагуур л юм болж байх шиг байна. Дэлхий даяар нохдын хувьд хамгийн аймшигтай, түгшүүртэй, үзэн яддаг баяр байх шүү.
Иймэрхүү байдлаар шинэ оноо угтаж авлаа. Оны анхны өдөр үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрж, сайхан цайлж аваад ой модоор зугаалж, цэвэр агаарт гарав.
Маргаашаас шуугиантай, буцласан амьдралын төлөө зүтгэх нь дээ. Тэгж л бодоод байна. Амарч ханалаа одоо аяа боды чи минь хэхэ.
Comments
Post a Comment