Эдгээр өдрүүдэд болж байгаа бүх зүйлсийг хүн бүр мэдэж байгаа хойно нуршаад яахав харин өөрийн бодлоо хэлье.
-Парисын хадлага: Хоёр талтай. Мэдээж газар дээр нь байгаа хүмүүст болон ойр дотныхноо алдсан хүмүүст маш хэцүү байгаа. Түрүү долоо хоногт Лондонд байхдаа Прад үзэж олон хүн цугласан газраар явахдаа үнэндээ айж байлаа шүү. Хаана ч юм бэ бөмбөг тэсэрчих вий гээд дотроо айдастай л яваад байсан. Монголдоо бол би тэгдэггүй хүн шүү дээ.
Бурханы авралаар бүх юм амар тайван өнгөрсөн ч гэсэн ер нь Европт хүн бүр дор бүрдээ хичээхгүй сэрэмжтэй байхгүй бол болохгүй юм шиг санагдсан.
Сэрэмжтэй ч юм билээ. Шатаар цүнх чемодан хоёроо зэрэг өргөж дийлэлгүй нэгийг нь дээш гаргаж тавьчаад нөгөөг нь аваад ирэх хооронд бараг түгшүүр зарлачихсан байсан шүү. Тэгэхэд нь хүмүүсийг сандаргасандаа жаахан бантаж эвгүйрхсээн.
Халдлагын дараа Парисын төлөө залбирч, эмэгнэж байгаад миний эргэн тойрныхон бултаараа нэгдэж Фэйсбүүк порфайлаа сольж байна. Гэхдээ би солиогүй ээ. Тэгж солилоо гээд юу илэрхийлэхгүй болохоор ч гэх үү, өөр олон газар адилхан халдлага болоод байгаад ч тэр үү эсвэл миний хийх ёстой үүрэг өөр гэж бодсондоо ч тэр үү ганцаараа шахуу сугараад үлдчихлээ.
Францад байдаг хүн рүү харин зурвас бичиж зүгээр эсэхийг нь лавласан. Дажгүй гэсэн хариу ирсэнд тайвширч илүү олон юм шалгаамаар байсан ч хүний зовлон, мууд дурлах зангаа боль гэж өөртөө хэлж амаа хамхиж тэвчлээ.
-Монголд болсон үйл явдал: Үүн дээр би харин өөр бодолтой байна. Надад юу ч амласан би тэгж өөрийгөө шатааж зүрхлэхгүй байсан даа. Тэр байтугай эх орныхоо төлөө гэсэн ч зүрх зориг гартлаа удна, өөр гарц хайна.
Амьдаараа галын дөл болсон тэр хүнийг хүндэлж байна.
Арай ч бахархахгүй ээ. Гэхдээ л өмнөөс нь хамаг арьс хорсох шиг болж байна шүү. Хуруугаа ууранд долоолгоод арьс шалбархад яаж өвдөж халуурдаг билээ дээ. Тэгэхэд амь наснаас холуур гэж мэдэгдэж, бүр эрүүгийн хэрэг үүсгээд байгаад ёстой дургүй хүрэв.
Нөхцөл байдлыг бүрдүүлсэн хүмүүс л хариуцлага хүлээх ёстой биш үү. Хүн бүр амар тайван, амьд явах эрхтэй. Амьд явах аргагүй болтол нь хямраасан, төрийг удирдаж байгаа хүмүүс юу боддог юм бол оо. Бүр хойно нь ярилцаад ойлголцож болох байсан ч гэх шиг. Болох байсан бол аль эрт ярилцаад дор нь шуурхай шийдчихгүй яасан юм бол.
-Авъяаслаг Монголчууд: Үүнийг би бараг үздэггүй ээ. Хааяа хүн амьтныг шуураад байхаар нөхөж бичлэгийг нь ганц нэг хардаг байв. Харин одоо тэр Барилгачин залууд баярлаж байна. Хүнд хэцүү үеийн дараа олон түмнээ баярлуулсан нэг аавын хүү, ээжийн охин гараад ирдэг дээ. Энэ удаад энэ даруухан барилгачин залууг дэмжихээр ард иргэд нэгдэж байгааг хөндлөнгөөс чимээгүй харж суухад сайхан санагдаж байна. Манай аав ээж хоёр ч ялгаагүй. Аав хөдөө байгаан, ээж утсаар яриад хөөе өвгөөн 8-ийг дэмжинэ биздээ гэчихсэн тэрүүхэн хоорондоо аминчлаад шийдвэр гаргаад нэгнээ дутаачихгүй гээд булагнаж өгч байна.
Бусад оролцогчид ч Абай гэх хасаг залууд ч Монголчуудынхаа өмнөөс баярлаж байна даа. Зохион байгуулсан хүмүүс, шүүгчид нь сайхан эерэг сэтгэгдэл төрүүлж чадаж байгаад таларууштай.
Гэснээс өнөөдөр энэ Чимгээ юу болчихов оо. Галзуу гоё улаан даашинз дээр тасархай харагдаж байгаа ч үсний засалт хэтэрхий хурцдаад 108 гөлөгийн шулам шиг л болчих юм аа миний харж байгаагаар. /Муу юм олж харахгүй, өөлөхгүй бол болдоггүй хачин нүд шүү энэ хэхэ/
- Бусад асуудал: Аан нээрээ Монголдоо ирсэн шүү, ирсэн. Манайх руу нислэг тийм ч өргөн дэлгэр биш тэр тусмаа өвлийн цагийн хувиарт шилжээд нислэг ховордож, онгоц жижигэрч байгаа энэ үед Туркиш бол хэвийн нислэг үйлдэж байна. Дэлгүүр хоршоо энэ тэрээс өөртөө юм авахгүй гэж аль аялалын өмнө шийдсэн байсан болохоор тээвэр, хоолонд л хамаг зоосоо үрж байлаа. Дураараа идээд өлсөөгүй байхад ч хийх юм олдохгүйдээ дахин дахин идээд явсын шанд нилээдгүй зузаараад ирлээ хэхэ.
Дараагийн удаад ямар нэг зорилго тавьж гүйж харайж турдаг юм уу яадаг юм хэхэ. Гэхдээ гэрээсээ хол газар аялахад эрүүл байх шиг сайхан юм хаана байх вэ. Одоо он гаргаад хийх дараагийн аялалаа төлөвлөх санаа байгаа ч Монголын удаан хойрго, хүнд сурталтай, олон улсын харилцаа, шуудан, тээвэр, гэх мэт хөгжлөөс хоцрогдсон тогтолцооноос болоод хойшлох болоод байх шиг. Ухаан нь нэг дамжин өнгөрөх виз авахын тулд Бээжин рүү хамаг материалаа явуулах ч болох юм шиг. Хариу иртэл дор хаяж хагас сар.... Бурхан минь гэж...
Comments
Post a Comment