Он жилийн тоост замаас түр хазайж хүүхэд насандаа эргэн нэг очиж, аз жаргал, хайр, амар амгалан бялхсан, инээд цалгисан балчир үеэ хөндлөнгөөс харах мэт болж зүрхээрээ мэдэрч тодоос тод дурсах хувь санамсаргүйгээр тохиолоо.
![]() |
| Сүүлчийн нүүдэл.... |
Багадаа би номын улаан хорхойтой хүүхэд байв. Энэ зан хаанаас өвлөгдөж ирсэнийг мэдэхгүй ч ном гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй жаал байж. Эрх багадаа ганц л удаа хүндээр өвдөж ээжийгээ зовоосон хүн би. Ханиад ч хүрч үзээгүй байсан юм гэнэ лээ. Тэрийг би өөрөө яаж мэдэх вэ, ээж маань л одоог хүртэл харамсан ярьдаг юм. Миний охин чинь ханиад ч хүрч үзээгүй байж байгаад тэгж гайтай хүнд өвчин тусчих гэж гээд л...
Хагас жил гаран орноосоо босолгүй хэвтэж, бие арай гайгүй болсон хойноо ном л нэхдэг байв. Бараг хараагүй болон алдсан надад ном уншуулахдаа аав дургүй байсан ч өөртөө байсан хэдэн номоо нэхэн нэхэн уншдаг байж.
Тэр нь Орос үлгэрүүд, Алтан загасны үлгэр, Алтанхан залаат азарганхан тахиа...
Орос үлгэрүүд номыг аав минь намайг сургуульд орохоос өмнө, хүндээр өвдөхөөс өмнөхөн бүтэн хил амлимтай цуг хүүхдүүдээ гээд авчирч өгч байсныг одоо ч би сайн санадаг. Угаас аав минь хүүхддээ унших ном, хэрэгтэй гэсэн зүйл, амттай гэсэн бүхнийг авч өгөхдөө гар татдаггүй хэдэн хүүхдээ ихэд эрхлүүлдэг хүн л дээ.
Цэл залуухан аав минь зургат ном алим авчирч биднийг баярлуулж байсан дурсамж дэндүү амттай. Алимны үнэр шингэсэн шив шинэхэн номыг ихэд нандигнан хуудас болгоныг нь болгоомжтой эргүүлэн зургуудыг нь удтал шохоорхон ширтдэг байлаа.
Өөрөө түгдрэлгүй уншиж арай л чаддаггүй балчир байсан тул тийнхүү зургуудыг нь шохоорхдог байж. Миний дээд талын эгч надад үлгэр бүрийг нь ээлжээр намуухан дуугаар уншиж өгнө, өглөө гэрийхнээ ажил сургуульдаа явсан хойгуур гэрийн хоёр талын орон дээр унтаж хоцорсон бид хоёр сэрээд бие биенээ дуудаж, хэн нэгнийхээ хөнжилд орж хэвтээд тийнхүү эгч минь надад тэрхүү номын үлгэрүүдийг уншиж өгдөг байж дээ... Хичнээн дахин уншуулсан ч уйдахыг мэдэхгүй гэнэхэн үе минь. Энэ бол миний хүүхэд насны хамгийн гэгээн дурсамжуудын нэг.
Цаг хугацааны уртаас урт зурвасыг давуулж, тэртээд үлдсэн хүүхэд насны минь гэрэлт өдрүүдэд хөтлөн аваачсан нэгэн бол блогчин дүү Брээмн.
![]() |
| Амжиж очиж үзээрэй. |
"Үүлсийн чимээ" үзэсгэлэнг үзэхийг өөрийн биеэр хичээнгүйлэн урьсан дүүгийнхээ үзэсгэлэнгийн нээлтэд хувийн шалтгаанаас болж оролцож чадаагүй ч санан санан байж маргааш нь зорьж очсон нь тэр.
Ямархуу зургууд тавигдсаныг төдийлөн сайн төсөөлөөгүй, монгол зураг л гэсэн бодолтой танхимд явж орсон би эхний хэдэн зургаас л хүүхэд насаа олж харж дотроо дуу алдсан нь тэр.
Байн байн зураач дүүгээ дотроо өхөөрдөж, бахархаж бас баярлаж зураг болгоны нь өмнө удтал эргэлдсэн дээ.
![]() |
| Борооны хатагтай.... |
Цонхны тавцан дээрхи цэцэг. Чухамдаа бол миний нөхрийн тарьсан нимбэгний бяцхан модноос ургасан цэцэг. Гэрт минь байгаа амьд байгалийн хэлтэрхийнүүд. Цэцгийн хөрсөнд суулгасан хясаа, түүнээс цааш уулсын зүг ширтэхэд үүлс ч бас миний нүдэнд харагддаг...
Тэр ийн бичжээ...
![]() |
| Хонх намуухан хирнээ уянглаг жингэнэж, бас цаг хугацаа үл зогсон үнэт мөчүүдээ чимх чимхээр гээсэээр амьдрал нүүж явна... |
![]() |
| Хүүхэд нас минь эргээд л ирэх шиг болсон. Хаа нэгтэй гээгдэж үлдсэн хамгийн дотно хүмүүсийн минь дүр зураг зурсхийх ч шиг... |
![]() |
Амьдрал бол үлгэр юм...
Хөл нь үгүй, хөвөө нь үгүй далайд гэзгээ хийсгэн хөвөх ч
аминаас нь тасарч гарах аялгуу ямархан эрч хүчээр
урагшилж буйг илтгэнэ..
|
...Байгалийг бишрэн шүтдэг уран бүтээлчийн хамгийн эхний эрэл хайгуул байгалиас, өвс ургамалаас, модноос үүлс бас уулнаас, салхинаас, борооноос, цаснаас, хайраас сэтгэлээс эхэлдэг. Цас бороо, үүлсээс ирсэн чимээ миний зүрх сэтгэлээр дамжин уран бүтээлд минь илэрдэг...
Тэр ийн хэлжээ...
Дүү мину...
Үзэсгэлэнд тавигдсан зургуудыг үзэж явахдаа түүний бичлэгүүд санагдаж, тусдаа гарах гэж тэмүүлж, түрхэн зуур амьдрах байшиндаа засвар хийхийг санааширч, цонхоор харагдах үзэмжинд сэтгэл баясч буйгаа хуваалцаж байсныг нь санаж, уран бүтээлч хүнд омголон хирнээ баргийн зүйлийг байдаг л юм гэж тэвчин өнгөрүүлэх, тэгсэн хирнээ гэнэтхэн учиргүй гомдох мэт мэдрэмж төрж, бүтээлээ туурвихаар шүүрс алдан суудаг байх гэсэн бодол, далдхан гуниг, мэдрэмж төрж байлаа.
![]() |
| Амьдралын далай.... |
![]() |
| Энэ бол түүний гэр бүл байх. Амьдралын баялаг далайгаас цомхоон хэрнээ гэр бүлээ цогцлоох амины хэдэн зүйлсээ ганц нэгээр цуглуулж буй шуналгүй амгалан нэг нь түүний хань байх... |
![]() |
| Амьдралын далайд асар их баялаг бий... |
Уран бүтээлдээ хэзээ ч нийгмийн элдэв барааныг тусгахыг хүссэнгүй. Энэ бол амьдрлын хатуу бараанаас айсан бас нуугдсан гэсэн үг биш. Өөрийн дотоод сэтгэлийг ухаж төнхөн хэмлэн чангаасан эрэл, өөрөөрөө дамжин байгал руу хийсэн эрэл эдгээрийн үр дүн гоо сайхан, амар амгалан болон дотоод сэтгэлийн хязгааргүй төсөөлөл рүү тэмүүлнэ...
Тэр ийн бичжээ...
![]() |
| Цаг хугацаа амсхийх зуур. |
Түүний зургуудаас амьдралын гэрэл гэгээг мэдэрч, хүүхэд насандаа эргэж очиж,хаа ч юм бэ хэзээ ч юм бэ гээчихсэн үлгэрийн номоо эргээд сөхөх мэт мэдрэмж төрсөн. Хөх цувралууд нь Марк Шагалын тосгоны дурлалуудыг сануулж, энэ зургуудаараа сайхан гэгч нь Wallpaper хийгээд онлайнаар тараавал бут авна даа гэж бодсоор блогчин дүүгийнхээ үзэсгэлэнгээс гарсан билээ л...
Үүлсээс ирсэн чимээ, Миний сэтгэлийн чимээ, Миний уран бүтээлийн чимээ...
Тэр ийн бичиж ээ...



















Яг л шидэт үлгэрийн номны зурагнууд шиг яасан сайхан зурагнууд вэ үзэсгэлэн нь хаана болж байгаа бол үзэхсэн
ReplyDeleteТуушин зочид буудлын 1 давхарт 976 Art Gallery
DeleteСайн бн уу МР эгч минээ. Сая л таны бичлэгийг олж харлаа. Ямар гайхалтай бичээ вэ. Уяраад нулимас цийлэгнээд ирлээ. Хэн нэгэн хүн миний ажилийн талаар ийм сайхан бичсэн байхыг олж харна гэдэг гайхамшиг юм байна. Танд үнэхээр их баярлалаа
ReplyDeleteДүү мину. . . Уран бүтээлийн өндөр амжилт хүсье
DeleteWow uzesgeleng n uzsen yum shig l bolloo. Zurguud taalagdlaa, bas ih goy bichsen bna.
ReplyDeleteБаярлалаа. Золбоо гэж зураач охины нэрийг тогтоогоод аваарай ккк
DeleteЯмар гоё зургууд вэ, яг л үлгэрийн оронд очсон мэт. Үзэсгэлэнг хүний сэтгэлд хүртэл бичжээ. Ийм гоё зурдаг зураачид уран бүтээлд нь улам их амжилт хүсэе.
ReplyDelete