Хаврыг бүүдгэр тэнгэртэй өдөр...
Элдвийн л юм бодох, тэр бүрийг бичихээс залхуураад л байх юм.
Хэд хоногийн өмнө уулзалтанд очлоо л доо. Ер нь сүүлийн үед тиймэрхүү уулзалт ярилцлага янз бүрийн олон нийтийн арга хэмжээнд оролцож тархи оюунаа сэргээх дуртай болоод байгаам.
Энд бичих гэж байгаа уулзалтанд бол хоёр бүсгүй оролцсон. Хоёулаа үлгэр жишээ болох, залуу хүмүүст биеэр дуурайл болох хүмүүс.
Нэг нь Монголдоо томоохонд ордог группын эзэн, гэхдээ нөхөр нь захирал юм байна лээ л дээ. Өөрөө ТУЗ-ын ч дарга юм уу даа.
Эзэмшил болон хөрөнгө оруулалттай компаниудад нь Хаан банк, Кемпенский зочид буудал, Улаанбаатар гурил, Эйрлинк, Говь, Жуулчин гэх мэт зөндөө том компаниуд байгаа KFC, Нагоми япон хоол, Мираж ресторан ажилуулдаг гэхээр ямар группын тэргүүн хатагтай гэдэг нь ойлгогдож байгаа биз?
Нөгөө нэг бүсгүй нь бол АНУ-ын иргэн, эндэхийн корпусын захирал. Нэг мужийн их сургуулийн дэд ерөнхийлөгч байсан эмэгтэй.
За тэгээд энэ хоёр бүсгүй өөр өөрийн амьдралаа ярилаа.
Монгол бүсгүй нь өөрөө дипломатчийн гэр бүлд төрсөн, сайн эцэг эхийн буянаар багаасаа гадаадад сургуульд сурсан гэнэ. Тэгээд нөхөртэйгээ танилцаад суугаад нөхрөө дагаж Японд амьдарч байгаад удалгүй зах зээл эхлээд нутагтаа буцаж ирээд бизнес эрхэлсэн, 4 хүүхэдтэй.
Америк эмэгтэй хар арьстай, багаасаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах янз бүрийн хандлагад өртөж байсан, тиймээс онц сурч үргэлж шилдэг нь байхыг хичээдэг тэмцдэг байсан бөгөөд төгссөн сургуулийнхаа түүхэнд 5 дахь өнгөт арьстан нь байсан. Олон цагаан оюутан дунд ганцаараа хар арьстай, гараасаа ичиж ширээн доогуур нуудаг байсан гэж дурсаж байна лээ. Нөхөргүй гэж ойлгосон. Хүүхэд төрүүлээгүй ч 2 хүүхэд өргөж аваад одоо ач зээгээ үзсэн хүн.
Эрэгтэй эмэгтэй хүний байр суурийн талаар Монгол эмэгтэй уламжлалт хандлагаа дагаж нөхрөө дээдэлдэг, тэргүүнд байх ёстой гэж үздэг, хэзээ ч урдуур нь орж гүйхгүй гэхдээ л эмэгтэй хүн хэн ч биш хүүхдээ өсгөөд амьдрах ёсгүй эр хүн шиг эрх тэгш хүсснээ хийж хөдөлмөрлөж амьдрах ёстой гэж боддог. Азийн бусад улсуудыг бодвол Монгол эмэгтэйчүүд хамгийн азтай, дайчин гэж боддог гэнэ. Японд нөхрөө дагаад очсон байхад нь тэндэхийн хүүхнүүд монгол эмэгтэйг чи битгий нөхөртэйгээ эн чацуу инээж ханиагаад яваад бай чимээгүй бай, нөхрөө хүндэлж байнга сүүдэрт нь бай гэсэн утга бүхий зүйлс их хэлдэг шаарддаг байсан гэнэ.
Энэ нь мэдээж тэр эмэгтэйд огт таалагдахгүй. Би монгол хүн манайд эмэгтэй хүн дорд үзэгдээд байна гэж байхгүй яахаараа би өөрийгөө хязгаарлах ёстой юм, би ажиллана хүссэн зүйлээ хүйсээсээ хамааралгүй хийж хөдөлмөрлөнө гэдэг байсан үүнээсээ ч улбаалаад нөхөртөө нутаг буцах санал тавиад дагуулаад ирсэн гэнэ л дээ.
Ирээд удалгүй зах зээл эхэлж нялх бага хүүхдүүдтэй орлого байхгүй амьдрах хэрэгтэй өөрт байгаа хийж чадах юм нь хэл соёл сайтай байж. Нөхөр нь япон хэлтэй өөрөө англи хэлтэй хоёул мэдээж орос хэлтэй, гадаадад танил ихтэй иймд гадаад худалдаагаар ажлаа эхэлж байж.
Америк хүүхний хувьд багаасаа л карераа хөөж л дээ. Хамгийн шилдэг нь байх ёстой гэж бага сургуульдаа онц сурдаг байсан хүн оюутан болоод сурлага нь буураад эхэлж. Арьс өнгөний үзлийн дарамтаас болсон юм байх. Гэр бүлд нь боловсролтой хүн байхгүй, тусалж дэмжиж чадахгүй тул маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болсон гэнэ. Хичээлийн хажуугаар 3 ажил хийдэг, бас болоогүй бөөн амбицтай. Албархуу хувцас өмсөөд албан хүмүүсийн хажууд очиж зогсоод албархуу дүр үзүүлээд л явдаг байсан гэсэн хэхэ. Гэхдээ хүн хаанаас гарч ирсэн юу хийж яаж хүн болсноо хэзээ ч мартаж болохгүй гэж хэлж байна лээ. Бас амбиц хөөгөөд явахаар гэр бүл ойр дотныхонтойгоо харьцахад бэрхшээл гардаг, тэдэндээ цаг бага зарцуулдаг гэсэн. Эмэгтэй хүн 100% эрчүүдтэй эрх тэгш байх ёстой гэж боддог гэсэн байх.
Монгол эмэгтэй хамт ажилладаг хүмүүсээсээ их урам авдаг. Яг би чамайг ийм болголоо гэж өөрөө хэлэхгүй ч хамт ажилласан залуус нь тэр хүнээс суралцаад амжилттай явааг нь хараад өөрөөрөө бахархдаг. Залуус нь захирлаа танаас зөндөө юм сурлаа гэж ч хэлдэг. Зарим нь өөр ажил хийдэг болсон ч холбоотой байж баярлаж таларснаа илэрхийлдэг, алдаа оноогоо хуваалцаж зөвөлгөө авдаг хэвээр байдаг энэ нь маш их урам зориг өгдөг гэж байна лээ. Өнөөгийн өндрөлөгөөс эргээд харахад айхтар бэрхшээл байгаагүй яагаад гэвэл би бүгдийг даваад ардаа үлдээжээ тийм болохоор тулгарч байсан хүндрэлүүдийг одоо хэцүү байсан хүнд бэрхшээл гэж бодохгүй байна гэсэн.
Чөлөөт цагаараа бүжиглэх, нөхөртэйгээ амралтын өдрөөр ууланд алхах дуртай. Харин нөхөртэйгээ нэг зарчим баримтладаг нь гэртээ, орон дотроо ажил ярихгүй байх гэнэ. Бие биенээ хайрлаж халамжилж байгааг нь үр хүүхэд минь хараад тийм хүн болж өсөх ёстой гэж боддог гэсэн.
Америк эмэгтэй хөөмийд их дуртай, өөрөө дуулах дуртай, чөлөөт цагаараа ном уншдаг, адал явдалт зохиолыг дотор нь орж уншаад бүр орилж амандаа үглээд хөөе хөөе тэр чинь биш ээ жинхэн гэмт хэрэгтэн нь өөр хүн гэхчлэн ганцаараа номтойгоо "маргаж" "зөвлөж" унших дуртай гэнэ.
Амьдралын бэрх үед бол эмээгээ бодож урам авдаг гэсэн. Эмээ нь боол байж л дээ хөөрхий. Хүнд ажлын дараа савлуурт сууж уламжлалт ардын дуугаа амандаа гунганан аялж амардаг байсан тэр дүр зураг ой тоонд нь үүрд үлдсэн гэнэ. Тухайн үед хар арьстай хүн байхын зовлон, боол байхын учирыг ойлгодоггүй ийм л байх ёстой гэж боддог байсан юм байхаа. Хожим учрыг мэддэг болоод эмээгээ өрөвддөг, үгүйлдэг, дотроо хайралдаг болсон юм уудаа. Ядарсан үедээ эмээ шигээ л сандал дээр дуу гунганаад савалж сууж, эмээгээ бодохоор их хүч авдаг гэнэ лээ.
Ярьсан зүйлсийг тоймолвол нэг иймэрхүү. Миний хувьд монгол эмэгтэйгээр бахархсаан. 4 хүүхэд төрүүлж, өсгөхийн хажуугаар тэр олон хүнтэй том компанийг удирдаад нөхөртэйгээ зэрэгцээд хөдөлмөрлөж, олон хүний аж амьдралыг авч яваагаар нь бахархахгүй байх аргагүй.
Америк эмэгтэй ч ялгаагүй, карьер, ажлынхаа төлөө амьдралаа бүрэн золиосолж чадаж тэмцсэнийг нь харахад мундаг гэхээс яахав.
Comments
Post a Comment