Тэнэж төөрч явсаар чамдаа буцаж ирлээ
Тэвэрч халалглан угтах цор ганц хайр минь
Халуухан биеийн элч, орь насаа өгсөн
Хамаг сэтгэлийн итгэл, жигүүр болсон шүлэг минь...
Нээрээ нутгаа санаж эхэлж байна даа... Гэрээс гараад бараг 2 сар өнгөрч. Энэ хооронд хэдэн улс дамжиж хэрэн тэнэсээр яг одоо 7 дахь улсдаа ирчихсэн байна. "Аз болж" дараагийн улс руугаа явах аялалаа цуцласнаар энэ оны эцсийн томилолт өндөрлөх тийшээ хандав. Тэгээгүй бол тэнэсээр бараг гэрээ мартсан Гэсэр хаан болох байжээ.
Дайн дажин, өлсөглөн, үймээн бужигнаантай Лалын улсад ирнэ гэж огтхон ч төсөөлөөгүй явж байгаад гэнэтийн шийдвэр авч ирэх болсон маань оны онцлохоор тодорч мэдэх ч хувь заяаны төөрөг гэлтэй.
Аль хэдийнээ мартаж орхисон араб цагаан толгойгоо сэргээх шаардлага ч тулгарах шиг. Монгол бичгээ ч сэргээж чадахгүй байгаа хүн яаж ч Арабаа сэргээх билээ гэж бодож байгаа ч оролдоод үзвэл болохгүй юмгүй. Жилийн дараа гэхэд ядаж хүмүүсийн нэрийг уншихтайгаа болох байх гэж мөрөөдөх ч шиг ккк.
Араб ертөнц, Ливийн иргэний дайн, Муаммар Каддафийн үхэл, лалын хаврын талаар хэдэн цагийн турш цэц булаалдан ярьж, буу барьж гох дарсаар чулуу болтол хатуурсан гарын эрхий хурууны булчингаа бусдаас нууж сэмхэн үзүүлэх анд нөхдөөсөө салах дөхөх тусам гэрээ санах нь нэмэгдэхийн засвар бас бага зэрэг гунигтай ч юм шиг мэдрэмж төрөх.
Эртний тавьсан ерөөлөөр энэ өвөрмөц ертөнц, орон зай руу дөхөх зам минь шулуун дардан байсанд талархнам.
Comments
Post a Comment