Зээ тэгэхээр хавар болж гэнэ цаана чинь. Уртаас урт, хамаг юмыг хамж шимсэн бичлэг оруулъя байз.
Би нь хэд хоног үхэр шиг унтлаа. Хаврын ядаргаанаас салахгүй байх шиг байна. Унтаад овоо бие сайн, туйлдаж уналгүй шиг хаврыг өнгөрүүлж байна гэвэл залуу хүн байж юу яриад байгаан гэх байх даа манай ээж хэхэ.
Шилэн нүдээ хамар дээрээ сайхан тохож аваад бичлэг бичье гээд ороод ирлээ. Нүд гэснээс яг суугаад чармайлттай ажиллах гэхээр нүд, бөгс хоёр л намайг суулгахгүй юм аа. Бөгс маань шалчийгаад байгаа нь мэдэгдээд ч байх шиг мэдэх тусмаа яс суугаад нэг юмаа нухах дур хүрэхгүй болсон харайгаад зогсчихоод байна хэхэ.
Нүд бол арай илүү мэдэгдэхүйц зовиуртай. Нэг нүдний хараа нөгөөхөөсөө илүү муудсан нөлөөлдөг юм уу миний нүд л ингээд байна уу нүд рүү хатгаад ч байх шиг нүднээс юм татаад ч байх шиг ачаалал мэдэгдээд болдоггүй... Уг нь нүдний даралт энэ тэр алгаа л гэсэн. Гэхдээ шил зүүхээр нүд сайхан хөнгөрөөд байдаг ч шилээ тогтмол зүүж нэг л болохгүй нь бүр хачин.
Би бодохдоо тархины гэмтэлтэй бас холбоотой юм уу гэж таадаг, ядрахаар л муудаад ядрахгүй бол буцаж сэргээд байх шиг санагдаад байдаг юм.
Биеэ энэ мэтээр чагнаад л байх, хааяа энэ муу биедээ зөндөө баярладаг байхгүй юу. Гамгүй эдлэнэ, осолд ч орлоо, хүндээр ч өвдлөө, энд тэндээ өч төчнөөн том жижиг гэмтэл авч байлаа, гоо сайхандаа ч анхаарал ч олигтой тавьсангүй тэглээ гээд гомдохгүй намайгаа өдий болтол чирээд яваад байдаг биедээ баярлахгүй яахын тэ? Биеэ хайрлацгаая ахан дүүсээ.
Одоо л гэхэд тохойгоо сайрттал хивсэн дээр хөлбөрч байна. Нэг муу зан байдаг нь тохойлдож юм бичдэг, утсаа ухдаг зан. Тэгээ л нөгөө тохойны арьс харлаад улайгаад, сайртаад явчихна. Тодоос тод байхыг нь яана. Энэ зуршлаа хаячихмаар л байх юм.
За оршил болгоод өөрийнхөө хамаг муу муухайг тооччихлоо хэхэ. Гадагш ажлаар явж ирэхээр дараа нь нэг хэсэгтээ л шар гозойх ч шиг, дургүй хүрэх ч шиг, урам хугарах ч шиг, тэгснээ бүр илүү чармайх ч шиг болдог байхгүй юу.
Гадны орнуудад залуус нь нэг сонгосон замаараа тууштай, цуцалтгүй урагшилж байхад бидэнд тийм боломж олдохгүй аль боломжтой гэсэн рүү үсчиж, барьснаа хаяж, өөрийг барьж тэгснээ дахиад хаясаар насаа барах болж байгаадаа гутраад байдаг юм.
Нэг юм тууштай хийх гэхээр боломж нь хомс, саад бэрхшээл гарч ирээд тэр саадыг давахын тулд өөр юм руу орох хэрэг гарна, саад бэрхшээлийг арилгахаар үгээ хэлж цоролзсоор нийгмийн идэвхтэн, улс төрч ч болж байх шиг эсвэл өч төчнөөн жил хийгээд юунд ч хүрч чадахгүй тул орхино ч гэх юм уу нэг тийм ороо бусгаа. Яг сонгосон амьдарлаараа явж байгаа хүмүүс өөр байх л даа. Гэхдээ бүхний шалтгаан нь явсаар Төр засаг, бодлого шийдвэрт тулаад байх.
Би ганцаараа ингээд байна уу гэж бодоод хэд хэдэн залуустай ярилцаж үзлээ. Гэтэл бүгд хүсэл мөрөөдөл нь өөр байсан, одоогийн хийж байгаа ажил нь бол тэдний хүссэн, зорьсон, мөрөөдсөн ажил нь биш гэнэ. Бас л над шиг нийгмийн, ахуй амьдралын саадаасаа болоод өөр ажил хийгээд яваад байгаа юм байх. Суръя гэхнээ тэтгэлэггүй, төлбөр нь өндөр байсан тул төлбөртөө тааруулаад мэргэжлээ сонгосон, аль эсвэл мөрөөдлийн мэргэжлээ сонгосон ч ажил олдохгүй юу тааралдснааа хийгээд яваад байна гэж байна.
Яг өөрийгөө зовоож байж хэл ус сураад, мөрөөдсөн мэргэжлээ гадаадад өөрийн чадлаар, өөрийн хөрөнгөөр эзэмшээд нутагтаа иртэл ажилд авахгүй, авсан ч яг мэргэжлийн дагуу биш өөр ажилд томилох, эсвэл чадалтай ганц хүн ирлээ гэж сайн муу бүх ажлыг нуруун дээр нь тохсоор тэгээд хүний төлөө, бусдын төлөө хийсээр өөрийгөө хаяж, бага цалинтай, ажил ихтэй, чөлөөт цаг багатай өөрийн хүсснээрээ биш бусдын хэрэгцээнд тааруулан амьдарч байгаа ч гэх шиг...
Гол нь энэ бүхний цаана амьдарлын баталгаа нь байхгүй байна гэдэг л залуусын урам зоригийг мохоож байна даа. Би ч ялгаагүй, одоо бусдын төлөө гэж сайн муу элдэв ажил хийж загнуулж, зандруулж, чичлүүлж, элдвээр хэлүүлж ховонд орж явахаар дуугай л арилаад өгмөөр байна хэхэ.
Энэ бүх бодлын эхлэл нь сая Францад очихдоо CERN гэх Европын цөмийн судалгааны агентлагийхантай уулзсантай л холбоотой юм. Тэнд ажилладаг залуустай ярилцах боломж гараад сониучирхаад асуутал харин тэдний улс нь тэр агентлагтай гэрээтэй тул физикч оюутнуудаа сурлагыг нь харж байгаад ч юм уу тэнд дадлага хийлгэх эрх өгдөг, 3-р курсээсээ эхлээд дадлага хийсээр Магистр, Доктороо хамгаалдаг гэнэ л дээ. Тийм том газарт ажиллаж байгаа тул тэтгэлэг бол асуудал биш өөрөө чармайгаад, сонгосон замаараа тууштай явахад боломжууд бол нээлттэй гэх юм. Боломж чинь бэлэн байнаа, одоо бүх юм өөрөөс чинь шалтгаална, хичээ чармай гэсэн үг юм уу даа.
Ерөнхийдөө 110-д орноос 12.000 орчим судлаач оюутан, эрдэмтнүүд ирж ажилладаг гэх шиг болсон. Монголчууд байна уу гэтэл байж магадгүй, гэхдээ бид энд Монгол хүнтэй тааралдаж байгаагүй гэлээ.
Би өөрөө тоо, физик гэхээр шууд зугтаадаг тул надад хэрэгтэй биш л дээ гэхдээ дараа нь сониучирхаад веб-с харж үзтэл харин өнгөрсөн жил л манай нэг том дарга тэнд очсон, тэгээд Монгол оюутнуудыг дадлага хийлгэх гэж ярьж байгаа, гэрээ байгуулсан гэсэн мэдээ байх. Оройтсон ч гэсэн оргүйгээс охинтой нь дээр овоо доо гэж бодлоо гэхдээ үүнээс улбаалаад л манайхан үндэсний сэхээтнүүдээ дэмжих ямар ч бодлого, хөтөлбөр, тэтгэлэг байхгүй залуус хичнээн бор зүрхээрээ зүтгээд тэгээд эх орон, төр засаг нь анхаарахгүй юм бол яана вэ гэж харууслаа.
Миний мэргэжлээр ч үндэсний, эсвэл олон улсын тухайлсан тэтгэлэг байдаггүй. Тиймээс наашаа харсан болгоныг царайчилж, хүн амьтнаас мэдээлэл гуйж түүж боломж хайж явдаг болохоор ганц манай мэргэжил ч биш бүх салбар нэг иймэрхүү ороо бусгаа байгаа юм байна даа гэж бодоод.
Гэхдээ улам илүү чармайж бор зүрхээрээ борц болтлоо зүтгэхээс өөр арга алга гэж өөртөө хэлээд дурамжхан царайлаад л сууж байна.
Бор зүрхээрэээ борц болсон. Одоо бантанд орох үлдлээ :)
ReplyDeleteхэхэ зүркээ лантуудаад зөөллөх болжээ хэн хүнгүй
Delete